8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын шинээр сонгогдсон УЗ-ийн гишүүдийн нэрс тодорч, Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн өдөр

2017-11-24 18:45:00

“Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилд хязгаар гэж үгүй” гэсэн сайхан урмын үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Дэлхийн улс орнуудын чадварын жагсаалтыг манай улс Венесуэл улстай хамт сүүл мушгилаа

Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форумаас жил тутам гаргадаг уламжлалт “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс-2017 тайлангаа хэдэн сарын өмнө гаргасан. Тус судалгаанл нийтдаа 136 орон оролцсон бөгөөд Испани улс хоёр дахь удаагаа тэргүүлж, дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн хүчирхэг улсаад нэрлэгдээд байгаа. “Аялал жуулчлалын өрөлдөх чадварын индекс-2017-д аялал жуулчлалын үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн орчин гэх мэт 12 шалгуураар шалгаруулдаг. 136 орон өрсөлдсөнөөс манай улс 3,31 оноотойгоор энэ жил 102-т бичигдсэн. Өнгөрсөн жилийн хувьд 3,3 оноо авч 141 улсаас 99-т бичигдсэн. 
MD Олон улсын өрсөлдөх чадварын судалгааны байгууллага “Дэлхийн улс орнуудын чадварын жагсаалт-2017” судалгааны тайланг олон нийтэд танилцуулсан байна. 
“Дэлхийн улс орнуудын чадварын жагсаалтыг гурван үндсэн шалгуураар тодорхойлдог. Тодруулбал, 

 “Хөрөнгө оруулалт ба хөгжил”,
 “Анхаарал татах байдал”, 
 “бэлэн байдал” гэсэн гурван шалгуураар улс орнуудын чадварын жагсаалтыг гаргадаг. 

Манай улс энэ жилийн хувьд 63 улс судалгаанд хамрагдсанаар 62 буюу сүүлээсээ хоёр дугаар байранд орсон байна. Манай Монгол Улсын дараа буюу 63-т Өмнөд Америк тивийн Венесуэл Улс оржээ. Манай улсын дараа жагссан Өмнөд Америк тивийн Венесуэл Улсын хувьд 33,221,865 орчим хүн амтай, 916.445 км2 (353,841 хавтгай дөрвөлжин миль) газар нутаг хамардаг. Венесуэл нь төв болон зүүн Ориноко голын бэлчир дэх өргөн хүрээтэй Лос Лланос тал болон Карибын тэнгисийн эрэг дамжуулан, Амазоны сав газрын өмнөд хэсэг, халуун орны ой, баруун Андын нуруунаас эхлээд амьдрах орчин нь маш баялаг биологийн төрөл зүйлүүд байдаг гэж үздэг. Венесуэл нь 23 мужийн бүрдсэн холбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс юм.
Ажилгүйдэл болон инфляцийн түвшнээр тооцож гаргадаг "Ядуурал хамгийн их нүүрлэсэн улсын индекс"-ийг Венесуэл улс энэ жил  гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн газрын тосны үнэ доогуур байгаагийн улмаас иргэдийн хүнс хомсдож эмнэлгүүдэд эм, эмийн бэлдмэлийн хүрэлцээ багасч хүндрэл үүссэн байна. 
Ядуурлын индекс: 70%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 62.2%
Ажилгүйдэл: 7.8%

Монгол Улс 

“Хөрөнгө оруулалт ба хөгжил”-өөрөө 54 дүгээрт, 
“Анхаарал татах байдал”-аар 60 дугаарт, 
“Бэлэн байдал”-аар 56 дугаар байранд орж нийлбэр дүнгээрээ сүүлээсээ хоёр дугаар байранд жагссан байна. 

“Хөрөнгө оруулалт ба хөгжил” гэсэн шалгуур үзүүлэлтээрээ манай улс 63 улсаас 54-р байранд жагссан байна. Манай улсын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт багасаж, манай улсад итгэх итгэл буурсантай холбоотойгоор тус үнэлгээг гаргасан байна. Мөн хөгжил хэсгээрээ манай улс мөн л хойгуур байр эзэлж байгаа бөгөөд энэ нь сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудалаас шалтгаалсан байна. 

ТАНИЛЦ: МАН-ын шинээр сонгогдсон УЗ-ийн гишүүдийн нэрс

МАН-ын XXYIII Их хурал 4 өдөр хуралдаж өчигдөр дууссан. Мөн МАН-ын Бага хурал өчигдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон юм.  

МАН-ын шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрстэй танилцана уу.  

У.Хүрэлсүх

Д.Амарбаясгалан

Х.Баделхан

М.Энхболд

Л.Энх-Амгалан

Д.Хаянхярваа

Я.Содбаатар

Б.Саранчимэг

Ц.Саранчимэг

Ө.Энхтүвшин

Г.Занданшатар

Ц.Цогзолмаа

Ж.Эрдэнэбат

С.Батболд

Т.Аюурсайхан

Б.Солтан

С.Бямбацогт

Л.Оюун-Эрдэнэ

Ж.Энхбаяр

Д.Тогтохсүрэн

Ж.Мөнхбат

Ц.Гарамжав

М.Оюунчимэг

Г.Мөнхцэцэг

Д.Сарангэрэл

О.Содбилэг

Ж.Ганбаатар

Д.Оюунхорол

Сү.Батболд

Ч.Улаан нарын гишүүд сонгогджээ.

О.Баасанхүү Авлигатай тэмцэх газарт хандав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргажээ. Тэрбээр П.Пүрэвлхагвыг хувийн эрх ашигтаа үйлчилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон хэмээн үзсэн аж.

Уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг АТГ-аас хүссэн байна. 

Д.Амарбаясгалан ЕНБД-аар улиран сонгогдлоо

МАН-ын XXVIII Их хурал дөрвөн өдөр үргэлжлэн хуралдаж өчигдөр өндөрлөлөө.  Их хурлаар МАН-ын шинэ даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогдож, 1308 төлөөлөгчдийн санал хураалтаар Бага хурлын 369 гишүүнийг батламжилсан юм. Улмаар Бага хурлаар МАН-ын генсекийн томилгоог хэлэлцэнэ. МАН-ын генсект Б.Баярсайхан, Д.Амарбаясгалан нарыг дэвшүүлсэн юм. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74,5 хувийн саналаар улиран сонгогдсон юм. 

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах талаар хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлнэ.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын  бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,  олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм.

Хэлэлцүүлэгт Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна. Энэхүү хэлэлцүүлгийг хийснээр:

  1. Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах,
  2. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах,
  3. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.

Цахим картгүй зорчсон 12485 иргэнийг илрүүлжээ

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа. 

Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын  байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’, Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд давхардсан тоогоор 2868 тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байсан 83822 зорчигч хамрагдаж 19525 зөрчил илрүүлэн ажилласан юм. Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл:

  • Цахим картгүй зорчсон - 12485
  • Картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403
  • Хүүхдийн карт ашигласан -1093
  • Өндөр настны картаар зорчсон – 288
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157
  • Оюутны картаар зорчсон -74
  • Хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зөрчлийг тус тус илрүүлсэн.

Шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн юм.

Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараан ажилласан. Мөн зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга тооцсон байна 

Зургаан настай хүүхэд гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын харъяат иргэн 26 настай Г-ийн гэр шатаж,  6 настай охин С нь амь насаа алдсан хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо “Жуковын хөшөөний ар талын хашаанд гэр шатсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 23-нд авч шалгахад тус хашаанд суух иргэн 74 настай эрэгтэй Н-ийн гэр шатаж, дотор нь байсан 15 настай эрэгтэй М-ийн зүүн хөл түлэгдэж гэмтсэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 

"Мандала" хотхоны шинээр баригдаж буй барилгад хүн амиа алджээ

Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхоны шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн өрөөнд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдан амиа алдсан хэрэг гарчээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Тус  27 настай эрэгтэй Б 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан аж. 

Такаинова А.Баасандорж: Би 2 гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байхаа

Өнгөрсөн сарын 26-ны өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохьж хүнд гэмтээсэн талаар мэдээлэл цацагдсан. Таканоива А.Баасандоржийг хүнд бэртэл гэмтэл авсан мэдээлэл цацагдаж байсан  ч сүүлдээ толгойдоо хүнд бэртэл авсан хэмээн хуурамч дүгнэлт гаргуулсан талаар мэдээлэл цацагдаад байгаа. Таканоива Кёкүшюзантай Д.Батбаяртай утсаар холбогдож тэр өдөр яг юу болсон тухайг ярьсан аж. Үүнийг нь Кёкүшюзан өөрийнхөө фэйсбүүк пэйж хуудсандаа оруулжээ. Тодруулбал,

ТАКАИНОВА А.БААСАНДОРЖ ИЙН ЯРЬЖЭЭ

Япон улсад одоо болж буй асуудлаар Таканоива надруу залгаж ийнхүү ярив.

“Сайн байна уу Батбаяр ахаа, таныг Японд ирсэнийг би мэдэж байсан. Би юу болсоныг танд үнэнээ хэлье.Дүү нь ахдаа бүх үнэнийг хэлье.

Мэдээгээр Ёкозүна Харамумафүжи аваргаас анхааруулга хийж ярьж байхад нь утсаар ярьж байсан гэж байгаа нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад нь л утсаа жаахан оролдож байсан тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд зодсон.

Намайг үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээрээ зодсон. Би 2 гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байхаа

Шөнийн 1 болж байсан учраас эмнэлэг явах боломжгүй байсан маргааш нь эмнэлэг явсан. Эмч намайг үзэж гайхаад, оёдол тавьсан.

Манай үсчин миний сүмогийн үсийг хүртэл засч чадахгүй байсан.

Тэр явдал болсоны дараа өрөөндөө буцаж ирэх үед толгой өвдөж, нэг талын чих юуч сонсохгүй болчихсон. Одоо ч гэсэн муу сонсогдож байгаа.

Их өвдөж байсан учраас, өвчин намдааж эм авсан.

11 сарын 2 нд толгой маш их өвдөж байсан учраас эмнэлэг явж толгой намдаах эм авсан.

11 сарын 4нд дахиж эмнэлэгт үзүүлээд 5-нд эмнэлэгт хэвтсэн. Тэр өдрөөч гэсэн чих өвдөөд унтаж чадаагүй. Их өвдсөн учраас толгойны зураг авхуулсан. Эмчийн үзлэгээр толгой цуурсан гэсэн хариу гарсан.

Оякатагаасаа айж байсан учраас нууж байсан дээр нь энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүй эрхэнд ояаката мэдэж цагдаад өргөдөл өгсөн” гэж 11сарын 23 ны оройн 6 цагт надруу Таканоива ярьлаа.

2 уулангаас нь надруу залгахыг хүссэн боловч өнөөдрийн байдлаар Таканоивагийн ярьсныг энд орууллаа” гэжээ.

“Хар-Од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс Очир Эрдэнэ” компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нийт 66 байгууллагыг хамруулан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Уг тушаалаар Япон улсад дадлагажигч гаргахаар ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авсан “Аск Эба”, “Баян Алтан бухт”, “Би Жи Сервис”, “Кайкакү”, “Монжа Интернешнл Эдүкейшн”, “Монфүжи”, “Монгол стандарт”, “Сарухай”, “Ти Ай Партнерс”, “Хар-Од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс Очир Эрдэнэ” гэсэн 12 компанийн гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл энэ сарын 20-ноос эхлэн хүчингүй гэсэн үг юм.

Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэр байхгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй, зуучлалын үйл ажиллагааны хураамж, япон хэлний сургалтын төлбөрөөс олсон орлогыг санхүүгийн тайланд тусгадаггүй, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан байхгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш дадлагажигч илгээгээгүй, тусгай зөвшөөрлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Мөн зарим  аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, түр сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр япон хэлний сургалт явуулсан, сургалтын анги танхим хүрэлцээгүй, багшлах боловсон хүчин хангалтгүй, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан хэрнээ дадлагажигчаар илгээгээгүй талаар өргөдөл, гомдол ирүүлсэн, хүлээн авагч талын хариуцах зардал болох дадлагажигчийн онгоцны тээврийн зардлыг иргэдээс авдаг, хүлээн авагч талын хариуцдаг зардал болох дадлагажигчийн Японд очсон эхний сарын амьжиргааны зардлыг иргэдээс авсан нь тогтоогдсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл