8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмд тэсвэртэй сүрьеэг эмчлэх боломжтой боллоо

2017-12-06 11:52:00

ХӨСҮТ-өөс “Олон эмд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацааны эмчилгээний эмнэл зүйн ур чадварыг сайжруулах” сэдэвт сургалт боллоо.

Сургалтад ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг, тус төвийн Сүрьеэ тандалт судалгааны албан дарга Д.Энхмандах, Эмзүйн албаны дарга Б.Баярцэцэг, их эмч П.Янжиндулам, сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм болон ХӨСҮТ-ийн олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эмч нар, судалгааны багийнхан, АШУҮИС-ийн Уушгины эмгэг судлалын танхимын багш нар оролцлоо.

Тус сургалтад олон эмд тэсвэртэй сүрьеэг эмчилдэг 10 аймаг, 9 дүүрэг, СЭМҮТ, хорих ангийн нийт 30 гаруй эмч нар хамрагдлаа.

Сургалтын үр дүнд аймаг, дүүргийн эмч нар өмнө хоёр жилийн хугацаагаар олон эмд тэсвэртэй сүрьеэг эмчилдэг байсан бол өвчтөнг тодорхой шалгуур үзүүлэлтээр ялгаж богино хугацааны буюу 6-9 сарын эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой болох аж.

ХӨСҮТ-ийн их эмч П.Янжиндулам хэлэхдээ “Монгол улсад олон эмд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчилдэг болсноос хойш 10 гаруй жил өнгөрч байна. Сүүлийн гурван жилд олон улсын туршилт судалгаанд Монгол улс хамрагдаж эхэлсэн. Тус судалгаагаар олон эмд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн өвчтөнг хоёр жил эмчилдэг эмчилгээний горимыг богиносгож нэг жил хүртэлх хугацаагаар багасгах горим руу шилжиж байгаа. ДЭМБ 2016 онд зөвлөмж болгосны дагуу манай орон хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ ажлын бэлтгэл ажлын хүрээнд эмч мэргэжилтнүүдээ сургах, өвчтөнг эмчлэх байр нөхцөлөө сайжруулах зэрэг ажлууд шат дараатайгаар хийгдэж байгаа юм.

Өнөөдрийн сургалтад олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчин ихтэй аймаг, дүүргийн эмч нар хамрагдаж байна. Сургалтаар олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчин манай оронд ямар байгаа, олон улсын туршилт судалгааны үр дүн, олон эмд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацаагаар эмчлэхэд юунд голчлон анхаарах вэ гэсэн сэдвүүдийн хүрээнд эмч нарт мэдээлэл өгсөн. Олон эмд тэсвэртэй сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ хоёр бол тус тусдаа ойлголт. Гол оношилгоо бол ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лавлагаа лабораторид хийгдэж байна. Өвчлөл өндөртэй аймаг болох Дархан, Дорнод болон хорих ангиудад сүрьеэ­гийн эсрэг гол антибиотик болох Рифа­ми­цинд тэсвэртэй эсэхийг шалгадаг "GeneXpert" аппаратыг ашиглаж байна. Цаашид энэ аппаратын хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллана” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment