8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шинэ жилээр 4 хоног амрахаар болж, Цогтцэций суманд газар хөдөлсөн өдөр

2017-12-04 18:40:00

“Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилд хязгаар гэж үгүй” гэсэн сайхан урмын үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Л.Болд: АСЕМ-ыг маш бага мөнгөөр хийчих боломж байсан

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

БИ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ХАНДЧИХСАН БАЙГАА

- Таныг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг нийлүүлсэн. Үүнээс болж хоёр иргэн цаазаар авахуулж, Монгол улс 300 сая долларын өрөнд орсон гэх мэдээллийн дуулиан одоо ч тасраагүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Хойд Солонгосоос 300 сая долларын нэхэмжлэх ирсэн гэсэн. Та тэр нэхэмжлэхийг олж харсан уу?

- Би хараагүй байна. Зургадугаар сарын 12-нд Хойд Солонгосоор бичиг ирж түүнийг АТГ-д өгсөн гэж тэр хүн телевизээр мэдэгдсэн. Түүнээс өмнө чуулганы хуралдаан дээр нэхэмжлэх ирсэн гэж хэлсэн. Тэр үед нь нэхэмжлэх ирсэн юм байхдаа гээд би гайхаад байж байлаа. Хойд Солонгосоос бичиг ирэхээр нь ямар нэгэн бүртгэл хийлгүйгээр АТГ-т тэр дундаа өөрт нь өгсөн гэж тэр хүн хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр бичиг нь албан ёсных биш гэдгээ өөрөө хэлчихсэн байгаа биз. Мөн Хойд Солонгосоос ирсэн орчуулгыг зурагтаар харуулсан. Бид орчуулгыг нь уншлаа. Тэгэхэд манай АТГ Л.Болд гэдэг хүнтэй холбоотой асуудал байна уу гэдэг хүсэлтийг Хойд Солонгост тавьсан байгаа юм. Тэр хүсэлтэд нь Солонгосын талаас хэрхэн хариулж албан бичиг явуулсаныг хүргэе. Тодруулбал тэр бичигт “Төв прокурорын газар нь манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад 1.5 сая ам долларын авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд нь 300 мянган доллар залилсан хэмээх материал байсан гэдгийг мэдэгдэж байна” гэсэн байгаа юм. Тэр үед хэн нэгэн хүний гүтгэлэг, таамаглал эсвэл мэдүүлэг үү ямартай ч ямар нэгэн материал байсан юм байна. Түүнээс биш нэхэмжлэх биш байгаа юм. Манай талаас ийм хэрэг байна уу гэдгийг Хойд Солонгосоос асуусан. Энэ нь 2010-2015 оны хэрэг. Би 2012 онд Батлан хамгаалахын сайд байсан гэж бодвол энэ их дээр үеийн хэрэг байгаа биз. Энэ онуудад шалгагдаад дуусчихсан материал гэсэн үг. Материалыг нь эргэн сөхөхөд тэр хэрэг нь шалгагдаад нотлогдоогүй хаагдсан гэсэн байгаа юм. Тэгэхээр тэр хүн УИХ-ын чуулганы хуралд болон телевизээр худлаа ярьсан байгаа юм. Ийм хэрэг байхгүй, нэхэмжлэх ч байхгүй.Монгол, Солонгос хоёуланд нь хаагдчихсан. Ийм хэргийг зориудаар үүсгэж, гүтгэж явсан юм байна даа гэж би бодож байна. Зориуд захиалгаар буюу санаатайгаар намайг хутгаж оруулахын тулд ингэсэн байна. Та нарын хүсэлтээр шалгахад ийм материал байсан байна. Гэхдээ энэ хэрэг хаагдсан, нотлогдоогүй гэж Солонгосоос ирүүлсэн материалд дурдсан байгаа биз. Ийм зүйлийг зургаан сар хармаандаа авч яваад өнөөдөр ярьж байна. Энэ бол жинхэнэ хэлмэгдүүлэлт, нэр төрд халдсан хэрэг.

- Та нэр төрд халдсан асуудлаар шүүхэд хандсан уу?

- Би Хан-Уул дүүргийн шүүхэд хандчихсан байгаа. Одоо хариуг нь хүлээгээд сууж байгаа. Аюулгүйн зөвлөлд ч мөн хандсан байгаа. Учир нь үүний цаана Монголын нэр хүндийн асуудал яригдаж байна шүү дээ. Монгол улсыг зэвсэг зарсан гээд байгаа юм. Тухайн үедээ Оросын компани манайд хүсэлт тавьсан. Гэтэл тэр Оросын компани цаанаа Монголын хувийн компанитай холбоотой байсан. Тэр нь Хойд Солонгосын компанитай дам наймаа хийсэн гэдэг нь сүүлд мэдэгдсэн. Тэгээд би үүнийг бүрэн зогсоогоод хэргийг нь хуулийн компанид шалгуулахаар шилжүүлж байсан. Түүнийг намайг хийсэн мэтээр яриад байна. Би улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавина шүү дээ. Хэн нэгнийг шийтгүүлчих вий дээ гэж айгаад хориотой наймааг явуулж болохгүй биз дээ.Гэтэл намайг энэ ажлыг хэрэгжүүлж хүн шийтгүүлсэн бас мөнгө авсан гэж гүтгээд байгаа байхгүй юу. Аль гурав, дөрвөн жилийн өмнө шалгаад дуусчихсан хэрэг шүү дээ. Тухайн үед энэ асуудал энд, тэнд яригдсан. Гэхдээ тэр нь нотлогдоогүй. Би аваагүй юм чинь. Би амьдралдаа Хойд Солонгос хүнтэй ийм асуудлаар уулзаж үзээгүй. Тэр компанийг би нэг ч удаа харж байгаагүй. Зүгээр л тийм материал байсан байна гэдэг бичгийг авчихаад өнөөдөр хүн гүтгээд байна. Аль нэгэн хэрэгт нэр холбогдсон бол түүнийг нь байнга өөрийнх нь эсрэг ашиглаж болдог логикоор ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэвшвэл энэ материалыг гаргаж ирэхээр бэлдэж байсан юм байна лээ. Одоо би тэгэж ойлгоод байна. Ийм л юм хийдэг юм байна энэ хүмүүс.

- Ер нь энэ хэрэгтэй холбоотой өр байгаа юм уу?

- Би түүнийг мэдэхгүй шүү дээ. Компаниудын хоорон дахь асуудал. 2015 онд хаачихсан гэхээр бүх өр нь дуусчихсан болоод л хаасан байлгүй дээ. Хэрвээ өр нь дуусаагүй бол хэргийг нь хаагаагүй л  байгаагүй шүү дээ.

- Та өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд "Манай улсын гадаад бодлого сүүлийн үед ихээхэн учир дутагдалтай ажиллаж байна" хэмээн нилээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. Таны харж  байгаагаар манай улсын гадаад харилцаа үнэхээр тааруу түвшинд байна уу?

Сүүлийн жилүүдийн статистикүүдийг харахад хэтийн тодорхой бууралтууд харагдаж байна. Мөн ардчилалынхаа үнэт зүйлсээс татгалзаж байгаа байдал ажиглагдаж байгаа. Хамгийн наад зах нь олон улсын тавцанд Монгол улсын ялгагдаж байсан гол байгууллагын нэг болох Ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагаанд ухралттай оролцож байна. Манай улс энэ байгууллагын үйл ажиллагаанд их санаачлага, идэвхтэй  ажиллаж байсан. Гэтэл сүүлийн үед бүрэн зогсоосон. Олон улсын парламентын холбоо, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагууд гэх мэт чухал ач холбогдолтой байгууллагуудын түвшинд бидний оролцоо, идэвх сулраад байна. Мөн хоёр талын идэвхжил их сул байна. 2022 онд НҮБ-д бид анх удаа аюулгүйн зөвлөлд сонгогдох гэж байгаа. Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед бид 40 гаруй орны дэмжлэг хүлээчихсэн байсан. Гэтэл одоо дөнгөж 47 орны дэмжлэгтэй явж байна. Надаас хойш гурван сайд ажилласан. Энэ хугацаанд дээрх тоо сайн ахиагүй байгаа биз. Гэтэл бид 2022 онд 200 гаруй орноос яаж дэмжлэг авах вэ?. Хугацаа богино байна. Одоо бид нойр, хоолгүй зүтгэж байж 2020 он гэхэд бусад орны дэмжлэгийг авсан байх ёстой. Тэгэхгүй бол бид 10 жилээр хаягдана. Цаашаа 2030, 2040 онд хүртэл өрсөлдөх орон нь тодорхой болоод эзэнтэй болчихно шүү дээ. Гадаад бодлого бол тусгаар тогтнолын амин сүнс. Үүнийгээ анхаарч ирэх жилийг том эргэлтийн он болгохгүй бол түгшүүр зарлах хэмжээнд л хүрээд байна.

- Та Гадаад хэргийн сайдаар ажиллаж  байсан хүний хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар улсынхаа гадаад бодлогыг шат ахиулахын тулд нэн тэргүүнд ямар ажлыг хийх шаардлагатай гэж та үзэж байгаа вэ?

- Хамгийн наад зах нь хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа тэнцвэртэй бодлоготой байх хэрэгтэй байна. Гурван талд харилцаагаа яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ мөн анхаарах хэрэгтэй. Хоёр хөрштэй хамтран хэрэгжүүлэхээр ярьж буй эдийн засгийн коридорын ажлаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь мөн чухал. Гуравдагч хөрштэй холбоотой том, том бодлогын асуудалд ахиц өөрчлөлт гаргах зайлшгүй  шаардлага бий болсон. Гадаад бодлого иргэн бүрт хамаатай. Үр ашиг нь ч тэр алдаа дутагдал нь ч мөн бүх иргэнд тусч очдог юм. Тэгэхээр гадаад бодлогоор иргэдээ дэмжих, хамгаалах тал дээр бодитой ахиц өөрчлөлт гаргах шаардлагатай. Төрийн гурван өндөрлөг гадаад бодлогоор нэг долгион дээр байж чадаж байж ажлаа хэрэгжүүлж чадна.

- Манай төрийн гурван өндөрлөг нэг долгион дээр ажиллаж чадаж байна гэж та  харж байна уу?

- Байж чадахын тулд хэн, хэн нь Үндсэн хуулийнхаа дагуу ямар нэгэн алхамыг хийх ёстой. Ойлголцож, нэгдсэн зохицуулалттай ирээдүйг харсан бодлого явуулах алхмыг хийж хүчин чармайлт хийх ёстой. Одоо цаг алдах эрх байхгүй. Зүгээр суудаг цаг биш гэдгийг манай намын бүлэг өнөөдөр анхааруулж байна. Одоо манайхан ханцуйгаа шамлаад л ажилдаа орох хэрэгтэй. Ирэх жилийн өдийд ямар нэгэн ажил хийгээгүй бол асуудлыг арай өөрөөр ярих байх.

АСЕМ-ЫГ МАШ БАГА МӨНГӨӨР ХИЙЧИХ БОЛОМЖ БАЙСАН

- АСЕМ-ыг зохион байгуулахдаа 14 тэрбумын зөрчил гаргасан талаар та нилээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

- Энэ бол үнэхээр харамсалтай. Гадаад харилцаа бол маш бага төсвөөр их том ажил хийж болдог салбар юм. Гадаад харилцааны агуу чанар нь энэ юм. Гадаад харилцааны салбарт маш бага хөрөнгө гаргуулах гэж би хөлсөө гартал зүтгэж ирсэн. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. Салбарынхаа нэр хүндийг унагасан зүйл боллоо гэж харж байна. Цаашдаа ийм алдаа, дутагдал гарахгүй механизмыг сайн хийх ёстой. Үнэхээр ил тод байлгах хяналтын тогтолцоог оруулж өгөх хэрэгтэй. Уг нь АСЕМ-ыг маш бага мөнгөөр зохион байгуулчих байсан юм. Манайд зочид буудал, хурлын заал гээд бүх зүйл нь байна. Нутагтаа автобусаар явдаг Ерөнхийлөгч ч байсан зочид дунд. Орд харш нэхэж, тансаглах гэсэн нэг ч хүн энд ирээгүй. Ганц хонохын тулд олон сая доллар зарах ямар ч шаардлага байхгүй. Тэр зочид чинь өөрсдөө хөдөө тосгоноор явж тэр байтугай хөгжил буурай оронд явж нүхэн жорлонд ороод үзчихсэн хүмүүс шүү дээ. Монголын нөхцөл байдлыг байгаагаар нь харуулаад явуулах байсан. Тэгсэн бол тэд нар чинь бидний асуудлыг олж харж шийдэхэд туслах байсан байх. Бид нар асуудалгүй юм шиг харагдаж худлаа тогос шиг гоодох хэрэг байсан уу. АСЕМ гэх чухал арга хэмжээг Монголд зохион байгуулах эрхийг би их тэмцэж байж авсан.Гэтэл энэ арга хэмжээний нэр хүндийг ард түмний дунд унагачихлаа шүү дээ. Дарга нарын мөнгө иддэг хэрэгсэл юм байна гэх ойлголт иргэдийн дунд төрөөд байна. Олон улсын энэ том арга хэмжээний дохиураар хошгируулж байгаад доогуур нь мөнгө  идчихсэн байна шүү дээ. Энэ бол дэндүү харамсалтай. Тэгэхээр хариуцлага алдсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцож хохирлыг нь төлүүлэх ёстой.

- Сүүлийн үед гадны оронд Монголын нэр хүндтэй холбоотой бас нэгэн асуудал сөхөгдөж байгаа нь цаазын ялыг сэргээхтэй холбоотой асуудал байна. Хэрвээ бид цаазын ялыг сэргээвэл Монголын нэр хүнд олон улсын түвшинд унана гэж хуульчид хэлж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

- Бид эрх зүйт төртэй. Хууль зөрчсөн байр суурийг баримталж болохгүй шүү дээ. Олон улсын өмнө хүлээсэн гэрээ хэлэлцээр байна. Мөн Монгол улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гээд заачихсан. Тэгэхээр энэ хүрээндээ хууль ёсыг сахиулах, элдэв шигшүүрт гэмт хэргийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх, зөв зохион байгуулалтыг хийх гэх мэт ажлыг л хийх ёстой. Заавал амь насыг нь авахаас илүү өөр өршөөлгүй хатуу цээрлэлийг хүлээдэг байх нийгмийн ойлголцолыг бүрдүүлэх ёстой юм. Түүнээс биш өглөө босоод нэг зүйл сонсоод л “За одоо ална” гээд л тэгээд тайвшираад мартаад ирэхээрээ “За яахав амьд байж байг” гэдэг байж болохгүй. Монголын түүхэн онцлогыг харахад бид маш том сургамжтай улс юм. Бид цаазаар авдаг байсан ч одоо хөгжлийнхөө өөр шатанд ирчихээд байна шүү дээ. Тэгэхээр илүү үр нөлөөтэй шийтгэлийг ашигладаг  цаг үе юм. Цааз авах ялтай байлаа гэхэд нэг Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хүрээнээс давсан хугацаанаас хойшлуулдаг байх ёстой. Ямар нэгэн улс төрийн шалтгаанаар цаазаар авахыг ашигладаггүй байх ёстой юм.Цаазын ял нь өөрөө нийгэмд маш их хор хохиролтой юм. Нөгөөтэйгүүр манай улс энэ асуудлаар олон улсын гэрээнд нэгдчихсэн. Монгол улс цаазаар авах ялыг сэргээвэл бүх дэлхийд найдваргүй, тогтворгүй гэдэг ойлголт өгнө. Их сайн ярилцах хэрэгтэй. Нийт нийгмээрээ нэг ойлголцолд хүрч байж шийдэх ёстой. Магадгүй нийтээрээ цаазын ялыг сэргээнэ гэвэл би яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Гэхдээ би хор хохирлыг нь олон нийтэд ойлгуулахын төлөө дуу хоолойгоо хүргэх болно.  Аль арга замыг сонгох нь зөв бэ гэдгийг би ойлгуулахын төлөө хичээнэ.

АН: Б.Хурцын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх нь зүйтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж эдийн засгийн хямралын шалтгаан болон цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцсан байна. Хуралдаанд УИХ-ын экс гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон бусад хүмүүс оролцжээ.

Монголбанкнаас өнгөрсөн 2012-2016 онд хэрэгжүүлсэн бодлого алдаатай байгаагүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

Д.Эрдэнэбат "Монголбанкны хэрэгжүүлсэн зарим бодлого алдаатай байсан, ялангуяа Чингис бондын зарцуулалт, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой зарим асуудлыг улстөржүүлж байгаад харамсч байна. Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлогын өөрчлөлтүүд суурь эдийн засгаа дэмжих мөнгөний бодлого байсан. Харамсалтай нь эрх баригчид мөнгөний бодлогыг үгүй болгож, төсөвт нэгтгэсэн. Хэрэглээний эдийн засгийг дэмжсэн “Оюутолгой”-н гэрээ хэрэгжиж байсан тэр үед бид дүгнэлт хийх ёстой. 2008-2012 оны эдийн засагт эрүүл дүгнэлт хийхгүйгээр 2012-2016 оны мөнгөний бодлого дээр ийм гоомой дүгнэлт гаргаж болохгүй гэж бодож байна. 2012-2016 он бол эдийн засгийн түүхий эдийн уналтад автсан, хямрал нүүрлэсэн үе байсан. Тиймээс "Оюутолой"-гоос тэлсэн эдийн засгийг бууруулахгүй байх бодлого барьсан. Тиймээс Ардчилсан намаас мэдэгдэл гаргана. Мэдэгдэл гаргахдаа, 2008-2012 оны нийгэм эдийн засгийн нөхцөд байдал ямар байсан, 2012-2016 онд эдийн засаг хүндэрлийн үед АН-ын Засгийн газрын мөнгөний бодлого ямар байсан, 2016-2018 оны хооронд шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого юунд суурилагдаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг дээр гол гол дүгнэлтүүдээ гаргана. Ер нь бол 2010-2014 онд инфляци 13 хувь, 10,2 хувь, 11 хувьтай байсан нь зорилтот хэмжээ болох найман хувиас өндөр байсан. Үүнийг дагасан хэрэглээний эдийн засаг, инфляцийн өсөлт үүссэн гэж үзэж байна. Инфляцийн өсөлтийн 2/3-ийг эрэлтийн, 3/1-ийг нийлүүлэлтийн гаралтай инфляци эзэлж байсан байна. 2010-2012 онд дуустал 75, 21 мянган төгрөгийг иргэдэд олгосон 90 тэрбум төгрөгийн хэрэглээг дэмжсэн бодлого нөлөөлсөн. Энэ үед хэрэглээний барааны импортын үнэ 43 хувиар өссөн эдийн засагт бид очсон. Эдийн засгийн 17 хувийн өсөлттэй байсан 2010-2011 онд Засгийн газарт өрх гэрийн хуримтлал үүсгэж чадаагүй нь бодит үнэн байсан. Тухайн үед жилд дунджаар 34-44 хувиар өсч байсныг Монголбанк бодлогоор бууруулах боломжгүй байсан. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 2008-2012 онд эдийн засгийн тэлэлтэд онцгой нөлөөлсөн нь "Оюутолгой" байсан. "Оюутолгой" Монголын эдийн засагт өсөлт, тэлэлт авчирсан ч гэсэн Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн гэж АН үздэг. "Оюутолгой"-ын 34 хувийг тухайн үеийн Засгийн газар 11 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлэн дээр хүү нэмэгдсэн өрийг өнөөдөр бид төлж байгааг бодолцох ёстой. Энэ нь өөрөө валютын өсөлтийг нэмэгдэхэд гол үзүүлэлт болсон" гэлээ.

Мөн АН-ын бүлгийн дарга “Үнэ тогтворжуулах” төсөл Монголын эдийн засагт үр дүн авчирсан. 2016-2018 онд олонхын бүлэг мөнгөний бодлогыг төсөвт шилжүүлснээр эдийн засагт ямар үр дүн авчирсан бэ гэдгийг асуух цаг болсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр,  "Чингис" бондын мөнгө  Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан, гадагшаа оффшор дансанд гараагүй мөнгө. Чингис бондын хамгийн том хөрөнгө оруулалт бол 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байр хадгалж, утааг нэмэгдүүлэхгүй байхад бодитой нэмэр оруулсан. Нийтдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 3,9 их наяд төгрөг гарсны 2,8 их наяд нь ипотекийн зээл. Үлдсэн 1.1 их наяд төгрөг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт орсон байдаг.  Энэ хөтөлбөрөөр шатахууны үнийг тогтвортой барьж чадсан. Мах, гурил, өргөн хэрэглээний  үнийг тогтвортой барьсан бодлогын зардал байсан. Хөгжлийн банкаар авсан 4.9 их наяд төгрөгийн зээл нь дэд бүтэцтэй холбоотой, эргэн төлөлт сайтай зээл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн төсөл 98 хувийн эргэн төлөлттэй явж байгаа гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Б.Хурцын томилогооны асуудалд дээр АН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа юу. Таныг гишүүн Ж.Батзандан бүлгийн дарга уу,бүлэглэлийн дарга уу гэдгээ шийдэх хэрэгтэй гэж мэдэгдсэнбайсан?

-Б.Хурцын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзсэн, энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Нээлттэй сонсгол олон нийтэд ил байх ёстой. Яагаад гэвэл нууцын асуудал эрхэлсэн хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байна. Ж.Батзандан ямар учиртай тийм мэдэгдэл хийснийг мэдэхгүй. Өнөөдөр би бүлгийн асуудлаар мэдээлэл хийж байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд АН ямар байр суурьтай  байна вэ?

-Үндсэн хуулийн асуудал дээр АН-ын бүлэг тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ ямар хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад ямар өөрчлөлт хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн ард нийтийн санал асуулгыг заавал явуулсны дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ярих ёстой гэж бодож байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр аж ахуй нэгжүүд бага хүүтэй зээл авч, бага хүүтэй зээл аваад банкуудаас валютын нөөцийг их хэмжээгээр авсан учраас валютын ханшийн өсөлтөд нөлөөлсөн гэж МАН-ын бүлгээс тайлбарлаж байгаа?

-Монголбанкнаас төрийн бодлогоор хэрэгжиж байгаа санхүүжилт хийх нь хуулиар зөвшөөрөгдсөн эрх. Энэ хүрээнд хийгдсэн. Монголбанкнаас бага хүүтэй зээл олгосон нь үнэн. Монголбанкнаас бодлогоор дөрвөн хувийн хүүтэй арилжааны банкуудад гаргаж байгааг арилжааны банкууд найман хувиар олгож байгаа. Гэвч өнөөдөр ипотекийн зээл зогссон байна. Яг энэ хэлбэрээр үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээл олгогдсон. Үүнд валютын ханшийн нөлөөлөл байхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрэээнд хамгийн том нөлөөлөл үзүүлсэн нь шатахууны үнийг тогтвортой байлгах своп хөтөлбөр байсан. Мөн Тухайн үед УИХ энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой гэсэн өөрийн шийдвэрээ гаргаж, тэр нь төрийн бодлого гэж үзнэ. Төрийн бодлогоор Монголбанк, Засгийн газар яаж эдийн засгийг тогтвортой авч яавах вэ гэсэн бодлогын хөтөлбөр байсан гэдгийг эрүүлээр харах ёстой.

Шинэ жилийн баяраар дөрөв хоног амарна

Арванхоёрдугаар сарын 29-ний баасан гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож буй учир бүх нийтээрээ амардаг билээ. Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гаригуудад таарч байна.

Тиймээс энэ жилийн  шинэ жилээр дөрөв хоног амрах нь. 

С.Зоригийн хэрэг статусаа өөрчилсөн ч захиалагчийг илрүүлэх ажил бүрхэг хэвээрээ

Одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Харин өнгөрөгч 2016 онд буюу яг одоогоос жилийн өмнө С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р ангид болсон. Шүүх хурал гурван өдөр болж шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон. 

Уг шүүх хурал болж дууссаны дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандаж, гомдол хүргүүлсэн байна. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон. Улмаар уг давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын ялыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн төрийн нууцын зэрэглэлээс гаргах тухай хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой 15,000 орчим хуудас бүхий хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Тодруулбал С.Зориг агсны хэрэгтээ холбоотой 15,000 орчим хуудас материалаас  нийт 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргасан. Харин уг хавтаст хэргийн материалаас захиалагчтай холбоотой 74 хуудсыг нууц хэвээр үлдээхийг Засгийн газар дэмжсэн юм. 

18 жилийн нүүр үзэж байгаа С.Зориг агсны хэргийг ямартай ч төрийн нууцын хэрэглэлээс гаргалаа. Ингэснээр тус хэрэгт холбогдоно ял сонсоод байгаа гурван хүнийг мөрдөн байцаасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тэр материалууд нь ил болно. Ахиж шинээр мөрдлөгө явуулахгүй. Ил болсон баримтын хүрээнд мөрдөн шалгах, шүүн шийдэх үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар олон нийт, өмгөөлөгчид хэлэлцэх, тайлбарлах боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр хуулийн байгууллага хэрхэн ажилласан бэ, хэр зөв ажилласан бэ, хангалттай нотолсон уу гэдгийг мэдэх боломжтой. Хэрвээ хуулийн байгууллага буруу буюу хангалтгүй ажилласан бол тэр хүмүүст нь хариуцлага тооцох боломж гарна гэсэн үг.

Тэгэхээр хэргийн тодорхой хэсэг нь ил болж шүүх, цагдаа, прокурорын байгууллага хэргийн хавтаст хэрэгтэй танилцах боломж гарч ирж байгаа аж. Улмаар Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр хэрэгт ахиц гарч статусаа өөрчилсөн ч захиалагчтай холбоотой 74 ширхэг хавтаст материал нууц хэвээр үлдээж захиалагчийг нь илрүүлэх ажил бүрхэг хэвээрээ.    

Японы метронд монголчууд цусаа гартал зодолджээ

Өнгөрсөн Бямба гарагт нэг хүнийг хоёр эрэгтэй зэрлэгээр зодож байгаа дүрс бичлэг Японы сошиал сүлжээнд тарж, хүмүүсийг цочроосон байна. Хоёр залуу бүдүүлгээр харааж, зүхэн нэгнийгээ нүүр нүдгүй зодож танхайрч байгаа бичлэгийг нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа байршуулсанаар хэдэн мянган иргэдийн шүүмжлэлд өртсөн байна. Метроны Кэйхин Тохоку чиглэлийн Акабанэ өртөөнд болсон энэ явдлаас болж,  метроны хөдөлгөөнд 5 минут гарангийн саатал үүссэн байна.  Японы зарим хэвлэлүүд тэднийг Хятад хүмүүс байх гэж бичсэн ч дүрс бичлэгт бичигдсэн дуу хоолой нь тэднийг Монголчууд болохыг харуулж байна. Бичлэгийг оруулсан иргэн “Японы метронд хоёр монгол нийлээд нэг монголоо бараг аллаа. Би монголчуудыг маш их гайхдаг хүний газар очихоороо, нэгийгээ дээрэмдэнэ, нийлж зодно, бөөрлхөнө, хутгална, хулхидана, өөр хүн зодож байвал, хараад зогсоно зугтаана! Хөгжихгүй байгаа шалтгаан амиа бодсон зан, ердөө л энэ!” хэмээн бичжээ

Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой ноцтой гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ц, Б нар нь гадаад улсын иргэдтэй бүлэглэн нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг хуурч мэхлэх замаар олж авч, үүнийгээ ашиглан их хэмжээний хохиролтой эдийн засгийн гэмт хэргийг үйлджээ. Гэмт этгээдүүд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ний өдрийн хугацаанд гадаад улсын арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван уг төхөөрөмжөөр дамжуулан бусдад 170 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас тухайн банктай хамтран ажилласан нь уг хэргийг шуурхай илрүүлэх нөхцөл бүрджээ. Хэргийн холбогдогч Монгол Улсын хоёр, гадаадын гурван иргэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байгаа юм.

Иймд арилжааны банкууд аливаа байгууллага, хувь хүнд ПОС терминал машин гэрээгээр эзэмшүүлэх гэж байгаа тохиолдолд харилцагчийн мэдээллийг сайтар шалгаж, судлах, гүйлгээнд хяналт тавих, карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан богино хугацаанд их хэмжээний гүйлгээ хийгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэргээр болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 Эрүүгийн хуулийн  “18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

МАХН Н.Энхбаярыг солино

МАХН арванхоёрдугаар сарын 16,17-ны өдөр МҮЭСТО-нд Их хурлаа хийхээр болжээ. Уг хуралдаанаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг ярилцахаас гадна намын даргыг өөрчлөх асуудлыг хөндөж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн Бага хурлын гишүүдийг шинэчилэх аж. 

МАХН-ын Их хурал нь хоёр жилд нэг удаа хуралдах ёстой ч сүүлийн найман жилд ганц ч хуралдаагүй байна. Тус намын УИХ дахь ганц төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярыг өнгөрсөн хугацаанд намын дүрмээ зөрчиж, Бага хурлын 139 гишүүнийг сольж, оронд нь өөрийн хүмүүсээ томилсон гэж шүүмжилсэн. Тиймээс энэ их хурлаар намын даргад хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж тэрбээр мэдэгдээд байгаа. 

Учир нь Н.Энхбаяр нь намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээгээгүйн дээр намын дүрмийг зөрчсөн гэж байгаа юм. 

Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  “Нийслэлийн  2018 оны төсөв”-ийг баталлаа. Тус хурлаар “Нийслэлийн  2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм.  Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа.

Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн урсгал зардлын талаар мэдээлэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна.  Дээрх зардлуудыг төсөвт тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342 тэрбум төгрөг болж байгаа юм. Улсын төсөвт 208 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна.

Дархан-Уул: Хордлогын шинж илэрсэн гурван иргэний биеийн байдал хүнд байна

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд  Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан НЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцжээ

Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. Гурван өвчтний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг  “өндөр”  эрсдэлийн  зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байгаа аж. 

70 настай хөгшнийг хөнөөсөн этгээдийг яллав

Хоёр жилийн өмнө гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэйг хөнөөсөн аймшигтай хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Дээрэм хийхийн тулд хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэнд анхан шатны шүүхээс 25 жилийн ял оноосон.

Харин Улсын дээд шүүх уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил болгон чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг хэргийг 26 настай Б шунахайн сэдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Цогтцэций суманд газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 8 км зайд, Бор толгой нэртэй газар  өнгөрсөн бямба гарагт /2017.12.02/ 11.04 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3.9 магнитуд байсан аж. Ноцтой аюул учраагүй байна.  Сануулахад тус суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт хэд, хэдэн удаа болж, өндөржүүлсэн байдалд шилжиж байсан юм.

Самар түүхээр яваад алга болсон иргэнийг хайж байна

Төв аймагт сураггүй алга болсон 48 настай эрэгтэйг онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайж байна.Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/  арваннэгдүгээр сарын 25-ны өдөр самар түүхээр хамт явсан иргэдээсээ зугтааж алга болжээ. Түүнийг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр эсэн мэнд олсон ч мөн өдрийнхөө орой дахин зугтааж сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар 29-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан байна.

Ингээд тус аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 12 хүн, хамт самар түүж явсан түүний хүү С нарын 11 хүн, нийт 23 хүн, гуран автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр өглөө 06:00 цагт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр явсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Agusia
Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том
2018/01/03 105.112.47.4