Эдийн засаг хямралтай байна энэ цаг үед орон нутагт төрийн мөнгөөр тансаглаж, суух нөхөд олширсоор байгааг АТГ-аас баримттайгаар мэдэгдсэн юм. Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр АТГ-ын ажлын хэсгүүд 21 аймаг, тэдгээрийн 98 сумын төрийн байгууллагуудад ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм. Тодруулбал. Засаг даргын нөөц хөрөнгийг зохих журмын хэрэгжилтийг хангахгүй, үр ашиггүй зарцуулдаг. Шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулдаг, хууль бусаар төрийн албан хаагчийг халж, сольдог нь тогтоогдсон байна.
Зөрчил 1: 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан.
Зөрчил 2: Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг тус тус зарцуулсан байна.
Зөрчил 3: Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Шалтгаан нь тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй гэх.
Зөрчил 4: Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тус тус тогтоосон байна.
Зөрчил 5: Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасныг зөрчиж байна.
Зөрчил 6: Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг 8 төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажиллаж байжээ.
Зөрчил 7: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байна.
Гал унтраах зориулалттай бус бут сөөг услах зориулалтай машин худалдаж авсан зөрчил илэрчээ
Зөрчил 8: Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна.
Зөрчил 9: 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээрТөрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96,964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76,237,881 төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27,931,796 төгрөг олгосон байна.
Зөрчил 10: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд үндэслэсэн болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулах олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна.
Зөрчил 11: Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй.
Зөрчил 12: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчин аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалинг хандив болгон авсан, хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр /тендер, эрх олгох/ гаргасан тохиолдол түгээмэл байна.
Зөрчил 13: Баянхонгор аймгийн Баян-Овоосумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Татварын ерөнхий хуулийг зөрчин татварын хэмжээ тогтоосон байна. Тодорхой төрлийн нэг удаагийн үйлчилгээ эрхэлсний татвар гэж иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр авч, уг төлбөрийг хандивын дансанд төвлөрүүлсэн байна.
Зөрчил 14: Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан.
Зөрчил 15: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.
Зөрчил 16: Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байжээ.
Зөрчил 17: Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.
Гэх мэт хууль зөрчсөн зөрчил дутагдал шалгалтын явцад илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн найруулагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнө нь зөрчилд тооцогддог байсан албан тушаалтны үйлдлүүд авлигын гэмт хэрэгт тооцогдох үндэслэлтэй болоод байгаа аж. Энэ мэтчилэн орон нутагт орон нутагт ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлуудын заримаас нь дурдахад энэ байна.
Д.Болор