8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүрэг иргэдээс 278 сая төгрөгийн хандив авсан ноцтой зөрчил илэрлээ

2017-11-10 09:08:00

АТГ нийслэлийн дүүргүүдэд хяналт шалгалт хийжээ. Багахангай, Чингэлтэйгээс бусад дүүрэгт 60 албан тушаалтныг бүтцийн өөрчлөлтөөр нэрээр ажлаас нь чөлөөлж тэдэнд 92.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Шүүхийн шийдвэрээр ажил албанд нь эргүүлэн томилсон 7 албан тушаалтанд 58.3 сая төгрөгийн нөхөн олговор олгосон ноцтой зөрчил илэрчээ.

Энэ нь  Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасныг Авлигатай тэмцэх газраас 9 дүүргийн удирдлагуудад анхааруулсан байна.

Баянзүрх дүүрэг нь 2015 онд 50 жилийн ойн баяр тэмдэглэн  ойн арга хэмжээнийг дүүргийн харъяа “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв” ОНӨҮГ-аар дамжуулж зохион байгуулсан бөгөөд нийт 597 иргэн, аж ахуйн нэгжээс 278 сая төгрөгийн хандив авсан ноцтой зөрчил илэрчээ. Монголд аймаг сум, нийслэлийн баяраа  хутга тавихгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэхдээ голдуу нутгийн иргэдээс хандив тусламж авч, ойн баяраа тэмдэглэдэг нь нууц биш ээ. Үүний томоохон жишээ Баянзүрх дүүргээс харагдаж байна. Үүнээс гадна Багахангай дүүрэг 2015-2016 онд нийт 84 сая төгрөгийн хандив авсан зөрчил бас илэрчээ.

Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Багахангай дүүрэг 2015-2016 онд нийт 84 сая төгрөгийн хандив авсан нь мөн хууль зөрчсөн болохыг тогтоосон байна.

Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.3-т “энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана” гэсэн заалтыг зөрчиж хөрөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Багахангай дүүрэг “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг, “Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг, Баянзүрх дүүрэг волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг, Чингэлтэй дүүрэг шагнал, урамшуулалд 132 сая төгрөг гэх мэтээр Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал урамшуулал, баяр наадам, тэмцээн уралдааныг зохион байгуулахад зарцуулж байгаа нь Авлигатай тэмцэх газрын анхаарлыг татаж байна.Нийслэлийн дүүргүүдийн санхүүгийн зарцуулалтаас харахад ихэвчлэн ой тэмдэглэх, тэмцээн уралдаан зохион байгуулахад нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан байна.

Тиймээс Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т заасан “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг цаашид анхаарч үзэх хэрэгтэй болж байгаа юм.Анхаарч үзэж арга хэмжээ авахгүй бол ой тэмдэглэхэд ард иргэдээс 278 сая төгрөгийн хандив авч тэмдэглэсэн байх жишээтэй. Үүнийг төр анхаарахгүй бол Засаг дарга нар хандивын мөнгөөр туйлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment