МАХН-ын гишүүд хоёр хуваагджээ. Тодруулбал, тус намын гишүүд Н.Энхбаярынх болон О.Баасанхүүгийнх гэж хуваагдсан байна. Тэд өнөөдөр хоёр талд зэрэг хэвлэлийн бага хурал хийж нэг асуудлаар тэс өөр мэдэгдэл хийснийг хүргэе.
О.Баасанхүү нарын зарлан хуралдуулж байгаа Их хурал хууль бус
Тухайлбал, Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, гишүүн Н.Удвал, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар "МАХН-ыг дотроос нь хагалах, буталгах зорилгоор зарим хүн, улс төрийн хүчнүүд санхүүжүүлэн санаатай явуулга хийж байна. МАХН-ын 19 дүгээр Бага хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлаар өчигдөр УДШ хэлэлцсэн. Гэвч Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийхийг шаардаж бүртгэхээс татгалзсан. Энэ бол хуулийн хүрээнд гаргасан шүүхийн шийдвэр. Үүнийг зарим хэвлэлээр гуйвуулж, МАХН-ын Бага хурал хүчингүй болсон гэх мэтээр бичиж байна. О.Баасанхүү Их тэнгэрт цөөн хэдэн хүмүүс цуглуулж уулзалт хийсэн. Мөн намын Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэт дүрмийн бус, хууль бус үйлдэл хийж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн ч хуулийн этгээдийг дангаар төлөөлөх эрхгүй. Дангаараа МАХН-ыг төлөөлж, нэрийг нь барьж Их тэнгэр, Төрийн ордонд тусгай уулзалт хийж, Их хурал зарлах эрхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, Эрдэнэтийн 49-ийн асуудал зэрэг нь намын гишүүд төдийгүй нийт монголчуудын бухимдлыг төрүүлсэн. Тиймээс бид үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдэгдэл гаргасан. МАХН 410 мянган гишүүн, дэмжигчтэй. Эдгээрээс хэн нэгэн нь хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлэх нь манай нам 2 хуваагдсаны шинж биш. Гэхдээ намын нэр барьж уулзалт хийж байгаа нь зөрчил. Тэр бүү хэл намын дарга болно гэж байна. Намын даргыг Их хурлаар сонгодог. Даргад өрсөлдөх нь намын гишүүдэд нээлттэй. О.Баасанхүү нар 73 хүний нэр гаргаад МАН, АН-ын 10 гаруй хүн оролцуулж, олон хүний гарын үсгийг хуурамчаар зурчихаад Их хурал зарлаж байна. Бид үүнийг шалгуулж байгаа. Тэгэхээр О.Баасанхүү нарын зарлан хуралдуулж байгаа Их хурал Улс төрийн намуудын хуулиар, намын дүрмээр ч тэр хууль бус. О.Баасанхүү нарын 10 гаруйхан хүн Их хурал зарлаж байгаа нь цаанаа маш том хөрөнгө оруулалттай, том хүчин байгаа хэрэг. Тэрнээс манай нам хуваагдаагүй. Тиймээс хэний санхүүжилтээр энэ ажлыг зохион байгуулж байгааг бид анхаарал тавьж, хуулийн байгууллагуудаар шалгуулж байна. О.Баасанхүүг намын гишүүнээс хасагдах боломж бүрдсэн.Тэрнээс хасаагүй, намын гишүүн хэвээр байгаа" гэж мэдэгдэв.
МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмаа баримтлахаа больж, нэг хүний дохио зангаагаар ажилладаг болсон
Харин "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийсэн О.Баасанхүүгийн талынхан ингэж ярив.
МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “МАХН 2011 онд намын дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд болсон сонгуулиудад амжилттай оролцож чадаагүй. Үүнийг МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмаа баримтлахаа больж, нэг хүний дохио зангаагаар ажилладаг болсон. Тиймээс их чуулганаа хуралдуулж, болохгүй байгаа зүйлээ засч залруулах шаардлагыг 2013 оноос өгч байсан ч хүлээж аваагүй. Асуудал даамжирсаар намаасаа сонгогдсон ганц гишүүнээ хөөхдөө тулсан. МАХН дүрмийн дагуу их чуулганаа хоёр жил тутамд хийх ёстой. Гэтэл долоон жил Их чуулганаа хуралдуулаагүй учраас шаардлага тавьсан ч намаасаа хөөнө гэсэн. Тиймээс МАХН-ын бага чуулганы 120 гишүүн хуралдаж, Их чуулганыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд хийнэ. Их чуулганаар намын дүрмээ өөрчилж батлахаас гадна намын шинэ даргаа сонгоно. Харин энэ хуралтай давхцуулан МАХН-ын нөгөө хэсэг АСА циркт хурал зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа бололтой" гэв.
Т.Энхэлээ