8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад асуулга тавьжээ

2017-12-05 13:08:00

УИХ-ын гишүүн Н.Учрал крипто валют, блокчейн технологид төрөөс баримтлах бодлогын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Тодруулбал, Засгийн газрын зүгээс цахим мөнгөний талаар ямар бодлого баримталж байгаа болон уг асуудлаар төрийн нэгдсэн бодлого боловсруулж байгаа эсэх болон ойрын үед ямар арга хэмжээг авч ажиллахыг нь тус асуулгаараа асуужээ. 

Сүүлийн үед цахим мөнгөний ханш өсч, Монголд криптовалютыг өргөн нэвтрүүлэх талаар олон нийт ярьж эхлээд буй. Мөн Монголд нэвтрээд удаагүй ч крипто валютын хэрэглэгчид ч олширч байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрын зүгээс цахим мөнгийг судлан үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсч уг асуулгыг тавьжээ. 

Тэрбээр асуулгадаа "Цахим мөнгийг хөгжүүлэх, ашиглах, нэвтрүүлэх яриа нийгэмд газар авч зарим байгууллагууд энэ талаар тодорхой санаачлага гарган ажиллаж байгаа ч улс төрчид уг асуудлаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Мөн Засгийн газар, Монгол банк, Хууль зүйн, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс албан ёсны нэгдсэн байр сууриа илэрхийлээгүй байгаа нь иргэд, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдал, хүлээлт үүсгээд байна. Гадны орнуудын ихэнх нь энэхүү технологийг хориглохгүй харин төрийн хяналттайгаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Блокчейн технологи нь бүхий л салбарын үйл ажиллагааг өндөр үр ашиг, хурд, найдвартай, ил тод явуулах боломж олгох, интернетийн дараа гарч ирсэн жинхэнэ "хувьсгал" авчрах технологи гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Манай улс ч мөн цаг алдалгүй цахим мөнгө, блокчейн технологийн талаар цаашид ямар бодлого баримтлах, ялангуяа хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоо нэвтрүүлэх зэргээ цаг алдалгүй зарлах хэрэгтэй хэмээн үзэж байна" гэж дурджээ. 

 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл