Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна. Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра ярьсанаар бол хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой хэмээжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн утгатай үгийг хэлсэн байна.