8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэрэг статусаа өөрчилсөн ч захиалагчийг илрүүлэх ажил бүрхэг хэвээрээ

2017-12-04 09:52:00

Одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Харин өнгөрөгч 2016 онд буюу яг одоогоос жилийн өмнө С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р ангид болсон. Шүүх хурал гурван өдөр болж шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон. 

Уг шүүх хурал болж дууссаны дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандаж, гомдол хүргүүлсэн байна. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон. Улмаар уг давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын ялыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн төрийн нууцын зэрэглэлээс гаргах тухай хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой 15,000 орчим хуудас бүхий хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Тодруулбал С.Зориг агсны хэрэгтээ холбоотой 15,000 орчим хуудас материалаас  нийт 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргасан. Харин уг хавтаст хэргийн материалаас захиалагчтай холбоотой 74 хуудсыг нууц хэвээр үлдээхийг Засгийн газар дэмжсэн юм. 

18 жилийн нүүр үзэж байгаа С.Зориг агсны хэргийг ямартай ч төрийн нууцын хэрэглэлээс гаргалаа. Ингэснээр тус хэрэгт холбогдоно ял сонсоод байгаа гурван хүнийг мөрдөн байцаасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тэр материалууд нь ил болно. Ахиж шинээр мөрдлөгө явуулахгүй. Ил болсон баримтын хүрээнд мөрдөн шалгах, шүүн шийдэх үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар олон нийт, өмгөөлөгчид хэлэлцэх, тайлбарлах боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр хуулийн байгууллага хэрхэн ажилласан бэ, хэр зөв ажилласан бэ, хангалттай нотолсон уу гэдгийг мэдэх боломжтой. Хэрвээ хуулийн байгууллага буруу буюу хангалтгүй ажилласан бол тэр хүмүүст нь хариуцлага тооцох боломж гарна гэсэн үг.

Тэгэхээр хэргийн тодорхой хэсэг нь ил болж шүүх, цагдаа, прокурорын байгууллага хэргийн хавтаст хэрэгтэй танилцах боломж гарч ирж байгаа аж. Улмаар Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр хэрэгт ахиц гарч статусаа өөрчилсөн ч захиалагчтай холбоотой 74 ширхэг хавтаст материал нууц хэвээр үлдээж захиалагчийг нь илрүүлэх ажил бүрхэг хэвээрээ.    

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment