Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Солонгос улсад Элчин сайдаар суух Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Нэр бүхий 21 гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тус томилгооны асуудлаас үүдэж хувь хүн болон төрийн нууцтай холбоотой маш ноцтой асуудлууд нэлээд яригдсан. “Томилгооны сонсгол”-той холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц “Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” хэмээн заналхийлсэн талаар мэдээлэл цацагдаж байсан. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалтанд оруулж өгөхийг хүссэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эсрэг байр сууриа дахин илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ТЕГ-ын дарга асан Б.Хурц Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон явдлын талаар гүтгэсэн.Би хуульч хүн, миний амнаас “ална” гэдэг үг гарч байгаагүй. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Б.Хурцтай эвлэр гэж Л.Болд бид хоёрт тулгасан. Дараа нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурц хоёр цагдаа дээр мэдүүлгээ нэгтгэсэн. Ер нь Д.Эрдэнэбат бүлэглэлийн гишүүн болсон гэдэг нь харагдаж байна. Энэ тухай би бүлгийн хурал дээр ярьсан. Цаашид бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх ёстой” хэмээн хэлллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэд хэдэн зүйл шаардаж байгаа аж. Нэгдүгээрт, Дамирангийн Энхбатыг хууль бусаар хулгайлан авчирж, хилс хэрэгт гүтгэн хорьсон. Тэр хүн суллагдсаныхаа дараа удалгүй нас барсан. Түүний гэр бүл “Тагнуулын байгууллага уучлал гуйгаач ээ, монголын төр хүний амь нас хохироочихоод нөхөн төлбөр өгөөч ээ” гэсэн хүсэлтийг удаа дараалан тавьж ирсэн. Үүнийг шийдэх ёстой гэв. Мөн хоёрдугаарт, Эрдэнэт болон Асгатын мөнгөний ордын асуудлыг нэг тийш шийдэгдтэл хүлээгээч ээ гэсэн шаардлага тавьж байгаа. Гуравдугаарт, С.Зориг агсны хэргийн захиалагчийг ил тод болгож өгөөч гэсэн хүсэлтээ Хуульзүйн сайд Засгийн газарт өгчихсөн байгаа. Засгийн газарт оруулсан асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ агуулгаар нь би 14 хоног гэж хэлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэх гурван хүн захиалгат аллага гэсэн зүйл ангиар ял авчихсан байгаа, тэд “монголын төр, ард түмэнд үнэнийг хэлье” гэж байна, тэдний үгийг сонсох хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, МИАТ компаниар Б.Хурцын эхнэр өчнөөн жил ачаа бараагаа үнэгүй тээвэрлүүлсэн. МИАТ-ын дарга нь Б.Хурцын хүн. МИАТ дампуурлын ирмэгт байна. Улаанбаатараас Сөүл зорчих МИАТ-ийн үнэ олон улсын жишигтэй харьцуулахад маш өндөр байна. Түүнчлэн татварын байцаагч байсан Д.Энхбат, ТЕГ-ын ажилтан байсан Д.Цогтбаатар нарын “хилсээр ялласан” гэсэн өргөдлүүд байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарт холбогдох бичлэг, У.Хүрэлсүх, Б.Баатар нарын утасны ярианы бичлэг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдсэн байдаг. Гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй олон асуудал байна. Эдгээр асуудалд холбогдох хүмүүсийн үгийг Томилгооны сонсголоор сонсож, хуулийн байгууллагууд шалгаж, эцэслэх хэрэгтэй байна. Ямар ч байсан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхийг дэмжиж буй гишүүдийн тоо эрс өсөж байна. АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.