Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж С.Зоригийн хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргиийн сайд Ц.Нямдорж дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргахаар болсныг хэлэлцэж дэмжлээ. Хэрэгтэй холбогдуулан нийт 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг одоо УИХ-аар оруулж хэлэлцэнэ. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц бий. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах бооломжтой байдаг. Хоёрдугаарт хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна" хэмээн хэллээ.
Тэрбээр энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзлаа.