Яг одоогоос жилийн өмнө Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах Чандманий нэгдүгээр багийн айл өрхүүд шар усны үеэрт автаж байсан. Тухайн үед газар хагарч их хэмжээний ус тэлснээс болж Чандманий айл өрхүүд үеэрт автаж Улсын онцгой коммис шуурхай баг гаргаж ажиллаж байсан. Тэгвэл яг үүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр Чандманий айл өрхүүдэд нүүрлээд байна.
Тодруулбал, Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандманий Хиймэл нуурын далангийн хоолой цоорч ус алдаж эхэлсэн байна. Үүнээс болж тэр хавийн айл өрх шар усны үеэрт автах нөхцөл байдал үүсчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 22-ны өдөр холбогдох байгууллагуудад ирсэн аж.
Уг дуудлагын дагуу аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газрын хамт олон, “АЗЗА” төрийн өмчит компанийн ажилчидтай хамтран хоёр өдрийн турш ажиллаж нуурын далангийн хоолойд модон шаантаг хийж одоогоор усыг нь түр тогтоогоод байгаа аж.
Энэ талаар аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газраас тодруулахад "Энэ дуудлагын авсан даруйдаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Үүссэн нөхцөл байдалд Хот тохижилт, үйлчилгээний газар болон “АЗЗА” төрийн өмчит компанийн баг гаргаж өөрсдийн нөөц бололцоогоо ашиглана ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Одоогоор далангийн хоолойны хагарсан хэсгийг тагласан" гэв.
Б.Намхай: Айл өрхүүд шар усны үеэрт автах нь гэсэн айдастай байна
Харин Чандманий Нэгдүгээр багийн иргэн Б.Намхайгаас тодруулахад "Өнгөрсөн өвөл газар хагарч ус тэлснээс бол Чандманий айл өрхүүд шар усны үеэрт автаж байсан. Энэ жил хиймэл нуурын хоолой задарч ус алдаж байна. Энд амьдарч байгаа айл өрхүүд үеэр автах аюултай нөхцөл байдалтай байна. Би Чандмань гэдэг газарт насаараа амьдарч байгаа. Жилийн жилд манай энд ус тэлэх, шар усны үеэр буух нөхцөл байдал байнга үүсдэг. Энэ болгонд холбогдох байгууллагын хүмүүс ирээд аргалаад өнгөрүүлдэг.
Үүний адилаар энэ удаад бас л аргалаад өнгөрч байна. Энэ хоолой ахиад хагарахгүй, цоорохгүй гэх баталгаа байхгүй. Иргэд, айл өрхүүд шар усны үеэрт автах нь гэсэн айдастай байна" хэмээн ярив.
Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандмань нь аймгийн төвөөс гурван км-ын зайтай оршдог. Нийт 500 өрхтэй 1900 гаруй хүн амьдардаг. Хүн амын дийлэнх хувь нь мал маллах, газар тариалан эрхэлдэг. Мөн тус багийн газар нутаг ногооны талбай их, булаг, жижиг гол, хиймэл нуур ихтэй учраас ус тэлэх асуудал жил бүр тохиолддог аж.
Гэтэл энэ үүсэн нөхцөл байдлыг түр зуур аргацаах маягаар өнгөрөөсөөр байгаа аж.
Д.Нэргүй