8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд: АСЕМ-ыг маш бага мөнгөөр хийчих боломж байсан

2017-12-04 09:35:00

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

БИ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ХАНДЧИХСАН БАЙГАА

- Таныг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн. Үүнээс болж хоёр иргэн цаазаар авахуулж, Монгол улс 300 сая долларын өрөнд орсон гэх мэдээллийн дуулиан одоо ч тасраагүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Хойд Солонгосоос 300 сая долларын нэхэмжлэх ирсэн гэсэн. Та тэр нэхэмжлэхийг олж харсан уу?

- Би хараагүй байна. Зургадугаар сарын 12-нд Хойд Солонгосоор бичиг ирж түүнийг АТГ-д өгсөн гэж тэр хүн телевизээр мэдэгдсэн. Түүнээс өмнө чуулганы хуралдаан дээр нэхэмжлэх ирсэн гэж хэлсэн. Тэр үед нь нэхэмжлэх ирсэн юм байхдаа гээд би гайхаад байж байлаа. Хойд Солонгосоос бичиг ирэхээр нь ямар нэгэн бүртгэл хийлгүйгээр АТГ-т тэр дундаа өөрт нь өгсөн гэж тэр хүн хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр бичиг нь албан ёсных биш гэдгээ өөрөө хэлчихсэн байгаа биз. Мөн Хойд Солонгосоос ирсэн орчуулгыг зурагтаар харуулсан. Бид орчуулгыг нь уншлаа. Тэгэхэд манай АТГ Л.Болд гэдэг хүнтэй холбоотой асуудал байна уу гэдэг хүсэлтийг Хойд Солонгост тавьсан байгаа юм. Тэр хүсэлтэд нь Солонгосын талаас хэрхэн хариулж албан бичиг явуулсаныг хүргэе. Тодруулбал тэр бичигт “Төв прокурорын газар нь манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад 1.5 сая ам долларын авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд нь 300 мянган доллар залилсан хэмээх материал байсан гэдгийг мэдэгдэж байна” гэсэн байгаа юм. Тэр үед хэн нэгэн хүний гүтгэлэг, таамаглал эсвэл мэдүүлэг үү ямартай ч ямар нэгэн материал байсан юм байна. Түүнээс биш нэхэмжлэх биш байгаа юм. Манай талаас ийм хэрэг байна уу гэдгийг Хойд Солонгосоос асуусан. Энэ нь 2010-2015 оны хэрэг. Би 2012 онд Батлан хамгаалахын сайд байсан гэж бодвол энэ их дээр үеийн хэрэг байгаа биз. Энэ онуудад шалгагдаад дуусчихсан материал гэсэн үг. Материалыг нь эргэн сөхөхөд тэр хэрэг нь шалгагдаад нотлогдоогүй хаагдсан гэсэн байгаа юм. Тэгэхээр тэр хүн УИХ-ын чуулганы хуралд болон телевизээр худлаа ярьсан байгаа юм. Ийм хэрэг байхгүй, нэхэмжлэх ч байхгүй.Монгол, Солонгос хоёуланд нь хаагдчихсан. Ийм хэргийг зориудаар үүсгэж, гүтгэж явсан юм байна даа гэж би бодож байна. Зориуд захиалгаар буюу санаатайгаар намайг хутгаж оруулахын тулд ингэсэн байна. Та нарын хүсэлтээр шалгахад ийм материал байсан байна. Гэхдээ энэ хэрэг хаагдсан, нотлогдоогүй гэж Солонгосоос ирүүлсэн материалд дурдсан байгаа биз. Ийм зүйлийг зургаан сар хармаандаа авч яваад өнөөдөр ярьж байна. Энэ бол жинхэнэ хэлмэгдүүлэлт, нэр төрд халдсан хэрэг.

- Та нэр төрд халдсан асуудлаар шүүхэд хандсан уу?

- Би Хан-Уул дүүргийн шүүхэд хандчихсан байгаа. Одоо хариуг нь хүлээгээд сууж байгаа. Аюулгүйн зөвлөлд ч мөн хандсан байгаа. Учир нь үүний цаана Монголын нэр хүндийн асуудал яригдаж байна шүү дээ. Монгол улсыг зэвсэг зарсан гээд байгаа юм. Тухайн үедээ Оросын компани манайд хүсэлт тавьсан. Гэтэл тэр Оросын компани цаанаа Монголын хувийн компанитай холбоотой байсан. Тэр нь Хойд Солонгосын компанитай дам наймаа хийсэн гэдэг нь сүүлд мэдэгдсэн. Тэгээд би үүнийг бүрэн зогсоогоод хэргийг нь хуулийн компанид шалгуулахаар шилжүүлж байсан. Түүнийг намайг хийсэн мэтээр яриад байна. Би улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавина шүү дээ. Хэн нэгнийг шийтгүүлчих вий дээ гэж айгаад хориотой наймааг явуулж болохгүй биз дээ.Гэтэл намайг энэ ажлыг хэрэгжүүлж хүн шийтгүүлсэн бас мөнгө авсан гэж гүтгээд байгаа байхгүй юу. Аль гурав, дөрвөн жилийн өмнө шалгаад дуусчихсан хэрэг шүү дээ. Тухайн үед энэ асуудал энд, тэнд яригдсан. Гэхдээ тэр нь нотлогдоогүй. Би аваагүй юм чинь. Би амьдралдаа Хойд Солонгос хүнтэй ийм асуудлаар уулзаж үзээгүй. Тэр компанийг би нэг ч удаа харж байгаагүй.Зүгээр л тийм материал байсан байна гэдэг бичгийг авчихаад өнөөдөр хүн гүтгээд байна. Аль нэгэн хэрэгт нэр холбогдсон бол түүнийг нь байнга өөрийнх нь эсрэг ашиглаж болдог логикоор ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэвшвэл энэ материалыг гаргаж ирэхээр бэлдэж байсан юм байна лээ. Одоо би тэгэж ойлгоод байна. Ийм л юм хийдэг юм байна энэ хүмүүс.

- Ер нь энэ хэрэгтэй холбоотой өр байгаа юм уу?

- Би түүнийг мэдэхгүй шүү дээ. Компаниудын хоорон дахь асуудал. 2015 онд хаачихсан гэхээр бүх өр нь дуусчихсан болоод л хаасан байлгүй дээ. Хэрвээ өр нь дуусаагүй бол хэргийг нь хаагаагүй л  байгаагүй шүү дээ.

- Та өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд "Манай улсын гадаад бодлого сүүлийн үед ихээхэн учир дутагдалтай ажиллаж байна" хэмээн нилээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. Таны харж  байгаагаар манай улсын гадаад харилцаа үнэхээр тааруу түвшинд байна уу?

- Сүүлийн жилүүдийн статистикүүдийг харахад хэтийн тодорхой бууралтууд харагдаж байна. Мөн ардчилалынхаа үнэт зүйлсээс татгалзаж байгаа байдал ажиглагдаж байгаа. Хамгийн наад зах нь олон улсын тавцанд Монгол улсын ялгагдаж байсан гол байгууллагын нэг болох Ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагаанд ухралттай оролцож байна. Манай улс энэ байгууллагын үйл ажиллагаанд их санаачлага, идэвхтэй  ажиллаж байсан. Гэтэл сүүлийн үед бүрэн зогсоосон. Олон улсын парламентын холбоо, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагууд гэх мэт чухал ач холбогдолтой байгууллагуудын түвшинд бидний оролцоо, идэвх сулраад байна. Мөн хоёр талын идэвхжил их сул байна. 2022 онд НҮБ-д бид анх удаа аюулгүйн зөвлөлд сонгогдох гэж байгаа. Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед бид 40 гаруй орны дэмжлэг хүлээчихсэн байсан. Гэтэл одоо дөнгөж 47 орны дэмжлэгтэй явж байна. Надаас хойш гурван сайд ажилласан. Энэ хугацаанд дээрх тоо сайн ахиагүй байгаа биз. Гэтэл бид 2022 онд 200 гаруй орноос яаж дэмжлэг авах вэ?. Хугацаа богино байна. Одоо бид нойр, хоолгүй зүтгэж байж 2020 он гэхэд бусад орны дэмжлэгийг авсан байх ёстой. Тэгэхгүй бол бид 10 жилээр хаягдана. Цаашаа 2030, 2040 онд хүртэл өрсөлдөх орон нь тодорхой болоод эзэнтэй болчихно шүү дээ. Гадаад бодлого бол тусгаар тогтнолын амин сүнс. Үүнийгээ анхаарч ирэх жилийг том эргэлтийн он болгохгүй бол түгшүүр зарлах хэмжээнд л хүрээд байна.

- Та Гадаад хэргийн сайдаар ажиллаж  байсан хүний хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар улсынхаа гадаад бодлогыг шат ахиулахын тулд нэн тэргүүнд ямар ажлыг хийх шаардлагатай гэж та үзэж байгаа вэ?

- Хамгийн наад зах нь хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа тэнцвэртэй бодлоготой байх хэрэгтэй байна. Гурван талд харилцаагаа яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ мөн анхаарах хэрэгтэй. Хоёр хөрштэй хамтран хэрэгжүүлэхээр ярьж буй эдийн засгийн коридорын ажлаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь мөн чухал. Гуравдагч хөрштэй холбоотой том, том бодлогын асуудалд ахиц өөрчлөлт гаргах зайлшгүй  шаардлага бий болсон. Гадаад бодлого иргэн бүрт хамаатай. Үр ашиг нь ч тэр алдаа дутагдал нь ч мөн бүх иргэнд тусч очдог юм. Тэгэхээр гадаад бодлогоор иргэдээ дэмжих, хамгаалах тал дээр бодитой ахиц өөрчлөлт гаргах шаардлагатай. Төрийн гурван өндөрлөг гадаад бодлогоор нэг долгион дээр байж чадаж байж ажлаа хэрэгжүүлж чадна.

- Манай төрийн гурван өндөрлөг нэг долгион дээр ажиллаж чадаж байна гэж та  харж байна уу?

- Байж чадахын тулд хэн, хэн нь Үндсэн хуулийнхаа дагуу ямар нэгэн алхамыг хийх ёстой. Ойлголцож, нэгдсэн зохицуулалттай ирээдүйг харсан бодлого явуулах алхмыг хийж хүчин чармайлт хийх ёстой. Одоо цаг алдах эрх байхгүй. Зүгээр суудаг цаг биш гэдгийг манай намын бүлэг өнөөдөр анхааруулж байна. Одоо манайхан ханцуйгаа шамлаад л ажилдаа орох хэрэгтэй.Ирэх жилийн өдийд ямар нэгэн ажил хийгээгүй бол асуудлыг арай өөрөөр ярих байх.

АСЕМ-ЫГ МАШ БАГА МӨНГӨӨР ХИЙЧИХ БОЛОМЖ БАЙСАН

- АСЕМ-ыг зохион байгуулахдаа 14 тэрбумын зөрчил гаргасан талаар та нилээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

- Энэ бол үнэхээр харамсалтай. Гадаад харилцаа бол маш бага төсвөөр их том ажил хийж болдог салбар юм. Гадаад харилцааны агуу чанар нь энэ юм. Гадаад харилцааны салбарт маш бага хөрөнгө гаргуулах гэж би хөлсөө гартал зүтгэж ирсэн. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Салбарынхаа нэр хүндийг унагасан зүйл боллоо гэж харж байна. Цаашдаа ийм алдаа, дутагдал гарахгүй механизмыг сайн хийх ёстой. Үнэхээр ил тод байлгах хяналтын тогтолцоог оруулж өгөх хэрэгтэй. Уг нь АСЕМ-ыг маш бага мөнгөөр зохион байгуулчих байсан юм. Манайд зочид буудал, хурлын заал гээд бүх зүйл нь байна. Нутагтаа автобусаар явдаг Ерөнхийлөгч ч байсан зочид дунд. Орд харш нэхэж, тансаглах гэсэн нэг ч хүн энд ирээгүй. Ганц хонохын тулд олон сая доллар зарах ямар ч шаардлага байхгүй. Тэр зочид чинь өөрсдөө хөдөө тосгоноор явж тэр байтугай хөгжил буурай оронд явж нүхэн жорлонд ороод үзчихсэн хүмүүс шүү дээ. Монголын нөхцөл байдлыг байгаагаар нь харуулаад явуулах байсан. Тэгсэн бол тэд нар чинь бидний асуудлыг олж харж шийдэхэд туслах байсан байх. Бид нар асуудалгүй юм шиг харагдаж худлаа тогос шиг гоодох хэрэг байсан уу. АСЕМ гэх чухал арга хэмжээг Монголд зохион байгуулах эрхийг би их тэмцэж байж авсан. Гэтэл энэ арга хэмжээний нэр хүндийг ард түмний дунд унагачихлаа шүү дээ. Дарга нарын мөнгө иддэг хэрэгсэл юм байна гэх ойлголт иргэдийн дунд төрөөд байна. Олон улсын энэ том арга хэмжээний дохиураар хошгируулж байгаад доогуур нь мөнгө  идчихсэн байна шүү дээ. Энэ бол дэндүү харамсалтай. Тэгэхээр хариуцлага алдсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцож хохирлыг нь төлүүлэх ёстой.

- Сүүлийн үед гадны оронд Монголын нэр хүндтэй холбоотой бас нэгэн асуудал сөхөгдөж байгаа нь цаазын ялыг сэргээхтэй холбоотой асуудал байна. Хэрвээ бид цаазын ялыг сэргээвэл Монголын нэр хүнд олон улсын түвшинд унана гэж хуульчид хэлж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

- Бид эрх зүйт төртэй. Хууль зөрчсөн байр суурийг баримталж болохгүй шүү дээ. Олон улсын өмнө хүлээсэн гэрээ хэлэлцээр байна. Мөн Монгол улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гээд заачихсан. Тэгэхээр энэ хүрээндээ хууль ёсыг сахиулах, элдэв шигшүүрт гэмт хэргийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх, зөв зохион байгуулалтыг хийх гэх мэт ажлыг л хийх ёстой. Заавал амь насыг нь авахаас илүү өөр өршөөлгүй хатуу цээрлэлийг хүлээдэг байх нийгмийн ойлголцолыг бүрдүүлэх ёстой юм. Түүнээс биш өглөө босоод нэг зүйл сонсоод л “За одоо ална” гээд л тэгээд тайвшираад мартаад ирэхээрээ “За яахав амьд байж байг” гэдэг байж болохгүй. Монголын түүхэн онцлогыг харахад бид маш том сургамжтай улс юм. Бид цаазаар авдаг байсан ч одоо хөгжлийнхөө өөр шатанд ирчихээд байна шүү дээ. Тэгэхээр илүү үр нөлөөтэй шийтгэлийг ашигладаг  цаг үе юм. Цааз авах ялтай байлаа гэхэд нэг Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хүрээнээс давсан хугацаанаас хойшлуулдаг байх ёстой. Ямар нэгэн улс төрийн шалтгаанаар цаазаар авахыг ашигладаггүй байх ёстой юм.Цаазын ял нь өөрөө нийгэмд маш их хор хохиролтой юм. Нөгөөтэйгүүр манай улс энэ асуудлаар олон улсын гэрээнд нэгдчихсэн. Монгол улс цаазаар авах ялыг сэргээвэл бүх дэлхийд найдваргүй, тогтворгүй гэдэг ойлголт өгнө. Их сайн ярилцах хэрэгтэй. Нийт нийгмээрээ нэг ойлголцолд хүрч байж шийдэх ёстой. Магадгүй нийтээрээ цаазын ялыг сэргээнэ гэвэл би яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Гэхдээ би хор хохирлыг нь олон нийтэд ойлгуулахын төлөө дуу хоолойгоо хүргэх болно. Аль арга замыг сонгох нь зөв бэ гэдгийг би ойлгуулахын төлөө хичээнэ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өөө
үнэн л юм ярьсан байна. Гадаад харилцаанд санаа зовдог хүн байна
2017/12/04 103.9.90.53
Саруул
АСЕМ-ыг тансаг биш энгийн хийх боломж байсан. Өнөөдөр төсөв хөрөнгийг хэн шийдвэр гаргаж, тэр тансаг байранд хэн амьдарч, унаа тэргийг хэн унаж, тавилга хэрэгслийг хэн авсан АТГ сайтар шалгах ёстой.
2017/12/04 202.131.7.30
Иргэн
Үнэн ш дээ. Тэр үед байсан АН-ы хулгайчууд асар их мөнгө идэж ууж, угааж дуусгасан. Элбэгдорж гэж новш өөртөө оноо авах гэж энэ балай ямар ч хэрэгцээгүй юм авчирч Монголыг бөөн өрөнд оруулсан
2017/12/04 202.5.196.34
Irgen
Unen zuil yarisan bn oo: Гэтэл энэ арга хэмжээний нэр хүндийг ард түмний дунд унагачихлаа шүү дээ. Дарга нарын мөнгө иддэг хэрэгсэл юм байна гэх ойлголт иргэдийн дунд төрөөд байна.
2017/12/04 202.70.34.70
зочин
Боловсролтой, бодлоготой хүн арай өөр шүү дээ
2017/12/04 202.131.236.246
хоол
Лу.Болд гэж хэл аманд өртөж дуусдаггүй гар байна дөө
2017/12/04 103.229.121.68
  • Recent
  • Most Read
  • Most Comment