-15o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Буяннэмэхийг цагаатгасныг хэвээр үлдээжээ

2017-11-10 15:41:51

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг  хянан хэлэлцжээ. 

Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашин дотор амь хохирогч П өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед П-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Д.Буяннэмэхийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэн,  гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэжээ. Ингэхдээ Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхсын эмнэлэг дотор эхнэр хүүхдээ үлдээгээд улавч авах зорилгоор дэлгүүрт орох үедээ  амь хохирогч П-гийн “ломбарднаас утас чөлөөлүүлэх” талаар ярихыг сонсож, П-гийн утсыг ломбардаас чөлөөлж, утсыг нь худалдан авах зорилгоор хамт явж, банкнаас мөнгө авсан болох, өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашины жолоочийн суудалд сууж байхад нь амь хохирогч П түүний араас хэд хэдэн удаа хутгалж довтолсны улмаас хамтдаа автомашины хаалгаар унаж, улмаар Д.Буяннэмэх өөрийн автомашиныг жолоодож яваад замын цагдаад “амь авраарай” гэж хэлэхэд цагдаа түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн үйл баримт  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн байна. Түүнчлэн амь хохирогч П нь Д.Буяннэмэх рүү довтолж түүнийг араас нь түрүүлж хутгалсны улмаас Д.Буяннэмэхийн биед тухайн үед амь биед аюултай хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Эдгээр болон бусад байдлуудыг анхан шатны шүүх нэгтгэн дүгнэж Д.Буяннэмэхийн үйлдлийг бусдын хууль бус халдлага, довтолгооны улмаас өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалт гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна хэмээн үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Харин хэргийг шийдвэрлэсэн хуулийн зүйл хэсгийг шинэ хуульд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар  зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment