8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сангийн сайд оффшорын асуудлаар мэдээлэл хийж, Хэнтий аймагт хорио цээрийн дэглэм тогтоосон өдөр

2017-12-06 18:56:00

“Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ч.Хүрэлбаатар: Монголыг оффшор бүсээр зарлаагүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Европын холбооноос Монгол улсыг татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтад оруулсан асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. “Тэрбээр энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Ингэхдээ холбогдох сайд нараас нь саналыг нь авч хэлэлцүүлнэ. Манай арилжааны банкиудад данстай  гадаадын иргэдийн дансны хуулга болон Монголын аж, ахуй нэгжүүдэд хувь эзэмшдэг гадаадын иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулан авч байхыг Европын холбооноос хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, татварын хувьд ил тод биш, мэдээлэл авахад төвөгтэй байдалтай байна гэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор ил, тод байдлыг хангаж олон улсын байгууллагуудаас тавигддаг стандартад нийцэж ажиллах шаардлагуудыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тавьж эхэлсэн юм байна лээ. Бид үүнтэй холбоотойгоор холбогдох нэмэлт судалгаануудыг хийгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Манай орон гадны оронд данс эзэмшдэг иргэдийнхээ мэдээллийг авахыг шаарддаг. Үүний нэгэн адил Европын холбоо өөрсдийн иргэдийн данстай холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авахыг хүсч байгаа. Бид үүнтэй нийцэж ажиллах ёстой гэсэн байр, суурьтай байгаа” гэлээ.

Мөн “Манай улс холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай. Татварын байгууллагаар дамжиж мэдээлэл авах бол татварын мэдээллийн системийг сайжруулж бусад орнуудтай харилцдаг тогтолцоог бий болгох ёстой. Европын холбооныхон энэ өөрчлөлтийг 2019 онд хийх боломжтой гэж мэдэгдсэн. Манай татварын хуулиар банкны мэдээллийн хуулийг ил тод гаргаад байдаггүй. Тэгэхээр бид энэ асуудлаар Монгол банктай зөвлөлдөж байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулна. Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр зарлаагүй. Харин  татварын мэдээллийн хувьд ил тод биш байна гэдэг асуудлаар л манай улсад хандаж байгаа юм.Түүнээс биш оффшор бүсээр зарлаагүй. Цаашид бид гадаад харилцааны яамаараа дамжуулаад Европын холбооныхонтой холбогдож энэ асуудлаар хэлэлцэнэ. Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцүүлгийг нь хийнэ” гэлээ.

Ж.Батзандан: Б.Хурц хүний наймаанаас гадна хууль бус үйлдэлд нэр холбогдож Европоос цагаан хуудсаар хөөгдсөн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох эсэх асуудлыг эсэргүүцэж байгаа билээ. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-ын элчин сайдаар томилгоотой холбогдуулан нийтийн сонсгол явуулах хүсэлтийг гаргаж, 21 гишүүн дэмжээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж өчигдөр хуралдсан. Тус ажлын хэсгээс нийтийн сонсголыг зохион байгуулах юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт Германд очиж Б.Хурцтай холбоотой баримтуудтай танилцсан гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.  

-Та Герман улсад очиж талийгаач Д.Энхбатын гэр бүлтэй уулзсан гэсэн. Тус гэр бүлийнхэн таньд ямар асуудлаар хандсан бэ?

-УИХ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор Унгар, Австари, Герман улсаар яваад ирлээ. Энэ хугацаанд иргэдтэй уулзсан. Берлинд байх хугацаанд талийгаач Д.Энхбатын гэр бүлийн хүн болон үр хүүхэд нь ирж уулзсан. Тэд Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудлаар нийтийн сонсгол болох гэж буг сонсоод “Таньд бид өргөдөл гомдлоо өгье. Үнэн бодит байдлыг яръя” гэж ирж надтай уулзсан. Өргөдлийг өчигдөр албан ёсоор Аюулгүй байдлын байнгын хорооны даргад шилжүүлэн өгсөн.

-Өргөдөлд яг ямар асуудлыг хөндсөн байсан юм бол?

-Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс “Ханийг минь, аавыг маань Францад цагаачлалын эрхээ авчихсан байх үед нь Монголын тагнуулын байгууллагын ажилтнууд хууль бусаар хулгайлж авч явсан. Энэ бол албан ёсны баривчилгаа байгаагүй. Франц, Германы нутаг дээр албан ёсны баривчилгааг хийх тохиолдолд зөвхөн тухайн улсын хуулиар олон улсын хэм, хэмжээний хүрээнд тухайн улсын хуулийн байгууллагатай хамтарч хийдэг юм. Монголын тагнуулын байгууллага дур зоргоороо хууль зөрчиж манай гэр бүлийн хүнийг хулгай хийж авч явсан. Мөн хулгай хийхэд оролцсон этгээд маань сая “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо манай гэр бүлийг гүтгэж худал мэдээлэл тараасан. Бид маш их гомдолтой байна. Бид нийтийн сонсголд оролцмоор байна. Энэ асуудлыг яримаар байна. Тагнуулын ажилтнууд хүний аминд хүрчихээд уучлалт гуйх ёстой. Бид Монголын төрд гомдолтой байна” гэж хэлсэн. Би энэ өргөдөл гомдлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах үүрэгтэй.

-Б.Хурыг Европын орноос хөөгдсөн талаарх материалтай танилцсан гэж та хэлсэн байна лээ. Тус материалд яг ямар баримтууд байсан бэ?

-Европын холбооноос хүн хулгайлсан хэргээр шалгагдаж хэрэг нь түр түтгэлцсэн байгаа юм байна лээ. Албан ёсоор хаагдаагүй гэсэн үг. Европын холбооноос зугатаж явсан талаар мөн ярьж байгаа юм.

Тухайн үед элчин сайд байсан хүмүүс “Энэ хүний тухай албан ёсны бичгүүдээ бид Монгол улсын Засгийн газар, Тагнуулын газрын дарга нарт хүргүүлж байсан.Хүний наймаанаас гадна өөр бусад хууль бус үйлдэлд холбогдож цагаан хуудсаар гарсан” гэх мэдээллийг бидэнд өгч байгаа. Мэдээж энэ баримтуудыг нийтийн сонсголын үеэр албан ёсоор тавих болно.

-Таныг энэ асуудлыг ярьж эхэлснээс хойш нилээн дарамт, шахалтууд ирсэн гэсэн. Ер нь уг асуудлаар нийтийн сонсгол хийх нь их бүрхэг байна. Нийтийн сонсголыг УИХ-аас албан ёсоор хийж чадна гэж та харж байгаа юу?

-Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг Аюулгүй байдлын байнгын хорооноос гарсан. Нийт зургаан гишүүнтэй. Өнгөрсөн долоо хоногт зургаан гишүүний гурав нь гадаадад томилолтоор явсан. Тийм учраас ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар ажлын хэсэг хуралдаж чадаагүй. Энэ  долоо хоногт ирц бүрдсэн учраас өнөөдөр /өчигдөр/ хуралдах байх гэж найдаж байна. Нийтийн сонсголын үед төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлбэрээр бусад асуудлыг нээлттэй  явуулах нь зүйтэй гэдэг байр, суурьтай байгаа. Миний байр суурь өөрчлөгдөхгүй. Би нэг л зүйлийг хэлж байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш. Энэ бол Монголын төрд хуульт ёсыг тогтоох асуудал юм. Хүний эрхийг хамгаалах тухай асуудал юм. Төрийн нэгхэн албан хаагчийн дураараа үйлдлээс болж олон зуун иргэн хохирч эрх нь зөрчигдөж амь амьдралаараа тоглуулж болохгүй.

-Та өмнө нь бүлгийн дарга Д.Эрдэнэбатыгаа “Бүлгийн дарга байх уу. Бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ сонго” гэж хэлж байсан. Үүний  дараа бүлгийн даргатайгаа уг асуудлаар уулзаж ярилцсан уу?

-Бодлогын том асуудал ярихаар хүний асуудал болгож хувиргадгаа болъё. Хүн яриад эхлэхээр асуудал жижгэрдэг. Бид Монголд төрт ёс байх уу гэдгийг ярьж байгаа юм. Түүнээс бус Д.Эрдэнэбатын эсвэл Б.Хурц гэдэг хүний асуудлыг яримааргүй байна.

-Б.Хурцын зүгээс таньд болон таны гэр бүлд заналхийлэл хийсэн гэж та мэдэгдсэн. Харин Б.Хурц таныг худлаа ярьж  байна гэж хэлсэн. Таньд дахин дарамт, шахалт ирсэн үү?

-Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа.Заналхийлэлд өртөх зүйл байдаг. Би бол төрт ёсны төлөө тэмцсэн болохоос хэн нэгний эсрэг тэмцээгүй.

 Европын Холбоо Монгол Улсыг оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтад орууллаа

Өчигдөр Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан байна.

Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:

  • Америкийн Самоа
  • Бахрейн
  • Барбадос
  • Гренада
  • Гуам
  • Өмнөд Солонгос
  • Макао
  • Маршаллын арлууд
  • Монгол
  • Намиби
  • Палау
  • Панам
  • Сэйнт Лусиа
  • Самоа
  • Тринидад ба Тобаго
  • Тунис
  • АНЭУ

Эдгээр хар жагсаалтыг гаргахдаа татварын орчин, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартайг судалж гаргасан байна. Хар жагсаалтад Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх талаар BBC мэдээллээ.

Ц.Цогтбаяр: О.Баянмөнх нь тамирчдад санаатайгаар хуурамч виз хийж өгсөн гэдэг нь нотлогдож, ялаа авсан

Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах түр хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан тус холбоотой холбогдох шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа  нар мэдээлэл хийлээ. 
Хэвлэлийн хурлын эхэнд Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “ Шүүхийн шийдвэрийг үндэслэн үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн юм. 2015 оны Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан гурван тамирчинд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хуурамч виз хийж өгч, улмаар тэд Арабын улсад 40 цаг саатуулагдаж, тэмцээндээ оролцож чадаагүй.Оронд нь хэдэн багш нар барилдаж ирснийг та бүхэн мэдэж байгаа. н.Чинбат, А.Сүхбат, Д.Сумъяабазар гэх мэтийн хүмүүс дээрх визний асуудлыг няцааж мэдээлэл хийж байсан. Үүний хариуд бид шүүхэд хандсан. Ингээд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Тогтоолоор Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх нь тамирчдад санаатайгаар хуурамч виз хийж өгсөн гэдэг нь нотлогдож, ялаа авсан” хэмээн хэллээ. 

Ч.Хүрэлбаатар: Заавал татвараас зугтаасан мөнгө Монголд орж ирэх албагүй

Өчигдөр Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан талаар мэдээлэл хүргэсэн. Эдгээр хар жагсаалтыг гаргахдаа татварын орчин, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартайг судалж гаргасан байна. Хар жагсаалтад Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх талаар BBC мэдээлсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Өчигдөр Брюссельд болсон Европын Холбооны Сангийн сайд нарын хурлаар Монгол Улсыг 17 орны нэгээр зарласан. Монгол Улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн асуудал байна. Арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын Холбооны гишүүн орнууд авдаг байх, гадаадын иргэдийн Монгол Улсын ААН-үүдэд эзэмшиж байгаа мэдээллийг авдаг байх асуудал яригдаж байгаа. Энэ мэдээллийг банктай шууд харьцах биш татварын албанаас авах тухай юм.  Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангаллтай хөгжөөгүй байгаа. 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан юм байна. Энэ асуудлыг Засгийн газарт өнөөдөр танилцуулах байх.  Бидэнд хийх ажлууд байна.  Глобал форум, BREFs гэсэн байгууллагуудад элсэх, ил тод байх, татварын мэдээллийг солилцох зэрэг ажлууд хийгдэх ёстой.  Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаа байдалтай тэмцэж байгаа үед Монгол Улс татвараас зайлсхийх боломж олговол олон хоригт орох боломжтой. Тиймээс хууль журмаа үүнтэй нийцүүлэх ёстой. Заавал татвараас зугтаасан мөнгө Монголд орж ирэх албагүй. Банкны тухай хууль, Татварын ерөнхий хууль гэх мэт хуулиадад өөрчлөлт орох байх” гэсэн хариултыг өглөө. 

Өлсгөлөн зарласан Б.Батдэлгэрийг буруутай гэж шүүх тогтоожээ

"Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнгөрсөн 10 дугаар сарын 16-наас эхлэн Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсан. Тэгвэл түүнтэй холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагт эхэлж "Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан байна. Гэхдээ түүнд ямар нэг ял шийтгэл оноогоогүй, учир нь түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм.

Сураггүй болоод байгаа иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн, эрэгтэй Д XI сарын 26-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Мэдээллийг XII сарын 1-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 31 иргэн, дөрвөн морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тэр өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” маркийн автомашиныг олжээ. Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн долоон алба хаагч, Баруунбүрэн сум дахь цагдаагийн тасгийн хоёр алба хаагч ар гэрийн 20 хүн, хоёр автомашинтай нийт 42 хүн, дөрвөн автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.

Хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Хуульзүйн байнгын хороо хуралдаанаар  Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны хуралдаанд  танилцуулж, хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт "Өнгөрсөн жилүүдэд төсвийн зарлага 5.2 их наяд төгрөг байсан.  Ирэх онд улсын төсвийн орлогыг 5.2 их наяд, зарлагыг 7.7их наяд байхаар тооцжээ. Тиймээс төсвийн зарлагыг танавал алдагдалгүй төсөв батлагдах боломжтой" хэмээн үзсэн. Байнгын  хорооны гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Б.Хурцыг талаар нээлттэй сонсгол явуулахгүй гэж үзжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүн  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах санал гаргасан билээ. Уг саналын дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, томилгооны сонсгол явуулах эсэхийг хэлэлцсэн байна. Ажлын хэсэг томилгооны нээлттэй сонсгол явуулах шаардлагагүй гэж үзжээ. Учир нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Элчин сайдыг томилно гэсэн заалттай байдаг. Тиймээс уг томилгооны асуудал бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчид хамаарна гэж ажлын хэсэг үзжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment