Чуулган
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль, Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү 10.00 цагаас эхлэх хуралдаанд гишүүд 40 минут хоцорч ирж байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр "Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг улс гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа” гэсэн тайлбар өглөө. Мөн УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай” гэсэн тайлбар өгсөн юм.
Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудлаа баталж, Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Т.Хулан