Чуулган
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийгээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдвал Монголбанкнаас арилжааны банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно гэж л хууль санаачлагчид хэлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж -Арилжааны банкууд хоёр төрлийн хууль бус ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт аадгаламжийн мөнгийг хувийн компани руугаа оруулдаг. Хоёрдугаарт охин компани байгуулж улсын өмчийг зувчуулж байгаа нь хууль бус юм. Охин компани байгуулахтай холбоотой асуудлаар хууль санаачилж энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй" гэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан -Сүүлийн 27 жилд хувиараа хөдөлмөр эрхлэгчид банкуудыг томруулж ирсэн. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэхэд банкуудын цэвэр ашиг 242 тэрбум төгрөг болсон байна. Өнөөдөр малчид ХААН банкны малыг маллаж байна хэмээн ярьдаг болсон. Залуус орон сууцны зээлээ төлөөд байдаг, гэтэл үндсэн зээлнээс нь бага хэмжээтэй хорогддог. Тиймээс Монгол Улс дахь 800 мянган зээлдэгчдийнхээ эрх ашгийг хуулиар хамгаалдаг болох хэрэгтэй. Арилжааны банкуудад өрсөлдөөн оруулж, төрөлжүүлэх шаардлагатай гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа -Монголын эдийн засаг унаад байна гэж яриад байдаг. Гэтэл банкууд 242 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ гэж сая Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Яагаад банкны салбар ашигтай ажиллаад байгаа хэрнээ бусад салбар унаад байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Арилжааны банкууд өнөөдөр Засгийн газрын бондыг авчихаад иргэдэд зээл гаргадаггүй байж болохгүй. Мөн банкуудын эздийг их тодорхой болгох хэрэгтэй. Арилжааны банкны засаглалыг сайжруулах нь зүйтэй" гэв.
Т.Энхэлээ