Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэй ажилтнаа зодож, улмаар хэрцгийгээр хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт гарч, олныг цочирдуулсан. Одоогоор хохирогч эмэгтэй биеийн байдал тааруу байгаа бөгөөд хоёр ч хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж байна. Өмнө нь хэд хэдэн удаа хагалгаанд орсон бөгөөд өнөөдөр давсагсны угсраа хагалгаанд орох гэж байна.
Хохирогч эмэгтэй Б-г хагалгаанд оруулахын тул ар гэрийнхэн нь ард түмнээс тусламж гуйсан бөгөөд 1 сая төгрөг цугласан байна. Хохирогч урт удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд ар гэрийнхэн банкнаас хүртэл зээл авсан байна.
Хэргийн буруутан Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хэрэг үйлдсэнийхээ дараа 1 сая төгрөг хохирогчийн талд өгсөн байдаг. Түүнээс хойш нэг ч мөнгө өгөөгүй бөгөөд ар гэрээс нь холбоо ч барихгүй байгаа талаар хохирогч талынхан мэдээлж байсан. Энэ талаар хохирогч эмэгтэй Б-ийн ээж В.Бадамсүрэн “Охины минь биеийн байдал хүнд хэвээрээ байгаа. Байнгын асаргаа, сувилгаатай хэвтрийн байдалд байна. Тэр жигшүүрт хэрэг гарснаас хойш манай амьдрал хар дарсан зүүд шиг болсон. Цэл залуухан шүү дээ, миний охин чинь. Амьдралаа сайхан авч явах гэж төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан юм. Хэргийг үнэн мөнөөр шийдэх байх гэж хуулийн байгууллагад л итгэж байна” хэмээн ярилцлага өгчээ.
Мөн үүнээс гадна жигшүүрт хэрэг үйлдсэн сэжигтэн Д.Ханбаатар болон Засаг дарга Г.Ариунболд нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь ярьсан байна. Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдүүд одоог хүртэл албан тушаал хаших эрх нь нээлттэй хэвээр байгаа гэсэн үг. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.