Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх саналаа албан ёсоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс гаргасан цаазын ялыг сэргээх саналыг ХУУЛЬ болгон УИХ-д өргөн барих, эсэх асуудлыг Хууль зүйн яамнаас эцсийн байдлаар шийдвэрлэнэ гэсэн үг. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар ямар байр, суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Манай улсын хувьд 2012 оны нэгдүгээр сарын 5-нд цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар Монгол Улс энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд зүй ёсоор багтсан. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2010 онд Монгол улсыг цаазын ялгүй орон болгох санаачлагыг эхлүүлж НҮБ-аас онцсайн үнэлгээ авснаас хойш хоёр жилийн дараа цаазын ялаас татгалзсан орны тоонд зүй ёсоор багтсан нь энэ юм. Үүнээс хойш цаазын ялыг сэргээх ёстой, ёсгүй гэсэн асуудал хааяа нэг нийгэмд сөхөгдөж ирсэн ч энэ талаар дорвитой шийдвэр гаралгүй өнөөдрийг хүрсэн. Харин саяхнаас хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийг цочроосон аймшигт гэмт хэргүүд гарч, цаазын ялыг сэргээх асуудал олон нийтийн дунд дахин яригдсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд зөвхөн хүүхэд хүчирхийлсэн, хүчиндсэн болон онц ноцтойгоор амь нас, эрүүл мэндэд нь халдсан хэрэгт цаазын ялыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэх.
Харин хүний эрхийн хуульчдын хувьд уг асуудлаар Ерөнхийлөгчөөс тэс өөр байр, суурьтай байгаагаа илэрхийлж эхлээд байна. Тодруулбал, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг насаар нь хорих ял эдлүүлнэ гэсэн хуулийн заалт үйлчилж байхад үүнээс илүү шийтгэл оногдуулах хэрэггүй гэж буй. Мөн хүчингийн хэрэг дээр цаазын ялын шийтгэл өгөх нь сөрөг үр дагавар олонтой гэж зарим хуульчид тайлбарлаж байна. Хамгийн наад зах нь хүчингийн хэргийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг учраас гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах магадлал хамгийн өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл хүчингийн хэрэгтнүүд далд хэлбэрт орох эрсдэлтэй юм байна. Мөн цаазын ялыг сэргээх нь ялын зүйл, заалтыг ухрааж хүндрүүлэхгүй байх эрх зүйн үндсэн зарчмыг зөрчиж байгаагаас гадна олон улсын хүний эрхийн үндэсний конвенцийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч байгааг хуульчид сануулж байна. Ганц олон улсын хүний эрхийн үндэсний комисс гэлтгүй Европын холбоо болон бусад хүний эрхийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч мэднэ гэдгийг ч анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор түрий барин олон улсын хууль тогтоомжоос татгалзаж болохгүй гэсэн заалт олон улсын гэрээгээр хүлээсэн байдаг учраас нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцаж болохгүй гэж буй.
Ингээд зарим хуульчид энэ талаар ямар байр, суурьтай байгааг хүргэе.
Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, олон улсын эрх зүйч Б.Гүнбилэг: Олон улсын түвшинд Монголын нэр хүнд унана
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онц хүнд гэмт хэрэгт цаазаар авах ял үйлчлэх ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм санал гаргах эрхтэй. Үүнийг хэт буруушаах шаардлагагүй. Нөгөөтэйгүүр энэ бол Ерөнхийлөгчөөс гаргасан санал төдий. Цаазын ялыг сэргээхээр болбол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тэгэхээр цаазыг ялыг сэргээх талаар УИХ-аас хууль гаргана. Мөн Засгийн газраас парламентад саналаа өгнө. Өнөөдөр цаазын ялыг сэргээх нь зөв, буруу гэх асуудлыг ярих нь нэгэнт оройтсон. Манай улс 2012 онд цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурахаасаа өмнө уг асуудлыг сайтар ярилцах ёстой байсан. Тэгэхээр цаазын ялыг сэргээх боломж нь хомс болно. Бид хууль тогтоож байгаа газар нутаг дээрээ цаазыг ялыг сэргээж болно. Гэвч цаашид олон улсын түвшинд нэр хүнд унана. Олон улсын хамтын ажиллагааны хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ татгалзлаа гэх асуудал гарч эдийн засгийн дэмжлэг үзүүлэх болон бусад асуудлаар бусад орнуудтай гэрээ хэлцэл хийхэд хүндрэл учирна. Манай улс НҮБ-ын ачаар бусад улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж том гүрнүүдтэй эрх тэгш харилцах эрхтэй болсон. Гэтэл манай улсын энэ эрхэнд халдах сөрөг үр дагавар цаашид гарна. Дахин хэлэхэд олон улсын түвшинд Монголын нэр хүнд унана гэдгийг дахин хэлмээр байна. Учир нь бид олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй.
Л.Галбаатар: Аймшигт гэмт хэрэг гарч байгаа нь цаазаар авах ялыг халснаас болоогүй
-Цаазаар авах ял оноох эсэх асуудал нь зөвхөн Монгол Улсад хамаарахгүй, олон улсын хэмжээний анхаарал татсан ноцтой асуудал. Эхлээд олон улсын нөхцөл байдлыг авч үзэх хэрэгтэй. Олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести Интернэшнл”-ийн мэдээллийг үзэхэд 2016 оны сүүлээр 104 улс цаазаар авах ялыг бүрэн халсан байдаг. Энэ тоонд Монгол Улс албан ёсоор багтдаг. Цаазаар авах ялыг халаагүй үлдсэн цөөн улсад 2016 онд 1032 хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэсэн гэсэн тоо баримт байдаг. Энэ тоон мэдээнд БНХАУ-ыг оруулаагүй. Энэ бол аймшигтай тоо. Монгол Улсын хувьд бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохгүй байх үүргийг олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн. Тодруулбал, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын “Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протокол”-д Монгол Улс 2012 оны эхээр нэгдэн орсон. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”. Энэ ёсоор 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цаазаар авах ялыг халсан.
Энэ үр дүнд хүрэхийн тулд олон зүйлийг туулсан, олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Хүний эрхийн зөрчил ихтэй, эрх зүйн тогтолцоо нь боловсронгуй бус буюу үр дүнгүй улс орныг жишээ болгон цаазаар авах ялыг сэргээх санал гаргасан байна лээ. Энэ бол олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэхээс зайлсхийсэн хандлага болж байгаа юм. Нөгөө талаар аймшигт гэмт хэрэг гарч байгаа нь цаазаар авах ялыг халснаас болоогүй. Ийм гэмт хэргүүд нийгэм дэх бухимдал, улс төрийн тогтворгүй орчин, иргэдийн амьдралын таагүй нөхцөлөөс шууд хамаарч үйлдэгдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг цаазаар авах ялыг сэргээж биш, улс төрийн бодлого, шийдвэрээр засахад л Монгол Улсын Ерөнхийлөгч анхаараасай гэсэн бодолтой байна. Мөн хуульч хүний байр суурь гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улс цаазаар авах ялыг хуучин шиг хавтгайруулан ногдуулахыг буруу
-Монгол Улс цаазаар авах ялыг хуучин шиг хавтгайруулан ногдуулахыг буруу гэж бодож байна. Мөн цаазаар авах ялын гүйцэтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулаад тухайн хүний засрал, хүмүүжлийн байдлыг нь харгалзан үзэж ялыг нь өөрчилж нь болдог. Энэ зүйл заалтыг тодорхой хэрэг дээр хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэг дээр цаазаар авах ялыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь цаазаар авах ял байж болохыг хэлж байгаа юм. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Эрүү, Зөрчлийн тухай хууль асар их учир дутагдалтай. Тухайлбал, ял эдлэх хүнийг нээлттэй, хаалттай гээд хоёр хуваачихсан. Хаалттай гэдэг нь 25 жилээс доош ял авсан хүмүүс чанга, онцгоотойгоо адилхан бөөнөөрөө нэг дор хоригдоно гэсэн үг. Энэ нь эргээд нөгөө хүнээ хүмүүжих боломжгүй болгодог. Үндсэн хуулинд хуулиар хориглосноос бусад тохиолдолд хүний амь насыг бүрэлгэхийг хориглосон.
Харин иргэд ийм байр суурьтай байна.
Баянзүрх дүүргийн иргэн С.Сэргэлэн: Монгол Улс цаазаар авах ялыг эргэж сэргээх ёстой
-Миний хувьд цаазаар авах ял байх ёстой гэж бодож байна. Монгол Улс цаазаар авах ялыг эргэж сэргээх ёстой. Яагаад гэвэл өнөөдөр нийгэмд аймшигт, жигшүүрт хэрэг их гарч байна. Энэ болгоныг иргэн хүний хувьд харж, сонсож үзээд сэтгэл дотроо айдастай явж байна. Өнөөдөр үйлдэгдэж байгаа аймшигт хэргүүдэд тохирсон цаазын ялыг сэргээх ёстой. Ингэхдээ зүгээр шууд цаазлахыг урьтал болгохгүйгээр ямар нэгэн байдлаар нийгэм, олон нийтэд гэмт хэрэг үйлдсэн эдгээдийг ил болгох хэрэгтэй. Үүнийг төр засаг бодлогоор зохицуулах ёстой. Би сонин, телевизээр мэдээ, мэдээлэл харж байхад Хятад улсад хууль маш хатуу хэрэгждэг гэсэн. Жишээ нь хүн хулгай, дээрмийн хэрэгт холбогдлоо гэхэд хэргийг үйлдсэн этгээдийг олон нийтэд ил мэдээллэдэг гэсэн. Энэ мэтчилэн олон нийтэд ил тод байдлаар хуулийн шийтгэл, ял ногдуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өнөөдөр ямар хариуцлага хүлээлгэж байгааг хэн ч мэдэхгүй байгаа. Шоронд ял эдэлж байгаа нь үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй байгаа биз дээ өнөөдөр.
Номын худалдаа эрхлэгч Н.Баасандорж: Цаазын ялгүй болсон нь анхнаасаа буруу шийдвэр байсан
-Цаазын ялгүй болсон нь анхнаасаа буруу шийдвэр байсан юм. Цаазын ялгүй байна гэдэг чинь эх орноосоо урвах нөхцөл байдлыг бий болгож байна гэж үздэг. Жишээ нь эх орноосоо урвасан хөрөнгө хүний хувьд 25 жилийн ял эдлээд гарах бол юу ч биш байхгүй юу. Өнөөдөр мөнгөтэйд нь хууль үйлчилдэг болсон энэ цаг үед цаазын ялыг сэргээх нь зүйтэй. Ялангуяа манай улс шиг ядуу, буурай улс оронд цаазын ял байх ёстой. Цаазын ялыг сэргээх ёстой. Зарим хүмүүс цаазын ялыг сэргээх нь хүний эрхийг асуудыг хөндөж байна гэсэн утга, агуулгатай зүйл ярьж байна. Энэ нь буруу гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид өдөр тутмын амьдралд оролцож явах болгонд бидний эрх, иргэн миний үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Би эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу гэвэл үгүй. Өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэрхэн яаж зөрчигдөж байгаа билээ. Энэ бүгд л хүний эрхийн асуудал шүү дээ.
-Сүхбаатар дүүргийн иргэн Л.Нина: Цаазын ялыг сэргээх эсэхэд сайтар бодож ул суурьтай хандах ёстой
-Цаазын ялыг сэргээлээ гээд хэн нэгэн гэм хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тийм болохоор цаазын ялыг сэргээх эсэхэд сайтар бодож ул суурьтай хандах ёстой болов уу гэж бодож байна. Харгис, аймшигтай гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүст мэдээж зохих хариуцлага шийтгэлийг ногдуулах нь мэдээж. Хүн гэмт хэрэг үйлдэж байгаа нь тухай хүний суурь хүмүүжил, боловсролтой шууд холбоотой. Цаазын ял сэргээлээ гэхэд хүмүүс гэмт хэрэг үйлдэхээ болино гэж байхгүй байх гэж бодож байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Дашцэрэн: Хүнд гэмт хэрэг үйлдээд байгаа этгээдүүдийг цаазаар авах хэрэгтэй
-Олон улсад цаазын ялаас татгалзаж байгаа. Энэ нь хүний эрхийн асуудал, тухай улсын хөгжил дэвшилтэй холбоотой болов уу. Бид дотроо, нийгмээ цэвэрлэж байж дараа дараагийн шатны зүйлийг ярих ёстой. Манай улсад цаазын ялыг сээргээх нь зүйтэй. Ялангуяа өнөөдөр нийгэмд үйлдэгдэж байгаа хүнд гэмт хэрэг үйлдээд байгаа этгээдүүдийг цаазаар авах хэрэгтэй. Үүнийг бол би иргэн хүний хувьд дэмжиж байна.