8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮ-ийн сайд халуун хошуут малаа дагах хүсэлтэй байгаа залуусыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2017-11-15 11:52:00

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын залуу малчин Л.Лхагвасүрэнгийнд зочилж, өвөлжилтийн бэлтгэлтэй нь танилцлаа. 33 настай залуу малчин Л.Лхагвасүрэн 11 жил мал аж ахуйтай амьдралаа холбожээ. Анх сумынхаа айлуудын ухныг маллаж, хөлсөнд нь хурга авч малжсан гэж гэрийн эзэгтэй Р.Алтансувд хэллээ. Газар тариалангийн бүс нутгийнхаа давуу талыг дагаж эрчимжүүлсэн мал аж ахуйгаа хөгжүүлсэн хэмээн Л.Лхагвасүрэн малчин ярьсан.

Эднийх 700-аад бог малтай. Залуу малчин Л.Лхагвасүрэн малынхаа чанарыг сайжруулснаар үр шимийг нь хүртэж эхэлжээ. Махны чиглэлээр хөгжүүлсэн бог мал нь гулууз нь 43 кг жин татсан амжилтаараа сайн малчин авахад нөлөөлсөн гэж аймгийн удирдлагууд хэлсэн. Мөн сүүний чиглэлийн үүлдрийн 15 үнээнээсээ зуны саалийн цагаар өдөрт хэрэглээнээсээ гадна 80 литр сүү нийлүүлдэг байжээ. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бонгийн тохойд нутагладаг залуу малчин Л.Лхагвасүрэн малынхаа чанарыг сайжруулахад анхаарсан нь өнөөдрийн амжилт гэдгээ хуучилсан.

ХХААХҮ-ийн  сайд Б.Батзориг мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, малын тоо төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн бодлого малчид уруу чиглэж байгааг онцлон хэлсэн. Мөн хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эргээд хотоос хөдөөг зорих болсон. Энэ нь хот суурин газарт идээшихгүй залуучууд халуун хошуут малаа дагах хүсэлтэй байгааг төрийн бодлогоор дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment