Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа өчигдөр сонгов. МАН-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр МАН-ын 15 дахь даргаар сонгогдлоо.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намын тамгаа хүлээж авахдаа хэлсэн үгийг хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна
“Энэ түүхэн Их хурлаар МАН-ын дарга гэсэн түүхэн хариуцлагатай үүргийг та бүхнээсээ хүлээж авлаа. Эрхэм хүндэт МАН-ын дарга асан М.Энхболд танд хамгийн сайн сайхныг хүсье. МАН бол эцэг нам. Үүгээрээ бид бахархаж явдаг билээ. Сансарт хүртэл хүн нисгэж чадсан нам. Энэ Монгол Улсыг дэлхийн бүрэн эрхт улс болгож чадсан нам бол МАН.
Улс орондоо ардчиллыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн харилцааг МАН удирдаж, ардчиллыг бий болгосон. Энэ намын үе үеийн эрэлхэг зоригтой аавын хүү, охид тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн.МАН ямар эрх мэдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг бид одоо харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох ёстой. Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно. Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна. Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэл бүгдийг сонслоо. Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно.
УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна. Боловсон хүчин бол шахааны бараа биш. Би намаа мөнгөний нам, компанийн нам болгохыг зөвшөөрөхгүй!Сэтгэлийг нь олоход бие нь хаачих вэ, ард түмнийхээ сэтгэлийг татаж, итгэлийг хүлээх ёстой. Сэтгэл байвал сэлэмний ирэн дээр ч амьдарч болдог. Сэтгэлээ зориулж ажиллаж байж, бусдын итгэлээр өлгийдүүлнэ. Намаа эвлүүлж, нэг зүг харж, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ. Би лифтэнд сууж, есөн давхарт гарсан хүн биш.
Д.Хаянхярваа: Эвгүй үг хэлж байсандаа уучлалт хүсч байна
МАН-ын даргад өрсөлдсөн Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн тамгаа гардаж авах үед дараах үгийг хэллээ.
“Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Намынхаа хамгийн том эрхэм дээд байгууллагын өмнө үг хэлэх гэж байхдаа сэтгэл өвдөж байлаа. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе. У.Хүрэлсүхэд би итгэж байна. Эвлүүлж явна гэдэгт бүүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой” гэж хэллээ.