Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Солонгос улсад Элчин сайдаар суух Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Нэр бүхий 21 гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тус томилгооны асуудлаас үүдэж хувь хүн болон төрийн нууцтай холбоотой маш ноцтой асуудлууд нэлээд яригдсан. “Томилгооны сонсгол”-той холбоотойгоор өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц “Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” хэмээн заналхийлсэн тухай мэдээлэл хүргэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Хурц намайг хутгална гэж сүрдүүлсэн. Өчигдөр би Хурцад зодуулах шахсан. Намайг төрийн хамгаалалтад авсан. Өмнө нь мөн хэд хэдэн хүнийг ийн сүрдүүлсэн байна. Тэдгээр хүмүүс над руу хандаж байгаа. Би бол айдсаа дарсан. "Намайг хутгалаарай" гэж би түүнд хэлсэн. Б.Хурц яагаад АН-ын бүлгийн даргын өрөөнд явж байсныг мэдэхгүй. Б.Хурц хэрэв маш олон гэмт хэргийн мэдээллийг мэддэг юм бол прокурорт эдгээрээ өгөх хэрэгтэй. Түүнээс Тагнуулын газрын дарга байсан хүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ ямар нэг баримт нотолгоогүй асуудлаар гишүүдийг дайрдаг байж болохгүй. Би эхлүүлсэн ажлаа дуусгана" хэмээн хэллээ.
Ж. Батзандан: Б. Хурц намайг хутгална гэж сүрдүүлсэн
2017-11-17 12:09:00