8o
Улаанбаатар хот
mobile menu

С.САЙНБАЯР: Улстөрийн намууд шалтгаан тоочдог биш ажил хийдэг хүмүүсийг ажилд томилдог, бэлтгэдэг байх ёстой

2017-11-16 10:44:00

Монгол улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах талаар санал асуулга, хэлэлцүүлэг улсын хэмжээнд өрнөсөөр байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын зөвлөх инженер, доктор С.Сайнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон асуудал яригдаж иргэдийн зүгээс ойлголт мэдээлэл муугаас өөрчлөх эсэх тал дээр талцаж, зарим улс төрчид Үндсэн хуулиа буруутгаж ч байна. Таны байр суурь ямар байдаг вэ?

-Монголчууд бид улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийснээс хойш төрийн тогтолцоо, улс орныхоо шинэ үеийн хөгжлийг хангах Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Энэ хууль бидэнд өмчийн эрх, хувийн аж ахуй эрхлэх өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх, олон намийн тогтолцоо, чөлөөт ардчилсан сонгуулиар төр засаг сонгох, амьдрах газраа сонгох, гадаад дотоодод эрх чөлөөтэй аялах зэрэг асар их боломжуудыг олгосон одоо ч нөөц нь бүрэн дуусаагүй асар их үнэ цэнэтэй эцэг хууль. Цаг хугацааны аясаар нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөн өнөөдрийг хүрэхэд энэ хуулийг боловсруулсан нийгмийн ёс зүй нийгмийн хандлагаас гарахааргүй эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс  төрийн дээд түвшинд гарч улмаар Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна. 1992 оны үндсэн хуулиар монголчууд төрийн засаглалын олон хэлбэрээс улс орныхоо эрх ашиг олон хүчин зүйлсийг тооцон бодож ард түмнээс шууд сонгогдсон тэдний төлөөлөл болох парламентад давуу эрхийг өгч парламентийн засаглалтай болсон. УИХ болон Засгийн газар хооронд зөрчил маргаан гарах үед түүнийг эв нэгдэлээр зохицуулах үүрэг бүхий ард түмний эв нэгдэлийн бэлэг тэмдэг бөгөөд шүүх эрх мэдлийг хараат бус байлгах зорилгоор Ерөнхийлөгчийн мэдэлд өгсөн.

-Энэ бол 1992 оны Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт. Үүнийг 2000 онд өөрчилсөн нь л ихээхэн шүүмжлэл дагуулдаг шүү дээ?

-Тийм ээ,тэрхүү дордуулсныг одоогийн өөрчлөлтөөр засах оролдлого хийж буйг иргэний хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хийх өөрчлөлт ихээхэн учир дутагдалтай байна. 1990 оныг эргэн дурсахад нэг намын тогтолцоотой намын гишүүн гэдэг ёс суртахуун, ажил хөдөлмөрийн манлайлал байсан гэдэгт тэр үеийнхэн санал нэгдэх байх. Үүнийг илтгэсэн олон тайз дэлгэцийн бүтээл өвлөгдөж ирснийг бид бэлээхэн хүртэж, үнэлж, үзэж харж болно. Тэр үеийн алдаа нь нэг нам нэг хүн санал болгодог байсан. Харин тэр хүнээ маш өндөр шалгуураар гаргадаг байсан.Намын гишүүн болох явдал нь ч өөрөө томоохон шалгуур бөгөөд архи уудаг, авгай хүүхэн эргүүлдэг, айл гэр тогтворгүй бол санах ч хэрэггүй байсан. Гэтэл өнөөдрийн намын гишүүн ямар шалгууртай болов? Намын гишүүн байтугай намаас сонгогдсон гишүүд, төлөөлөгч, дарга нарт ямар шалгуур тавигдаж байна? Үүнээс үүдэж байгаа төрийн үйл хэргийн завхарлыг бид өглөө, оройгүй ярьж шүүмжилж, тэр дундаа амьдарч байна. Гадаадын ихэнх улс оронд олон намын тогтолцоо үйлчилж байгаа. Тэдгээр намуудын гол үүрэг нь үзэл баримтлал үнэт зүйлээ тодотгон баяжуулж, гишүүд дэмжигчидээ өргөжүүлэн, төр засгийн ажлаа сайжруулах явдал байна. Үүнийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний бодлого асар чухал. Хийж чадах хүнд арга нь олддог Хийж чадаагүй хүнд шалтгаан нь олддог. Нам шалтгаан тоочдог биш ажил хийдэг хүмүүсийг томилдог бэлтгэдэг байх ёстой. Нам гэдэг үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн бүлэг хүмүүс.

-Тэгэхээр намын бодлого шийдвэр зөв, түвшин гарах чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн зүйл заалт ханатай гарах нь улс орны хөгжилд тустай байна аа гэж үү?

-Төрийн эрхийг улстөрийн намын ялалтаар дамжуулан авч, эрхийг барьж, хэрэгжүүлдэг. Эрх барих дээд байгууллага нь нам. Өнөөдрийн засах шаардлагатай зүйл бол улс төрийн намийн тухай хууль, намын санхүүжилт сонгуулийн тогтолцоо, сонгуулийн технологийн асуудал юм. Өнөөдрийн нөхцөлд бүх түвшний сонгуульд нэр дэвшин ард түмний төлөөлөл болоход чамгүй санхүү шаардлагатай. Гэтэл ард түмний дийлэнх нь одоогийн тогтолцоогоор төлөөллөө оруулах боломжгүй юм. Ийм учраас мөнгөтэй хэн нэгэн сонгогдох биш монголын ард түмний төлөөлөл сонгогдох боломжийг нээж өгөх хэрэгтэй.

-Улс төрийн намын хуулинд өөрчлөлт оруулна гэж үү. Яаж ард түмний төлөөллийг хангах вэ?

-Намуудад тулгарч буй хамгийн том асуудал бол санхүүжилт. Одоогийн тогтолцоогоор сонгуульд амжилттай оролцоход мөнгө чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдийн сонгуулиудаас харахад санхүүжилттэй холбоотой томоохон дуулианууд ихээр гарч байна. Энэ бол хэн нэг хүний биш системийн алдаа. АН, МАН ялгаа байхгүй. Мөнгө үүрэг гүйцэтгэж мөнгөний сонгууль хийх тусам улс орны үндэсний дархлаа, тусгаар тогтнолд аюул учирна. Тийм учраас намын санхүүжилт, сонгуулийн технологи, улс төрийн намын тухай хуульд анхаарах хэрэгтэй.

-Улс төрийн нам ямар үүрэгтэй байх ёстой вэ?

-Улс орнуудын төрийг авч явах сонгодог хэлбэр нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан засаглал юм. Улс төрийн намуудын гол үүрэг нь улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулж иргэд сонгогчиддоо танилцуулж тэдний дэмжлэгийг авч засаглалын эрхийг авах юм. Мөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх ёстой. 1992 оны Үндсэн хуулиар намуудад том эрх мэдлийг өгсөн. Магадгүй тухайн үеийн нам, намын гишүүд тэдний манлайлал өнөөдрийнхөөс өөр байсан. Тухайн үеийн Ардын Их Хурлын төлөөлөгчид нам, намын гишүүдийн шалгуур шаадлагаар харж байсан байх. Гэтэл өнөөдөр намуудын боловсон хүчний бодлогууд унаж байна. Бүх түвшинд мөнгөтэй, танилтай хүмүүс төрийн удирдлагын томилгоонд орж байна. Үүнээс үүдэн төрийн бодлого алдагдаж шат шатанд төрийн ажил цалгардаж байна. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүд цаасан дээр үлдэж байна. Олон чадюарлаг боловсон хүчнүүд гадаадад дүрвэж байна. Үүнд намууд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ард түмний төлөөлөл бүхий хоёр шаттай парламент байгуулах хэрэгтэй. Засаглалын субъект хоорондын давхардсан эрх мэдлүүдийг цэгцлэх шаардлагатай. Үндсэн хуулиараа төрийн байгууллагын дархлааг сайжруулж иргэний болон мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

Г.МАРАЛ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл