“Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилд хязгаар гэж үгүй” гэсэн сайхан урмын үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Ц.Нямдорж: Яаж мэдэх нь чамд ямар хамаатай юм бэ. Би баримттай л юм ярина шүү дээ
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон. Харин энэ долоо хоногийн даваа гариг буюу өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн оролцсон нэвтрүүлгээс ОНЦЛОХ 30 ишлэлийг бэлтгэн хүргэж байна.
БИ ТҮРЭЭСИЙН БАЙШИНДАА АМЬДАРЧ БАЙНА
- Б.Хурц Эрдэнэтийн асуудлаар хойшоо гарч, Оросуудтай уулзаж байсан, луйварт гар бие оролцсон гэдэг үнэнээ хэлсэн.
- С.Зоригийн хэргийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ хэргийг нууцаас гаргана даа.
- Нам хэрэг илрүүлнэ гэж байдаггүй юм.
- Б.Хурц нэг хэдэн цүнхтэй ирсэн учраас би хоёр цаастай ирсэн юм.
- Цагдааг Хууль зүйн сайд удирддаг санаатай юм л даа.
- Чи нэг зүйлийг хэзээ ойлгох юм бэ. Нам хэрэг мөрдөдгүй.
- Б.Хурц Берлиний нисэх онгоцны буудал дээр нэг герман хүнийг би холоос хараад зогсож байсан гэж худлаа хэлж байна лээ. Д.Энхбатыг чинь миний ойлгосноор Францаас хулгайлсан.
- Би хууль мэддэг хүн шүү. Үүнээс болж Б.Хурцыг Англид баривчилсан.
- Ер нь надтай холбоод байгаа зүйл чинь чинь явж, явж Л.Санжаасүрэнтэй холбоотой юм шүү дээ.
- Би хүний өмнөөс аль болгон ажил хийдэг юм. Тиймээс нууцаасаа гаргаад шалгуулах хэрэгтэй л дээ.
- Би 20 жил гүтгүүлж байгаа. Тагнуулын байгууллага УИХ-ын гишүүдийг 1996 онд бас нэг тагнаж турших үйл ажиллагаа явуулсан.
- Тэгээд шалгагдсан хүмүүсээс С.Зориг 1998 онд алагдсан. Дараа жил нь О.Дашбалбар нас барсан. Би шалгалтын дүнг танилцуулж байгаад 50 хүний өмнө үхэх шахсан.
- 2009 онд Ц.Элбэгдорж Солонгосчуудаас мөнгө авч байгаа бичлэг тарсан даа. Тэр бичлэг тусгай албаных байсан.
- Монголд 328 сая ам.долларын хөрөнгөтэй нэг айлын авгай байтугай банк байхгүй.
- Шүүхийн шийдвэрийг нь би яагаад авсан гэхээр тэд хожмийн нэг өдөр дотор нь засвар хийнэ гэж тооцож авсан. 1992 онд Ж.Баатарын баталсан төлөвлөгөөгөөр би явсан. Тэрийг 1990 он болгож зассан байна.
- Тагнуулын байгууллага миний талаар материал зохиож бүрдүүлж чадаж байгаа юм чинь жирийн иргэнийг алаад л дуусах юм байна.
- Дотор нь засвар хийх гэж байна гэж гэдгийг надад хүн хэлээд байсан юм шүү. Би зөндөө танилтай хүн.
- Би Эрдэнэтийн асуудал дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байхаар нь Б.Хурцыг дагуулаад Ерөнхий сайд дээр орж байсан түүх бий. Соёлын төв гэдэг байгууллагыг л тусгай албаныхан сонирхоод байсан юм билээ. Тэр Хятадын төрийн ордонд ИХ Хурлын дарга нь намайг хүлээж авсан нь үнэн. Ж.Баатар төлөвлөгөөг нь баталсан. Амарсанаагийн тушаалаар би явсан. Захиалгаар хүн алсан гэж шийтгэчихээд захиалагчийг нь одоог хүртэл зарлахгүй байна. Яаж мэдэх нь чамд ямар хамаатай юм бэ. Би баримттай л юм ярина шүү дээ.
- Захиалагчийг нь зарлаач гэдэг юмыг би эртнээс тавьж ирсэн. ТЕГ-ын дарга Б.Хурц нэг элчин сайдтай уулзаад хувийн зурвас авч байгаа юм шиг нэг бичиг авна гэж байхгүй. Гадаад харилцааны яамаар дамждаг юм.
- Л.Болд их ноцтой юм ярьсан байсан шүү. Хойноос мөрдөж мөшгөөд байх юм байхгүй. Шударга байх ёстой.
- Яагаад Хотын газрын албаны дарга байсан хүн яагаад ЦЕГ-т том албан тушаалд ирдэг юм. Шударга байх ёстой.
- Манай хүүхдүүдийн бариулсан байшин нийт дүнгээрээ 500 сая л болсон байх. Би түрээсийн байшиндаа амьдарч байна. Би хуулийн хувьд чамд хариулж байна. Талууд нөхцөлөө тохиролцдог юм.
4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж иргэдэд худалдаалжээ
Эдийн засаг хямралтай байна энэ цаг үед орон нутагт төрийн мөнгөөр тансаглаж, суух нөхөд олширсоор байгааг АТГ-аас баримттайгаар мэдэгдсэн юм. Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр АТГ-ын ажлын хэсгүүд 21 аймаг, тэдгээрийн 98 сумын төрийн байгууллагуудад ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм. Тодруулбал. Засаг даргын нөөц хөрөнгийг зохих журмын хэрэгжилтийг хангахгүй, үр ашиггүй зарцуулдаг. Шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулдаг, хууль бусаар төрийн албан хаагчийг халж, сольдог нь тогтоогдсон байна.
Зөрчил 1: 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан.
Зөрчил 2: Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг тус тус зарцуулсан байна.
Зөрчил 3: Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Шалтгаан нь тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй гэх.
Зөрчил 4: Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тус тус тогтоосон байна.
Зөрчил 5: Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасныг зөрчиж байна.
Зөрчил 6: Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг 8 төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажиллаж байжээ.
Зөрчил 7: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байна.
Гал унтраах зориулалттай бус бут сөөг услах зориулалтай машин худалдаж авсан зөрчил илэрчээ
Зөрчил 8: Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна.
Зөрчил 9: 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээрТөрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96,964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76,237,881 төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27,931,796 төгрөг олгосон байна.
Зөрчил 10: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд үндэслэсэн болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулах олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна.
Зөрчил 11: Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй.
Зөрчил 12: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчин аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалинг хандив болгон авсан, хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр /тендер, эрх олгох/ гаргасан тохиолдол түгээмэл байна.
Зөрчил 13: Баянхонгор аймгийн Баян-Овоосумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Татварын ерөнхий хуулийг зөрчин татварын хэмжээ тогтоосон байна. Тодорхой төрлийн нэг удаагийн үйлчилгээ эрхэлсний татвар гэж иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр авч, уг төлбөрийг хандивын дансанд төвлөрүүлсэн байна.
Зөрчил 14: Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан.
Зөрчил 15: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.
Зөрчил 16: Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байжээ.
Зөрчил 17: Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.
Гэх мэт хууль зөрчсөн зөрчил дутагдал шалгалтын явцад илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн найруулагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнө нь зөрчилд тооцогддог байсан албан тушаалтны үйлдлүүд авлигын гэмт хэрэгт тооцогдох үндэслэлтэй болоод байгаа аж. Энэ мэтчилэн орон нутагт орон нутагт ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлуудын заримаас нь дурдахад энэ байна.
Д.Батбаяр: Манай бөхчүүд караокед ууж байгаад, жаахан архи нь хэтэрч, зодолдсон гэсэн
Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нарын асуудал хэрхэн шийдэгдэх эсэх нь олны анхаарлын төвд байна. Энэ асуудалтай холбогдуулан Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзаад ирсэн байна. Кёкүшюзан Д.Батбаяр Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн юм. Ингээд Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаярын яриаг хүргэж байна.
"СУМОГИЙН ХОЛБОО ЦААШИД ӨӨРСДӨӨ ЗОХИЦУУЛАГ ГЭЭД МОНГОЛДОО ХҮРЭЭД ИРЛЭЭ"
-Таныг Монголын сүмочидтой холбоотой асуудлаар Япон улс руу явсан гэсэн мэдээлэл гарсан. Хоёр бөхийн асуудал Сумо бөхийн холбоо дээр ямар асуудал үүсгээд байна вэ? Дээрх хэрэг шийдэгдэх болов уу?
-Хувийн хөрөнгө оруулагчтайгаа уулзахаар явсан. Яг тухайн үед Монголын сүмочдын талаар ийм ноцтой нилээн ширүүн асуудал гарсан байсан. Гарсан хэрэг явдалтай холбогдуулан Японы хэвлэл мэдээллийнхэн ярилцлага өгөөч ээ, Монголын сүмо бөхийн холбооны байр сууриа илэрхийлээч гэсэн. Миний хувьд нэг хоноод хоёр дах хоног дээрээ ирэх байсан ч тав хоноод ирлээ. Нилээн завгүй байж байгаад ирлээ. Шуудхан хэлэхэд, манай бөхчүүд караокед ууж байгаад, жаахан архи нь хэтэрч, зодолдсон л асуудал. Байдаг асуудал л даа. Нэг нь нөгөөгөө зодчихсон, тэр нь жаахан хэтэрчихсэн. Түүнээс тэнд тэгж хоёр бөх бие биенээ дээрэлхсэн ч юм уу, ямар нэгэн өс хонзон авах гэсэн юм байхгүй. Тэрийг би очоод мэдсэн. Бас Японы сүмогийн мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөн.Кёкүшюзан анхдагч нь, мөн Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, дээр нь Харумафүжи, Хакухо гээд олон бөхийг сумод оруулсан хүн. Та энэ хоёрыг уулзуулаад, гар бариулаад, Японы хэвлэл мэдээллээр гаргаад, хоёулангаар нь “Уучлаарай, бид хоёрын буруу байсан юм аа. Японы ард түмээн, сүмог дэмжигчид ээ, миний буруу. Бид хоёр буруу зүйл хийсэн байна аа гэдгээ хэлээд уучлалт гуйлгачих юм бол энэ асуудал зогсчих юм байна аа. Аль аль ояката нь хоорондоо сайн биш байдаг юм байна. Хоёулантай нь чи арай харилцаа сайтай байдаг гэдэг утгаар холбоод зохион байгуулчих боломж юу байна гэсэн. Би нээрээ бас болчих юм болов уу гэж бодсон.
-Та хоёр сүмотой уулзаж чадсан уу?
-Хоёулантай нь уулзаж чадаагүй. Нэг нь надтай утсаар ярьсан. Юу болсон талаар хэлсэн. Цаашид тэр хоёртой уулзаад яг энэ асуудал дээр Японы ард түмэн, сумо дэмжигчдээс уучлалт гуйгаад болчих болов уу гэсэн, боломжгүй болчихсон байна лээ. Яагаад гэвэл энэ асуудал цагдаагийн асуудал болчихсон. Цагдаад гомдол гаргасан, дээр нь хоёр захирлууд нь хоёр тийшээ харчихсан. Ер нь цаашид танхайрах, хүн зодох асуудлыг зогсооно гэсэн байр суурьтай болсон байна. Миний хувьд цаашид зохицуулах боломжгүй болчихсон юм байна. Сумогийн холбоо цаашид өөрсдөө зохицуулаг гээд Монголдоо хүрээд ирлээ. Монголын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа шиг Японы сумо бөхийн холбоо Монголын бөхчүүдийг шахсан юм огт байхгүй. Урд нь манай Аса аварга маань бас л бусдад гар хүрснээс болж сумо бөхийн холбоон дээр асуудал үүссэн. Зүгээр хөөхгүй шүү дээ. Тэгээд зодог тайлах шалтгаан нь болсон. Өнөөдөр адилхан Монгол бөхөө гэмтээж танхайрсан асуудал гарсан. Энэ асуудлаас болж л Японы сумо бөхийн холбоо монгол бөхийг хөөнө, хөөхгүй гэсэн асуудал ярьж байгаа. Энэ бол хоёр орны хооронд сэв суулгаж магадгүй асуудал гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр хаа хамаагүй бичиж болохгүй. Кёкүшюзан зохион байгуулаад зодолдуулсан юм шиг ярьж болохгүй ээ. Энэ бол манай хоёр бөх архи уугаад хоорондоо зодолдсон л хэрэг. Ийм асуудал монгол бөхчүүдэд ч байдаг, япон бөхчүүдэд ч байдаг. Гэхдээ япон бөхчүүд архи уусан ч хоорондоо зодолддоггүй.
-Харумафүжийг Японоос хөөх асуудал яригдаж байгаа болов уу?
-Ер нь Харумафүжиг Японы сүмо бөхөөс хөөх үү, үгүй юу гэдэг асуудал үнэхээр манай Таканоива Баасандорж маань бэртсэн үү, бэртээгүй юу гэдгээс л шалтгаална. Өөрөө над руу ярихдаа маш том гэмтэлтэй байгаа. Тархины гавал цуурсан, чих сонсохоо больсон, маш олон оёо тавиулсан гэдгээ хэлсэн л дээ. Тэрийг бол би нүдээрээ хараагүй. Би “Монголын хэвлэл мэдээллээр чамайг ах хүндээ зодуулчихаад, гэмтсэн юм шиг муухай мэдээлэл гарч байна. Үнэхээр тийм бол надад эмнэлгийн бодит бичиг баримт, зургаа өгөөрэй” гэсэн. “За ах аа, сумо дууссаны дараа өгнө” гэж байсан. Өчигдөр сумо дууссан. Би Сөүлээр дамжиж явсаар байгаад ирлээ.
"Ц.Нямдоржийн хүүхэд Эрдэнэт үйлдвэрт бараа шахаагүй" гэв
Энэ оны ихээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү “Эрдэнэт”-д олон тэрбум төгрөгийн шахааны бизнес цэцэглүүлсэн талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрт түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл өчигдөр АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ энэ асуултад хариулт өглөө. АТГ-аас мэдээлэхдээ “Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т бараа бүтээгдэхүүн шахсан гэх хэрэг шалгагдаагүй. Харин ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй н.Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. "Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” гэсэн хариултыг өглөө.
Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлж магадгүй
Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна. Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра ярьсанаар бол хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой хэмээжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн утгатай үгийг хэлсэн байна.
Жолоочийн үнэмлэхийг хэвийн олгож эхэллээ
Хоёрдугаар сараас хойш хүлээгдээд байсан жолоочийн үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Жолоочийн үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах зэргээр шинээр үнэмлэх авах гэсэн 100 мянга гаруй иргэний материал Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд ирээд байсан юм.Тэгвэл жолоочийн үнэмлэх хэвлэлтээс гарч, өнөөдрөөс эхлэн иргэдэд тарааж байна.2014 оноос хойш жолоочийн үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсон. Тиймээс нээлттэй тендер зарлаж шалгарсан компани нь үнэмлэхийг хэвлүүлдэг болсон байна.
Дорнод аймгийн Баяндун суманд малын шүлхий өвчин илэрчээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 26 хонож байна. Өнөөдрийг алга болсон охиноос ямар нэгэн сураг гараагүй байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон, цагдаагийн байгууллагын ажилтанууд эрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Энэ сарын 23-нд тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй байна.
Д.Cэржмядаг охиныг дулааны шугамын худгуудаар хайжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 26 хонож байна. Өнөөдрийг алга болсон охиноос ямар нэгэн сураг гараагүй байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон, цагдаагийн байгууллагын ажилтанууд эрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Энэ сарын 23-нд тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй байна.
Шинээр хийгдсэн зогсоолууд ирэх сарын 1-нээс ашиглалтад орно
2017 онд шинээр хийгдсэн дараах зогсоолууд дээр ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн хэрэгслүүд зогсож үйлчлэх юм байна. Зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүргэх аж. 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн шинэчлэл хийгдсэн байна.