МАХН арванхоёрдугаар сарын 16,17-ны өдөр МҮЭСТО-нд Их хурлаа хийхээр болжээ. Уг хуралдаанаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг ярилцахаас гадна намын даргыг өөрчлөх асуудлыг хөндөж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн Бага хурлын гишүүдийг шинэчилэх аж.
МАХН-ын Их хурал нь хоёр жилд нэг удаа хуралдах ёстой ч сүүлийн найман жилд ганц ч хуралдаагүй байна. Тус намын УИХ дахь ганц төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярыг өнгөрсөн хугацаанд намын дүрмээ зөрчиж, Бага хурлын 139 гишүүнийг сольж, оронд нь өөрийн хүмүүсээ томилсон гэж шүүмжилсэн. Тиймээс энэ их хурлаар намын даргад хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж тэрбээр мэдэгдээд байгаа.
Учир нь Н.Энхбаяр нь намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээгээгүйн дээр намын дүрмийг зөрчсөн гэж байгаа юм.
Т.Энхэлээ