8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-12-04 08:49:01

ХОНЬ

Хонины ордынхон аливаа зүйлийг эхлээд хийчихээд, дараа нь асуудаг. Харин энэ долоо хоногт эсрэгээрээ байх болно. Од эрхсийн нөлөөгөөр таны зөнч байдал сэргэж, аливааг эргэцүүлэн бодох, ирээдүйн талаар төсөөлөх нь ихэснэ. Бямба гаригт таны сэрэл мэдрэмж онцгой төвшинд хүрэх болно. Ганц бие хониныхон энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учирч магадгүй.

ҮХЭР

Ялагдал. Ялихгүй жижиг маргаан, ажил, амьдралын бүхий л асуудалд “ялагдсан” юм шиг мэдрэмж төрж байвал гайхах хэрэггүй. Од эрхсийн байрлал таны сэтгэл санааны байдалд хүртэл нөлөөлдөг юм шүү. Түр зуурын энэ мэдрэмж таныг тийм  ч удаан зовоохгүй. Бямба гаригт та “хайрын бурхан” шиг л байх болно. Хамгийн ихээр хайрладаг хүмүүстэй цаг зав гаргаж, амралтын өдрүүдийг гэр бүлийн хүрээнд нам гүм өнгөрүүлээрэй. 

ИХЭР

Таныг ярих дуртай, үг хэлээрээ өөрийгөө илэрхийлэхийг хүсдэгийг чинь мэднэ. Гэхдээ харилцагчаа ярьж байх үед чимээгүй сонсох нь чухал. Зөвхөн үг яриагаар биш биеийн хэлээр та өөрийгөө бүрэн гүйцэт ойлгуулж чадна гэдгийг санаарай. Магадгүй тантай дотно харилцаатай байсан хүн таны хүсэмжит нэгэн биш гэдгийг ойлгож, өөр хэн нэгнээс эрж явсан зүйлээ олж мэднэ. Ажлын ачаалал их байх боловч та өөрөө урам зориг, эрч хүч дүүрэн байх тул түвэггүй даваад гарна. Завгүй байхын хажуугаар хэлсэн үг, амласан амлалтдаа хүрэхийг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Эмч рүү яаран гүйхээсээ өмнө амьдралын хэв маягтаа анхаарахыг зөвлөе. Зөвхөн энэ долоо хоногт ч биш, энэ сард та эрүүл мэнддээ анхаараарай. Хоол хүнс, дасгал хөдөлгөөнд анхаарч, ажил, амралтаа тохируулах хэрэгтэй. Албан томилолтоор гадаад аялалд явж магадгүй. 

АРСЛАН

Амьдралын бүхий л гэгээтэй талыг харж, авьяас чадвар, бүтээлч чанар сэргэсэн “амттай” долоо хоног таныг хүлээж байна. Гэхдээ өөртөө аз жаргал бэлэглэх цаг зав гаргахын тулд ажлын ачааллаа зөв хуваарилж, асуудлыг гартаа оруулах хэрэгтэй. Саад бэрхшээлийн заримыг нь боломж, сорилт хэмээн ойлгож, хагасыг нь алдаа, дутагдал гэж хүлээж авахыг хичээгээрэй. Та өөртөө итгэлтэй байсан ч  таны буруу байж мэднэ. 

ОХИН

Гэр бүлийн ялих, ялихгүй асуудал таныг шаналгаж байна уу? Тэгвэл айсуй долоо хоног танд цоо шинэ сэргэлт авчрах болно. Гэр бүлийн, орон гэр доторх уур амьсгал сэргэж, асуудлыг хүлээж авах сэтгэл зүй, сэтгэл санааны байдал ч сэргэх нь. Төгс төгөлдөрт хүрэх гэж, том, жижиг гэлтгүй бүхий л зүйлийг төгс төгөлдөр байлгах гэж хичээдэг та гэр бүлд үүссэн “төгс төгөлдөр бус” байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй бухимдаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш танд тийм ч ноцтой асуудал тулгараагүй. 

ЖИНЛҮҮР

Аливаа шийдвэрийн чинь үр дүн ямагт их, бага хэмжээний гарзтай байсан мэт санагдаж байсан уу. Эд мөнгөний биш ч гэсэн сэтгэл санааны хохиролтой мэт санагдаж, гуньж гутрах үе бишгүй байсан бол энэ долоо хоногт таныг сайн сайхан зүйл шил шилээ даган хүлээж байна. Санхүүгийн хувьд сэргэлт авч, ажлын ачаалал ч багасна. Амьдралын чухал “өгөгдөл”-үүдийг цуглуулж, тэдний хоорондын холбоог тасалдуулахад хүргэсэн цэгүүдийг та олж, тогтоож чадна. Ингэснээр алдаагаа ухамсарлаж, алдсан зүйлсээ эргүүлэн олж авч чадна гэсэн үг. Зүүд, зөн совиндоо итгэ. 

ХИЛЭНЦ

Бүтээлч байдал сэргэнэ. Санхүүгийн асуудалд няхуур, хянамгай байж, зөв төлөвлөлт хийснээр их хэмжээний мөнгөн урсгалыг өөртөө татах боломж байна. Хамгийн гол бүтээлч төлөвлөгөө боловсруулж, эрсдэлийг сайтах тооцоолох хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд тань од эрхэс таныг ивээнэ. Сэтгэл хөдлөлдөө захирагдах хэрэггүй.

НУМ

Таны дээр наран мандан, тэнгэр цэлмэсэн сайхан өдрүүд хүлээж байна. Амьдралд жижиг, сажиг зовлон бэрхшээл мундахгүй олон ч таны баяр баясгаланг унтрааж чадахгүй. Давуу талаа ашиглаж чадвал та айсуй долоо хоногт, айсуй сард олон “гайхамшиг” бүтээж чадна. Хайр дурлал, гэр бүл, ажил төрөл гээд аль ч талбарт та одтой байх болно.

МАТАР

Өнгөрсөн хугацаанд таныг бага багаар хэмлэж, идэж байсан таагүй дурсамж, бараан сүүдэр чухам юу байсныг та ойлгох болно. Энэ л хамгийн чухал. Юу таны сэтгэлийг үймүүлж байсныг мэдэж авснаар түүнээс ангижрах арга замыг та өөрөө олох болно. Зарим зүйлсийг хараагүй мэт өнгөрүүлдгээ болих хэрэгтэй. Бага ярьж, их уучил. Бясалга. Дасгал хөдөлгөөн хий. Бууж өг. Дахиад эхнээс нь эхэл. Бямба гаригт найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

ХУМХ

Нөхөрлөл, харилцаа холбоонд тулгуурласан долоо хоног байх болно. Чухал шийдвэр, амь дүйсэн чухал үе, санхүүгийн тулгамдсан байдал гээд эгзэгтэй үед найз нөхдийн тусламж танд дэм болно. Ажилдаа амжилт гаргах, тушаал дэвших, эсвэл олон нийтийн арга хэмжээнээс шагнуулах гээд ямар нэг гайхалтай зүйл таныг хүлээж байа.

ЗАГАС

Өөрийгөө дайчилж, барианд хүрэхээр тэмүүлж байгаа ч од эрхсийн нөлөөгөөр та төдийлөн амжилт олохгүй нь бололтой. Таныг арагш чангаах асуудал нэг бус байгаагаас гадна, үр дүнгүй алхам хийхээс та өөрөө зайлсхийх ёстой. Нэгэнт гоц гойд амжилтад хүрч чадахгүй учир хэсэгхэн зуур азнаж, өөртөө амралт өгөөрэй. Энэ хооронд төлөвлөгөөгөө улам бүр нарийн нягт болгох тал дээр анхаараарай. Сарын дундуур байдал өөрчлөгдөнө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment