“Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилд хязгаар гэж үгүй” гэсэн сайхан урмын үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Б.Жавхлан: Би шалгуулахад бэлэн байна
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан, гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутган шалгаж эхэлсэн гэж буй. Тус хэрэгтэй холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг мөн шалгаж эхэлсэн гэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа.
-Монголбанкны асуудлаар таныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Шалгах асуудлаар надад мэдэгдсэн юм алга. Шаардлагатай бол шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Монголбанкны хоёр Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Одоо байгаа хуулиар бол Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаад, бодлогоо хэрэгжүүлээд явдаг. Тэрхүү бодлого нь зөв, буруу эсэхийг гурван чиглэлээр шүүдэг юм шиг харагдаж байна. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар шүүдэг. Хоёрдугаарт, дунд урт хугацаанд цаг хугацаа харуулдаг. Хуулийн хүрээнд ажилласан эсэхийг хууль хүчнийхэн тогтооно. Тэгэхээр энэ удаад хуулийн байгууллага ажлаа хийж байгаа юм байна гэж би харж байна.
-Яг ямар асуудлаар Монголбанкыг буруутгаад байна вэ?
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Сайн” нэртэй хөтөлбөрүүд мөн Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дээр энэ асуудал яригдаж байгаа. Энэ удаагийн УИХ-аар ажлын хэсэг байгуулагдаад шалгаж, дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийг улстөрч, эдийн засагчид дэлгэрэнгүй ярилцсан.
- Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгахтай холбоотой УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш АТГ болон бусад хуулийн байгууллагаас таниас албан ёсоор байцаалт аваагүй гэж ойлгож болох уу?
- Аваагүй.
- Мөнгө хэвлэсэн шийдвэр зөв, буруу байсан эсэх талаар та ямар бодолтой явдаг вэ?
- Мөнгө хэвлэх гэдэг нь өөрөө улс төрийн хэллэг. Монгол банк өөрөө эргэлтэд байгаа хөрөнгийнхөө 10-20 хувийг хэрэглэж фондод барьж байдаг. Хэвлэж гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, багасгахтай холбоотой асуудал юм. Тухайн үеийн эдийн засаг савлагаатай байсан. Тиймээс Монгол банк болон бодлогын зөвлөлийн зүгээс мөнгө нийлүүлэлттэй асуудлаар шийдвэр гаргаж хэрэгжүүлээд л явуулж ирсэн. Түүний үр дүн нь өнөөдөр нийгэмд хэрхэн туссан нь харагдаж байгаа байх.
- Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь хэр үр дүнгээ өгсөн гэж та харж байгаа вэ?
- Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь хоёр талтай байсан. Энэ хөтөлбөрийг Монгол банк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Засгийн газраар дамжин хэрэгжих шатандаа болон эргэж хянах хяналтын шатандаа хүч нь суларсан, байгаа оноогүй зүйл байгааг үгүйсгэхгүй. Тухайн үед би тэргүүн дэд ерөнхийлөгч хийж байсан. Банкуудад хийх хяналт шалгалтын ажил болон Монгол банкны төлбөр тооцоо, мэдээлэл технологийн албаны ажлаа хариуцдаг байсан.
- Хөтөлбөр хэрэгжих явцдаа их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулагдсан юм уу?
- Үүнийг шалгах ажлын хэсэг гараад шалгалт хийгээд үр дүнгийнх нь талаар маш дэлгэрэнгүй ярьсан.
70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн онцлох 20 баримт
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканоива А.Баасандоржийн биед халдаж, толгойд нь хүнд гэмтэл учруулсан учир хариуцлага хүлээж зодог тайлахаар болсноо өчигдөр мэдэгдээд байна. Хэргийг сануулбал, өнгөрсөн сард Тоттори мужид тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт шар айрагны шилээр цохисон. Үүний улмаас Таканойва А.Баасандоржийн гавлын яс нь цуурч, тархи нь хөдөлсөн гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ хэрэг 10 сарын 26-нд Тоттори дахь уламжлалт бүс нутгийн аялал барилдааны дараа монгол бөхчүүд зугаацаж явахад үед болсон аж.
Үүссэн хэргийн улмаас Ёкозунагийн зөвлөл гурав хоногийн өмнө хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдээд байна. Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра ярьсанаар бол хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой гэсэн мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл Мэргэжлийн сүмогийн 70 дахь Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багштайгаа өчигдөр мэдэгдэл хийсэн юм. Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, уран барилдаант аварга Харүмафүжи зодог тайлж, сүмогийн ертөнцөө орхиж байгаад харамсах хүн олон.
Аралын Япон улс 130 сая хүнтэй бол Азийн цээжинд орших Чингисийн Монгол улс гурван сая хүн амтай. Монголчууд 1990-ээд оны эхэн үеэс тус улсын мэргэжлийн сүмогийн дэвжээг гурван ёкозүна төрсний нэг нь Харумафүжи юм. Мөн Харумафүжи Д.Бямбадорж нь сүмогоос өөрийн хүсэлтээр зодогоо тайлж буй хоёр дахь аварга болж байна.
Түүний талаарх онцлох 20 баримтуудыг хүргэе.
- 1984 оны 4 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул.
- Анх 2000 онд Японы мэргэжлийн сумогийн Ажигава дэвжээний багш Монголд ирээд гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж аж.
- 2000 оны есдүгээр сарын 16-нд арлын Япон улсад хөл тавьж. Түүний сүмогийн амьдрал эхэлжээ.
- Сүмо бөхийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна.
- 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилдаж ирсэн. 2012 оны 11 сараас сүмо бөхийн дээд цол олох ёкозүна цолтой барилдаж эхэлсэн.
ХАРУМАФҮЖИ: ЗОВЛОГО ЗОВОХООС ЗОРИЛГО МОХОХГҮЙ
- Харумафүжигийн хэлэх дуртай үг “Зовлого зовохоос зорилго мохохгүй”. Тэрбээр энэ үгийг өөр өөртөө хэлж ирсэн хэмээн нэгэн хэвлэл өгсөн ярилцлагадаа онцолжээ.
- 2008 оны 11 сарын башод ёкозүна Хакүхотой үзүүр түрүү булаалдаж урамтай сайхан барилдааныг үзүүлж байсан.
- Түүний үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ.
- 2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртжээ.
- 31 дараалан давж Японы мэргэжлийн сүмогын 70 дахь их аварга.
- Хүүхэд байхдаа Асашёорюү аваргатай хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байсан.
- Түүний аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат.
- Харумафүжигийн аав цаг бусаар хорвоог орхисон аавыгаа хөдөөлүүлэхэд ирж чадаагүй. Японы сумогийн холбоо түүнд зөвшөөрөл өгөөгүй юм байна. Түүнийг 23 насандаа аав нь өөд болжээ.
- Тэрээр сүмогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авч 9 дүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Түүний эхнэр М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн.
- Харин 2011 онд Токио хот албан ёсоор хуримаа хийсэн. Хосуудын хуриманд 1000 гаруй зочид уригдаж байжээ.
БӨХ БОЛООГҮЙ БАЙСАН БОЛ ЗУРААЧ БОЛОХ БАЙСАН
- Тэрээр “Бөх болоогүй байсан бол зураач болох байсан биз. Би зургийн сонгонд явдаг байхдаа зураач л болно гээд хатуу шийдчихсэн байсан юм. Одоо харин зураг зураад суух зав нэг их гарахгүй юм даа” гэж ярьсан байжээ.
- Харумафүжи МУГЖ дуучин Б.Сарантуяагийн 14 дэхь цомогт орсон бүх дууны клипийг Харумофужи Д.Бямбадорж 100 хувь ивээн тэтгэж байжээ. Учир нь хүүхэд байхаасаа дуучин Сарантуаягийн дууг сонсдог фэн нь аж.
- Харумафүжи Д.Бямбадоржийг Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хурц барилдаанаараа ялгардаг хэмжээн дэвжээнийхэн үнэлж байсан удаатай аж.
- Харумафүжи миний нэг өдөр барилдаантай өдөр эрт босч, тэмцээн эхлэхээс дөрвөн цагийн өмнө ордонд очсон байна. Ирээд бие халаалт, сэтгэл зүйн бэлтгэл хийнэ. Үсээ самнуулахад их цаг орно. Усанд орно. Дахиад л бие халаалт, хамгийн сүүлд дахин үсээ самнуулна. Үлдсэн минутанд чимээгүйхэн сууж анхаарлаа төвлөрүүлнэ хэмээн товчхон тайлбарлаж байжээ.
- Харүмафүжи зодог тайлах шийдвэр гаргасан тухайгаа ойр дотныхондоо дуулгаж, миний сэтгэлзүй энэ бүхнийг дийлэхгүй байна гэж ярьжээ.
Л.Болд: Би тэнгэрт байгаа аав ээжийнхээ сүнсээр тангараглая
Энэ сарын 15-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойт Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Би хариулчих юм уу, гишүүд ээ айн?. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан” хэмээн хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс “Улаан цайм ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болд дахин байр сууриа илэрхийллээ. Л.Болд гишүүн хэлэхдээ “УИХ дээр хэн нэг нь орж ирээд гэнэт “Та хүний аминд хүрсэн” гэж ярьж байна. Би байцаалт мэдүүлэг өгсөн. Хүн болгон над руу юу болсон бэ гэж асууж байна. Би тэнгэрт байгаа аав ээжийнхээ сүнсээр тангараглая. УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулж байна. Тиймээс нийтийн сонсгол явуулах хэрэгтэй” хэмээн хэллээ.
Д.Лүндээжанцан: Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг улс байхгүй
2017-11-30 12:21
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль, Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү 10.00 цагаас эхлэх хуралдаанд гишүүд 40 минут хоцорч ирж байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр "Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг улс гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа” гэсэн тайлбар өглөө. Мөн УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай” гэсэн тайлбар өгсөн юм.
Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудлаа баталж, Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Кёкшюзанбатбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөллөө
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Даваагийн Кёкшюзанбатбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилсон. Өнөөдөр Ерөнхийлөгч захирамж гаргаж, Даваагийн Кёкшюзанбатбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс бүр чөлөөлжээ. Кёкүшюзан Д.Батбаяр, Асашёорү Д.Дагвадорж нар Харумафүжи Д.Бямбадоржийн асуудлаас болж хоорондоо хэвлэлээр нэлээн муудалцаад байгаа юм. Энэ асуудлаас болж, Асашёорү Д.Дагвадорж Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн худал нэр зүүж явлаа хэмээгээд байгаа юм. Тиймээс Д.Батбаярын албан үүргээсээ чөлөөлөгдсөн нь Д.Дагвадоржтой холбоотой хэмээн иргэд үзэж байна.
Хятадын шүүхээс 25 жилийн ял сонссон Л.Байгальмаа эх орондоо ирнэ
Одоогоос хэдэн жилийн өмнө манай улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих ялаар шийтгүүлсэн. Түүнээс хойш 8 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр авчрах талаар хэд хэдэн удаа яригдаж байсан. Тэгвэл тус хэлэлцээр амжилттай болж, ирэх сарын 6-нд Монгол руу шилжүүлэхээр болжээ. Уг нь энэ оны гуравдугаар сард түүнийг тус хэлэлцээрт багтаах байх гэж найдаж байсан ч талаар болсон. Манай улс энэ оны эхээр БНХАУ-аас 25, Шведээс нэг, БНСУ-аас хоёр ялтан солилцох санал гаргаад байсан.Харин тэдний дунд хар тамхины хэргээр ял сонссон Л.Байгальмаагийн нэр яагаад байгаагүй Гадаад харилцааны яамнаас Л.Байгальмаа өөрөө хүсэлт гаргаагүй байсан тул хэлэлцээрт багтаагүй" гэх тайлбарыг өгч байсан.
"Битүү морь" шинэ топ модель Т.Халиуны зургууд
Монголын загварын чиг хандлагыг тодорхойлдог "Гоёл 2018" наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиун тодроод байгаа юм. 30 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан "Гоёл" наадмын топ модель тодроод буй Т.Халиун нь энэ жил 30 настай. Хэвлэлийнхэн түүнийг "Битүү морь" гэж нэрлээд байна. Учир нь түүний нэр топ моделиор тодрох магадлалтай хүмүүсийн дунд яригдаж байгаагүй юм. Олон нийтийн дунд танигдаж амжаагүй байсан ч топ модель болсон тэрбээр "Шилмэл загвар" агентлагт загвар өмсдөг байна.
Түүний хувьд анх 13 настайгаасаа загвар өмсөж эхэлжээ. Тэрбээр шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ нь надад асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр ирсэн шагнал. Маш их баяртай байна. Би энэ жил "Гоёл" наадамдаа орохгүй дээ гэсэн бодолтой байсан. Гэхдээ 30 дахь жил нь болж байна.Миний хүндэлж явдаг хамгийн том тэмцээн учраас оръё гэж шийдсэн ингээд шагнал авчихлаа. Үнэхээр гайхалтай сайхан байна. Баяраас минь хуваалцсан та бүхэнд баярлалаа" гэлээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Н.Золжаргалыг АТГ сатуулан шалгаж эхэлжээ
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан байна. Н.Золжаргалыг саатуулан АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан, гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутган шалгаж эхэлсэн байна.