8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Баттөр: Гадны улсад ажиллахад тухайн хүний гарал үүсэл, насыг харгалзахгүйгээр ур чадварыг нь хардаг болсон

2017-11-13 09:16:00

Бид энэ удаагийн дугаартаа КанадынTEMBO SOCIAL” компанид вэб програмчинаар ажилладаг Төгсгэрэлийн Баттөр гэх эрхэмийг урьж ярилцлаа. Т.Баттөр 1989 онд  Москвагийн Геологи, хайгуулын дээд сургуулийг гео-физикийн инженер мэргэжлээр төгссөн ч гэсэн хоббиндоо хөтлөгдөн IT инженер болж одоо мэргэжлээрээ Канадад гурван жил ажиллаж байгаа аж. Гео-физикийн инженер мэргэжлээр сурсан хэдий ч хэрхэн вэб програмчин болсон мөн Англи, Япон хэлийг хэрхэн бие дааж сурсан туршлагаасаа бидэнтэй  хуваалцлаа. TEMBO SOCIAL” компанийн вэб програмчин Т.Баттөртэй ярилцсанаа хүргэж байна.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ярилцлагын урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Та Канад улсад мэргэжлээрээ IT инженерээр ажиллаж байгаа гэсэн. Хэзээ анх Канад руу явсан бэ. Ямар шалгуурыг хангаж ажилд орсон бэ?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 1989 онд  Москвагийн Геологи, хайгуулын дээд сургуулийг гео-физикийн инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд 1989 онд сургуулиа төгсөөд Монголдоо ирээд олон газар ажилласан л даа. 2008 онд Японы элчин сайдын яаманд ажиллаж байгаад  Английн Бирмингем хот руу явсан. Миний мэргэжил гео-физикийн инженер ч гэсэн би компьютерийн программ хийх маш их сонирхолтой байсан. Зарим программыг бие дааж хийдэг байсан. Тэгээд Англи улс руу гэр бүлээрээ явсан. Би тэнд Бирмингем хотын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны мастерын хөтөлбөрт суралцах хүсэлтээ өгч тэнцээд нэг жил сурахаар явсан. Тэгж анх IT инженерийн албан ёсны боловсрол эзэмших эхний алхамаа хийсэн. Тэгээд Английн Бирмингем хотод сураад IT-аар ажлаад дөрвөн жил болчихоод эх орондоо ирсэн.

Ирэхээсээ өмнө Канадад мэргэжилтэй ажилтан авах хөтөлбөр, буюу цагаачлалаар авдаг хөтөлбөрт өргөдөл өгчихсөн байсан. Тэгээд Монголд ирээд нэг жил болж байхад миний хүсэлтийг хүлээн авч Канадад тогтмол амьдрах эрх нээгдсэн. Тэгээд гэр бүлээрээ Канад руу явсан. Тухайн үед би ажиллахаас гадна манай хоёр хүүхэд Канадад гайгүй сургуульд сурах хүсэлтэй байсан. Одоо би Канадад TEMBO SOCIAL гээд компанид вэб програмчинаар ажиллаж байна.

-Тухайн үед таньд ямар гол шалгуур тавьсан бэ. Гадаадад мэргэжлээрээ ажиллана гэдэг бас хүн бүхний хийдэг ажил биш шүү дээ?

-Канад мэргэжилтэй боловсон хүчин авахад онооны системээр авдаг. Тухайн заасан оноог авахын тулд ажлын туршлага, ямар боловсрол эзэмшсэнийг мөн харж оноо өгнө. Мөн англи, франц хэлний мэдлэгийг шалгаад оноо нь хүрсэн тохиолдолд өргөдөл өгөх эрхтэй болдог. Хамгийн гол шалгуур нь хэлний мэдлэг байх ёстой.Тухайн үед би TOEFL, IELTS-ийн шалгалт өгчихсөн, оноо тэнцсэн байсан. IT инженерийн мэргэжил эзэмшихээсээ өмнө Японы элчин сайдын яаманд ажилладаг байхдаа программ хийдэг байсан. Тэгээд Англид IT инженерээр сураад ирсэн болохоор ажиллах боломжтой болсон. 

-Тэгэхээр та хоббиндоо хөтлөгдөөд сүүлд IT инженер болсон гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Би арван жилдээ математикийн хичээлд дуртай байсан. Тийм ч учраас гео-физикийн инженер мэргэжлийг сонгосон. Гео-физикийн инженер гэдэг нь маш олон хэмжилтүүд хийгээд цуглуулсан өгөгдөлүүдээ ашиглаад мэдээллээ боловсруулдаг. Тоонд сонирхолтой байсан болоод ч  тэр үү компьютер их сонирхдог. Монголдоо ирээд ажиллаж байх хугацаандаа дандаа ямар нэгэн программ сонирхож судалдаг байсан.

-Таны хамгийн анх ямар программ хийж байсан бэ? 

-Зах зээлийн үед манай монголчууд Хятад руу арьс шир их гаргадаг байсан. Арьс шир зөөдөг машинуудад зөвшөөрөл өгдөг газрын албан тушаалтан надад нэг санал тавьсан юм. Машинуудад зөвшөөрөл өгдөг газар нь дандаа гараар бичиж тамга дардаг байсан. Үүнийг хялбаршуулаад программд оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Үүнийг судалж байгаад үйл ажиллагааг нь хялбаршуулаад программд оруулж өгсөн. Тэгж анх бүх машины зөвшөөрлийг миний хийсэн программ дээр шивж зөвшөөрөл өгдөг болсон.

-Одоо та хэдэн программ дээр ажиллачихаад байна вэ. Банкны салбар программ дээр бас ажиллаж байсан гэж сонссон? 

-Канадад дөнгөж очоод банкны салбарын нэг төсөл дээр 6 сарын хугацаанд ажилласан. Тэр төсөл дээр надаас гадна бас зөндөө хүмүүс ажилласан л даа. Банкны зээл, хувьцааны хувьсаж байгааг харуулдаг төсөл программ дээр ажилласан. Үүний дараа TEMBO SOCIAL компанид ажилд ороод ажилласан. Одоо ажиллаад гурван жил болох гэж байна.

-Танай хоёр хүүхэд IT чиглэлд сурч ажилладаг гэж сонссон. Энэ мэргэжлийг сонгоход та нөлөөлсөн үү. Яаж яваад энэ салбартай холбогдсон бэ?

-Манай хүү намайг ажиллаж байхыг хараад энэ чиглэлээр сонирхолтой болсон байх. Миний зүгээс нөлөөлсөн зүйл бол байхгүй. Одоо хүү маань Английн нэг компанид онлайнаар ажилладаг. Охин бол дижитал медиа чиглэлээр сурч байгаа. Дижитал медиа гэдэг нь урлаг компьютер хоёрыг хослуулсан мэргэжил.

-Гадны оронд очиж ажиллахын тулд эхлээд хэлний шалгуурыг  хангахын тулд маш их хичээллэдэг байсан. Харин одоо  хэл бол хэрэглээ болсон. Харин ур чадвартай хүн хаанаас ч хаана ч ажиллах бүрэн боломжтой юм байна гэж ойлголоо? 

-Канадад ажилд авч буй хүнээ 3 сар туршилтаар ажилуулж үздэг. Энэ хугацаанд тухайн хүний ур чадвар, багаар ажиллах чадварыг их хардаг. Мөн ажилдаа хандах хандлагыг маш их хардаг. Хэдэн жилийн өмнө хэлний шалгуур их тавьдаг байсан. Одоо бол ихэнхи хүмүүс хэлтэй болсон. Ер нь гадны улсуудад ажиллахад тухайн хүний гарал үүсэл, насыг бол тоодоггүй. Зөвхөн ур чадварыг нь хардаг болсон.

-Ойрын үед та монголдоо ирж ажиллах уу. Таны ойрын үеийн төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

-Надад бие дааж сурах юм их байна.Хэдэн сарын өмнөөс компьютерын нэг хэл судалж эхэлсэн. Сурах зүйл маш их байна. Би 52 настай. Монголд энэ чиглэлээр ажиллах хэцүү байх. Нас харж ажилд авдаг байх. Тэгэхээр нэг хэсэгтээ тэнд ажиллах бодолтой байгаа.

-Монголдоо IT-ийн салбарт ийм юм хийчих юмсан гэсэн бодол байдаг уу?  

-Мэдээж тийм бодол байдаг. Хэрвээ би Монголд ирвэл хувийн компани байгууллаад ажиллахгүй бол ажилд орох хэцүү. 50 гарсан хүний төдийлөн ажилд авахгүй байх.

-Манай улсад мэдээллийн технологийн салбар хэр хөгжиж байна вэ? 

-Намайг хэдэн жилийн өмнө Англиас ирэхэд вэб сайт хийх түвшинд байсан. Одоо хэр хөгжсөнийг сайн мэдэхгүй байна. IT салбар бүх салбарт хэрэгтэй. Цаг хэмнэнэ. Америк, Канадад бүх салбарт IT маш сайн хөгжсөн.

-Монголынхоо вэб сайтууд руу орж мэдээлэл уншихад хэр ойлгомжтой шинэлэг байна вэ?

-Вэб сайтуудаас мэдээлэл олж уншаад санаа оноогоо бичих боломж байдаггүй юм байна лээ. Гадаадад байгаа монголчууд манай улсад ингэвэл зүгээр гэсэн санаагаа хэлэх боломжгүй байдаг. Ганц боломж нь сэтгэгдэл бичих л боломж байдаг. Сэтгэгдэл бичихээр хүмүүс төдийлөн анхаарахгүй өнгөрдөг. Зарим хүмүүс хэрэгжүүлэх боломжтой оновчтой санаа хэллээ гэхэд түүнийг тухайн сайт ажил хэрэг болгож болно ш дээ. Магадгүй зарим хүмүүс бусад хүний санаагүй оновчтой санааг хэлж байж магадгүй. Зарим хүмүүс төр засагт нөлөөлөх хэмжээний ажил хэрэг ч санаачлага хэлж байж магадгүй. 

-Тэгэхээр та сайт бүр хэрэглэгчдийн булан ажиллуулбал зүгээр гэсэн санаа хэлж байна уу?

-Тийм. Хүмүүс тухайн сайтад санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Хамгийн оновчтой санал, мэдээлэл өгсөн хүний мэдээлэл хамгийн дээрээ ч байрладаг юм уу тэгвэл зүгээр. Ер нь мэдээллийн сайтууд өөрсдийнхөө мэдээллийг тулгадаг биш санал болгодог байвал зүгээр. Тухайн мэдээллийн сайтаас хэрэгтэй мэдээллээ уншихын тулд аккунт үүсгээд ямар төрлийн мэдээлэл хүсч байгаагаа сонгочихдог. BBC news-д ямар чиглэлийн мэдээлэл уншихаа сонгочихдог. Тухайн сайт руу хандахад миний сонирхож байгаа мэдээллүүд хамгийн дээд талд гараад ирдэг. Мэдээлэл унших гэж байгаа сайт руу ороод унших мэдээллээ хайх биш урьдчилж сонгоод шууд сонирхсон мэдээлээ унших боломжтой байвал зүгээр.

Мөн нэг мэдээлэл гараад шуугиад л өнгөрдөг. Тэр мэдээллийн үр дүн үйл явцыг мэдэхийг хүсэж байж болно. Ихэнхи вэб сайтууд мэдээллээд л өнгөрдөг. Тэгвэл тухайн мэдээллийг сонирхож буй хүнд өрнөлийг нь харах боломж олгодог байвал зүгээр. Энэ гэхдээ зөвхөн вэб сайт биш телевиз ч гэсэн адилхан. Мэдээллийн өрнөлийг харах боломжийг хүмүүст олгох хэрэгтэй. Би хэдийгээр гадаадад байгаа ч гэсэн монголынхоо талаар мэдээллийг байнга харж байдаг. Янз бүрийн хэрүүл маргаантай мэдээлэл их хардаг. Ийм юм хэрэгжүүлбэл энэ асуудлаас амархан гарна гэж бас боддог.

-Жишээ нь сүүлийн үед манай  улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. Үүнийг IT салбарын хөгжилөөр зохицуулж болох уу?

-Сонгууль болохоор мөнгө идсэн уусан гэсэн мэдээлэл их гардаг. Зарим хүмүүс аль нь үнэн, худал болохыг сайн мэдэхгүй өнгөрдөг. Энэ процессыг IT-аар шийдэж болно.Тэгвэл энэ мэдээллийг түргэн шуурхай үнэн бодьтой мэдээлэл хүргэхийн тулд IT-г голд нь хийж өгч байдаг. Нэг ёсондоо төрийн үйл ажиллагааг IT-д оруулж өгөх ёстой. Төрийн сайт руу ороход төрийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр албан ёсны мэдээлэл цаг хугацаа он цагийн дарааллаар орж мэдээлэл нь орж байвал үнэн бодитой мэдээллийг түргэн шуурхай авч болно. Төрийн байгууллагууд гаргасан шийдвэрээ нуун дарагдуулдаг, ил гаргаж мэдээлэл тавьдаггүй.

Вэб сайт гэдэг маань мэдээлэл тавигдахгүй л бол шинэчлэгдэдгүй. Харин мэдээлэл тавихгүй ч гэсэн шинэчлэгддэг байж болно. Тэгэхээр төрийн гаргаж буй шийдвэр компьютэрээр автоматаар шинэчлэгдээд явах ёстой. Мэдээгээ шинэчлэх шаардлагагүй гэсэн үг. Төрийн гаргаж буй шийдвэрийн мэдээлэл ямар ч цензургүйгээр иргэдэд хүрч байх ёстой. Нуух боломжгүй болно гэсэн үг.

-Хэрвээ тийм болчихвол жинхэнэ утгаараа шилэн болох юм биш үү?

-Үүнийг техникийн хувьд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь хийж хэрэгжүүлье гэсэн сэтгэл байвал болно. Үнэн бодит мэдээлэл төрийн албан ёсны сайтад гарч байгаа тохиолдолд хүмүүс төдийлөн эргэлзэхгүй. Нэг төрийн өндөр албан тушаалтантай холбоотой мэдээлэл гарлаа гэхэд албан ёсны сайтаас мэдээллийг нь олоод л харчих боломжтой гэсэн үг. Манайд ажил хэрэг цаасан дээр буулгаад тамга дарсанаар албан ёсоор хэрэгжиж эхэлдэг. Тэгвэл яг энэ үйл явцыг л компьтерт оруулчих хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүдийг хүртэл оноолтын систем рүү шилжүүлэх хэрэгтэй. Хамгийн сайн ажил хийдэг УИХ-ын гишүүн хамгийн өндөр оноотой байх жишээтэй. Үүнийг бас шийдэх боломжтой.

-Зээлийн түүх шиг тухайн хүний мэдээлэл орж байх ёстой гэсэн үг үү?

 -Салбартаа хэр юм хийсэн бүтээсэн гэдгийг тухайн хүний онооноос хараад л мэдчих боломжтой. Хоёр дугаарт бас хүн алдаж болно. Тухайн хүн алдсан байж болно. Хэрвээ оноолтын систем байсан бол шоронд орсон улс төрч -100 оноо авна. Дараа маш сайн ажилаад өндөр оноо авч сайн ажиллаж болно. Харин ард иргэд хамгийн чадварлаг хүнийг л сонгохыг хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх процессийг онооны систем дээр тулгуурлана гэсэн санаа. Энийг IT-аар хэрэгжүүлэх боломжтой. 

-Та Англи, Япон хэлийг бие дааж сурсан гэж түрүү хэлсэн. Ер нь хэл сурахад авъяас хэрэгтэй юу. Хичээл зүтгэл хэрэгтэй юу? 

-1984-1989 оны ОХУ-д сурч байсан.Тэнд сурч байхдаа англи хэлний 2 жилийн  оройн курсыг үндсэн хичээлийнхээ хажуугаар төгссөн. Түүнээс хойш англи хэлийг бие дааж сурсан. 1989 онд сургуулиа төгсөөд ирэхэд манай улсад эд ардчилал, жагсаал цуглаан өрнөж байсан үе. Монгол Улс дэлхийд нээлттэй болж эхлэж байсан үе. Тухайн үед монголыг сонирхож маш их хүмүүс ирж байсан. Ялангуяа барууны орноос хүмүүс их ирж байсан. Тэр үед манай улсад англи хэлтэй хүн ховор байсан. Гэхдээ элчин сайдын яаманд ажиллаж байсан мэргэжлийн орчуулагч хүмүүс бол байсан. Харин гео-физик ч мэргэжилтэй хэрнээ англи хэлтэй хүн ховор байсан. Гэхдээ мэргэжлээрээ Геологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хэсэг ажилласан.

Харин Япон хэлийг сүүлд Японы элчин сайдын яаманд 14 жил ажиллахдаа бие дааж сурсан. Ажиллаж байсан сүүлийн хэдэн жил өдөр тутмын ажил маань Япон хэл дээр явагддаг болсон байсан. Би ер нь ямар нэгэн юмыг шинээр сурах хүсэл сонихолтой.

-Та Англи, Япон хэлийг бие дааж сурсан туршлагаасаа хуваалцана уу?

-Өөрийн туршлагаас харахад тогтмол хичээллэх нь үр дүнтэй. Зарим хүмүүс нэг хэсэг сурах гэж оролдож байгаад л хаячихдаг. Хамгийн гол нь тогтмол хичээллэсэн нь үр дүнтэй. Өдөрт хэдэн үг цээжлэх, хэдэн цаг хичээллэх нь тухайн хүний арга барилаас л шалтгаална. Тогтмол хичээллэх нь хамгийн үр дүнтэй. Хатуу ааруулыг идэхдээ шууд хазахгүй, мэрж иддэг. Яг үүнтэй адилхан бага багаар тогтмол хичээллэсээр ард нь гарна гэсэн үг.  

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Daanch hvnii nutagt ajiikaj vga ni haramsaltai
Yamar mundag yum be
2017/11/13 66.181.161.125
Б.Батболд
Ах мундаг юмаа уншаад яг өөртэй нь ярилцаж байгаа юм шиг санагдлаа ахдаа амжилт хүсье (үеэл дүүгээс нь)
2017/11/13 66.181.161.31
Өвгөн
Төр монгол хүмүүсээ хардагггүйгээс энэ хүн хөдөлмөрөө худалдаж дээ, монголд бол өнгөсөн шиг байна
2017/11/13 49.0.213.76
мундаг юм ааа
амжилт хүсье
2017/11/13 103.26.194.190
болдоо
өөрийн ухаан чадлаараа ийм ажил хийгээд явж байна гэдэг үнэхээр бахархам зүйл, аз жаргал хүсье, баттөрөө
2017/11/13 27.123.214.88