8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар:Монголыг оффшор бүсээр зарлаагүй

2017-12-06 16:49:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Европын холбооноос Монгол улсыг татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтад оруулсан асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. “Тэрбээр энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Ингэхдээ холбогдох сайд нараас нь саналыг нь авч хэлэлцүүлнэ. Манай арилжааны банкиудад данстай  гадаадын иргэдийн дансны хуулга болон Монголын аж, ахуй нэгжүүдэд хувь эзэмшдэг гадаадын иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулан авч байхыг Европын холбооноос хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, татварын хувьд ил тод биш, мэдээлэл авахад төвөгтэй байдалтай байна гэж байгаа юм

Үүнтэй холбоотойгоор ил, тод байдлыг хангаж олон улсын байгууллагуудаас тавигддаг стандартад нийцэж ажиллах шаардлагуудыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тавьж эхэлсэн юм байна лээ. Бид үүнтэй холбоотойгоор холбогдох нэмэлт судалгаануудыг хийгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Манай орон гадны оронд данс эзэмшдэг иргэдийнхээ мэдээллийг авахыг шаарддаг. Үүний нэгэн адил Европын холбоо өөрсдийн иргэдийн данстай холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авахыг хүсч байгаа. Бид үүнтэй нийцэж ажиллах ёстой гэсэн байр, суурьтай байгаа” гэлээ.

Мөн “Манай улс холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай. Татварын байгууллагаар дамжиж мэдээлэл авах бол татварын мэдээллийн системийг сайжруулж бусад орнуудтай харилцдаг тогтолцоог бий болгох ёстой. Европын холбооныхон энэ өөрчлөлтийг 2019 онд хийх боломжтой гэж мэдэгдсэн. Манай татварын хуулиар банкны мэдээллийн хуулийг ил тод гаргаад байдаггүй. Тэгэхээр бид энэ асуудлаар Монгол банктай зөвлөлдөж байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулна. Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр зарлаагүй. Харин  татварын мэдээллийн хувьд ил тод биш байна гэдэг асуудлаар л манай улсад хандаж байгаа юм.Түүнээс биш оффшор бүсээр зарлаагүй.  Цаашид бид гадаад харилцааны яамаараа дамжуулаад Европын холбооныхонтой холбогдож энэ асуудлаар хэлэлцэнэ. Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцүүлгийг нь хийнэ” гэлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ккк.. Та тэгэж бодоод зэжл тавиад, авсан зээлээ АХ НАРТАЙГАА ХУВААЖ ИДЭЭД Л баяжаад, эцэст хахаж, С.Баяр Сү.Бату Манингтайгаа үүрд үгүй болоорой доо
2017/12/06 66.181.161.10