8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл зарна

2017-11-30 13:24:00

Чуулган

Чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, дутагдаад буй 225,0 мянган тонн улаанбуудайг импортоор авахдаа гаалын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай үүсчээ. Мөн 400 гаруй мянган тонн өвс, 51.0 мянган тонн хүчит тэжээлийг импортоор авах юм байна. Уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүнсний болон үрийн буудай, өвс тэжээлийг ирэх оны зургадугаар сарыг дуустал дээрх хоёр татвараас чөлөөлөхөөр тусгасаныг олонхийн саналаар дэмжлээ. 


Уг асуудлыг хэлэлцэх үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Улсын хэмжээнд жилд 1.2-1.4 сая тонн өвс тэжээл шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил нийт нутгаар гандуу байснаас энэ хэмжээний өвс тэжээл бэлтгэж чадаагүй. Энэхүү хууль батлагдвал бүх аймгуудад өвс тэжээл хуваарилна. Ирэх сарын 15-ны өдөр гэхэд тэжээлийг орон нутгуудад тарааж эхэлсэн байна. Ингэснээр малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл зарах буюу эсвэл мал махаар солих ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ер нь манай яаман дээр шуурхай ажлын хэсэг ажиллаж, аймгуудаас цаг үеийн мэдээ мэдээллийг авч байгаа. Баруун аймгуудад цагийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна" гэв. 


УИХ-ын гишүүн М.Билэгт “Өмнөх жилүүдэд жилд 4000 тонн мах экспортолдог байсан ч 2017 онд 21 мянган тонн мах экспортолсон. Бид иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд экспортын бүтээгдэхүүний тоог нэмэх, махны үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, малын тоо толгойг нь бэлчээрийн даацад нь тохируулан зөв бодлого хийх хэрэгтэй. Малчид, яам, төр гэсэн гурвалсан гэрээ хийх боломж бий юу” гэсэн асуулт асуухад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Махны борлуулалтыг сайжруулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Өнөөдрийн байдлаар 24 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Цаашид энэ тоог нэмэх 28,9 мянган тоон үхэр, 43,6 мянган тонн адууны мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөсөн. Харин бог малын махыг заавал квот тогтоохгүйгээр гаргах боломжтой хүрээнд экспортлохоор ажиллаж байна” гэлээ.


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment