УИХ томилгоо хийхээсээ өмнө тухайн албан тушаалд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол явуулах зохицуулалтыг Нийтийн сонсголын тухай хуульд заасан байдаг. Хамгийн багадаа 19 гишүүн гарын үсэг зурж санал гаргасан тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу ТЕГ-ын асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоосоо өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаад байгаа юм. Түүний саналыг 21 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан учир нээлттэй сонсгол явуулахаар болоод буй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Б.Хурцны томилгоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах ёстой гэсэн байр, сууринд нэгдсэн талаар өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл нээлттэй сонсгол явуулах эсэхийг шийдэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 14.00 цагт О.Содбилэг гишүүний өрөөнд болох юм байна.
Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдахаар тов зарласан ч цуглаж, ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдрийн хуралдаанаар харин Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх асуудал эцэслэгдэх бололтой.
Хэрэв ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийнэ гэвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг долоо хоногийн дотор зохион байгуулна. Ингэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй байх уу, хаалттай байх уу гэдэг дээр мөн шийдвэр гаргана.
Т.Энхэлээ