8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа

2017-12-01 13:24:31

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсний зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулж, энэ талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, С.Чинзориг, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуулиудтай зөрчилдөж байгаа, орон нутагт талцал, улстөржилтийг улам дэвэргэх, иргэдийн Хурлын төлөөлөгчдийг Засаг даргын хараат байдалд оруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах биш улам сулруулах талтайг анхаарах, иймээс Засгийн газар төслөө татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Харин Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн төсөл өнгөрсөн онд өргөн баригдсан төсөл. Хуулийн төслийн гол агуулга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгоход чиглэгдэж байгаа юм. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна харж байгаа. Өмнө нь 1992-2008 он хүртэл иргэдийн Хурлын төлөөлөгчид зуун хувь төрийн албан хаагч байсан эрх зүйн зохицуулалттай байсан.

Цаашдаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, хот тосгоны эрх зүйн байдлыг оновчтой шийдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ зун, намрын туршид орон даяар зохион байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад иргэдээс 320 гаруй мянган санал ирүүлснийг нэгбүрчлэн бүртгэж ангилан архивын нэгж үүсгэх ажил үндсэндээ шувтарч байна. Мөн хуулийн төсөлтэй холбогдолгүй 40 гаруй мянган санал ирүүлсэн байгаа. Энэ бүхнийг судалж нягталж байж төслийг боловсруулна. Иймээс тулгарсан асуудлыг шийдэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүйг ухаарч, урагшаа харж ажиллах шаардлагатай байна гэдгийг хэллээ.

 

Ингээд төслийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 10.6-д зааснаас бусад тохиолдолд” гэснийг хасах, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 10.5 дахь хэсэгт “Төрийн захиргааны албан хаагч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнгүй.

Харин уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “15.1.8 дахь заалт нь” гэснийг “18.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон нь” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь дэмжсэн бол мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал олонхийн дэмжлэг авсангүй.

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төсөл болон хамт өргөн баригдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтийн дагуу хуралдаан даргалагч уг хуулийн төслөөр МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага олгож буйг мэдэгдлээ.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын Гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment