Өнгөрсөн /09-26/-нд МАН-ын бага хурал болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болж байсан. Тухайн үед МАН-ын бага хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир руу "гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" гэж дайрсан талаар мэдээллийг хүргэж байсан. Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн тайлбар хэлэхдээ “Эр хүмүүсийн хоорондын жижиг тоглоом байсан. Юу болсныг Д.Элдэв-Очироос өөрөөс нь асуу" хэмээн хэлж олон нийтийн дургүйцэлийг төрүүлсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Солонгос улсад Элчин сайдаар суух Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Нэр бүхий 21 гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тус томилгооны асуудлаас үүдэж хувь хүн болон төрийн нууцтай холбоотой маш ноцтой асуудлууд нэлээд яригдсан. “Томилгооны сонсгол”-той холбоотойгоор өнөөдөр 14.00 цагийн үед АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц “Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” хэмээн заналхийлсэн байна. Улмаар УИх-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалтанд оруулж өгөхийг хүссэн байна.