8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг томилж, 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт гаргажээ

2017-12-07 18:40:00

Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч та бүхэндээ зориулж байна.  Үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр”  өнөөдрийн тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө бяцхан сэрэмжлүүлэг хүргэж байна. Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар  хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тиймээс та маргааш гэрээсээ гарахын өмнө цаг агаарын мэдээгээ заавал харж, дулаан хувцсаа өмсөөрэй.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Чуулган: Японоос 850 сая доллар зээлнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон баталлаа. Үүний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн учраас төслийг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газраас 850 сая ам.долларыг 0.8  хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Үүний эхний санхүүжилт болох  283,3 сая ам.долларын хэлэлцээрийг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ний өдөр гэрээг хэлэлцэн баталсан. Нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын санхүүжилтэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг зээлээр төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. 

Үүний дараа санал хурааж, Япон улсаас авах зээлийн санхүүжилтийн хэлэлцээрийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

ЧУУЛГАН: Гишүүдэд гурван тэрбум төгрөг өгөхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авсангүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос асуулт асууж, хариулт авсаныг хүргэе. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: МИНИЙ ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНА БАЙНА

 О.Баасанхүү: Төсвийг алдагдалтай батлах шалтгаан юу вэ? Хоригт гишүүдийн 3 тэрбум гэж байна. Миний 3 тэрбум төгрөг хаана байна вэ?  Багийн Засаг даргад 30 сая төгрөгөөр машин авах юм байгаа юм уу. Замбараагүй юм байна гэж хоригт дурджээ. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Японоос 850 сая ам.доллар авна. Төсвийг алдагдалгүй батлах боломж бий юу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвөө алдагдалгүй болгочихвол өр буух боломж бүрдэнэ. Сүүлийн 5 жил үргэлжилсэн  бодлогын алдаанаас болж, төсөв алдагдалтай явж ирсэн. Төсвөөс гадуур хэрэгжүүлээд явсан хөтөлбөрийг төсөвт суулгахаар алдагдал өсөж байгаа. Тухайлбал, 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 12.9 хувь, 2015 онд 8.1 хувь, 2016 онд 17.5 хувьтай тэнцэж байсан. 2017 онд төсвийн алдагдал 9 гаруй хувьтай гарахаар байгаа. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд оруулахаар батлуулсан. Ингэхээр төсвийн алдагдлыг 2017 оныхоос 400 тэрбумаар буулгасан. Олон жил төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломжгүй. Төсвийн сахилга батыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төрийн мөнгийг Төрийн сангаас гаргаад арилжааны банкуудад байршуулдаг болсон байна.Төр өөрийнхөө мөнгийг банкинд байршуулчихаад эргүүлээд өндөр хүүтэйгээр авдаг тогтолцоо ужгирсан байна. Энийг засахаар ажиллаж байна. Өндөр хүүтэй авдаг зээлийг багасгая. Өмнөх өндөр хүүтэй авсан зээл,  үнэт цаасыг бага хүүтэй зээлээр солихоор ажиллаж байна.  Зээлийн хүүгийн зардлыг бууруулахад Сангийн яам онцгойрч ажиллаж байна.

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ГЭСЭН МӨНГӨ БАЙХГҮЙ 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2018 оны төсөвт УИХ-ын гишүүний гэсэн мөнгө огт байхгүй. УИХ-аар улсын төсвийг батлах явцад 58 тэрбумын хөрөнгө оруулалт нэмэгдүүлсэн. Эхэлчихсэн ажлыг 2018 онд дуусгахын тулд хөрөнгө оруулалтыг нэмсэн.

ЕТГ-ын дарга  З.Энхболд: УИХ-ын гишүүн О.Баасанхүүд 3 тэрбум гэж яриа байж болохгүй.Одоо гурван тэрбум гэж хэлэгдэхдээ хүрээд байна. Ерөнхийлөгчид албан бичиг ирээд байгаа юм. Н.Тогтохсүрэн гишүүний 125 төсөл хөтөлбөр  гурван тэрбумд яригдаад байгаа юм. Төсөв хэлэлцэх үед гэнэт нэмэгдсэн зүйлийг яагаад буулга гээд байна вэ. Зураг төсөвгүй зүйл гишүүд оруулж ирдэг. Үнэхээр шаардлагатай улсын хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулна уу гэхээс тойргийн хөрөнгө оруулалтыг төсөвт оруулдаггүй. 192 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудал гэж байгаа. Алдагдалгүй төсөв батлах боломж анх удаа гарч байгаа. ОУВС-гийн хийсэн гэрээний дагуу 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Тиймээс төсвийг алдагдалгүй батлах боломж байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

20 гаруй насны дөрвөн залуу хятад иргэнийг хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлжээ

Энэ сарын 04-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, 20 гаруй насны дөрвөн залууг саатуулан шалгаж эхэлсэн байна. Хятад иргэний аминд хүрсэн этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн залуус аж. 

АМГТГ-ын дарга Б.Баатарцогтыг чөлөөлж, Х.Хэрлэнг томилжээ

Засгийн газар өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг  гаргажээ. Түүний оронд Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилохоор болсон аж.Энэ дагуу өчигдөр Б.Баатарцогт албан ажлаа Х.Хэрлэнд хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн байна. 

100.000$ -ын шагналын сантай оюуны спортын тэмцээнд тамирчид маань оролцоход бэлэн боллоо

Хятад улсад өнөөдөр эхлэх 100.000$ -ын шагналын сантай оюуны спортын тэмцээнд манай тамирчид маань оролцоход бэлэн болжээ.

МАНАЙ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:


1. Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр
2. Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр
3. Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам
4. Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар оролцох юм байна. 

Өнгөрсөн сард 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт гаргажээ

2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргасан байна. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгожээ. Ингэснээр 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. 

З.Энхболд: Хориг тавихдаа алдаа гаргасан байна. Засаад уншчихаарай

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьсаныг уржигдар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Энэ нь Ерөнхийлөгчийн гурав дахь хориг байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын ажилтнууд аливаа асуудалд судалгаагүй ханддаг гэдгээ үүгээр харуулавУчир нь хоёр өдрийн өмнө л 2018 оны төсвийн тухай хуулийг шүүмжилж хориг тавьж буйг мэдэгдэж байсан З.Энхболд хориг тавихдаа алдаа гарсаныг өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

Тэрбээр Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна” гэсэн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригтай танилцсан тухай байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан” гэсэн юм.

Яг одоо чуулганы хуралдаанаар 2018 оны нэгдсэн төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Зургаан настай охиноо шийтгэхээр өвөл гадаа зогсоожээ

Одоогоос хоёр сарын өмнө таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Олныг цочирдуулсан мэдээллийн мөрөөр олон байгууллага, хүмүүс арга хэмжээ авч ажилласан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монгол HD телевизийн хамт олон Төв аймагт ажиллаад иржээ. Энэ үеэр эмнэлгийн гадна зургаан  настай охиноо өвлийн тэсгэм хүйтэнд нимгэн хувцастай нь зогсоож шийтгэж байгаа ээжтэй таарсан байна.

Улмаар тухайн ээжийг яагаад ингэж байгааг нь асууж, тодорхой хэмжээний шаардлага тавьж, холбогдох газарт мэдээлэл хүргэсэн байна. Охины ээж хэлэхдээ охин нь өөрийг нь алгадсан учраас шийтгэх гэж гадаа зогсоосон хэмээн хэлсэн байна.

Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй

Ирэх хоёрдугаар сарын 9-нд эхлэх Пёнчаны өвлийн Олимпийн наадамд  ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй болсноо өчигдөр зарлалаа. Учир нь 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн үеэр тус улсын тамирчид төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэсэн гэх хэргийг 17 сарын турш шалгасны үр дүнд ийм шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглээгүйгээ хувиараа баталж чадвал ямар нэг улсын харьяалалгүйгээр оролцож болох гэнэ.

ОХУ-ын зарим улс төрчид энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь үүгээр далимдуулж спортын салбараа цэвэрлэж авах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа аж

Байр суурь: Хар жагсаалтад орсноор эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ

Европын холбооноос Монгол улсыг татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтад оруулсан. Манай улсыг хар жагсаалтад оруулснаар эдийн засагт ямар өөрчлөлт орох цаашлаад юу өөрчлөгдөх талаар зарим гишүүдийн байр, суурийг сонслоо. 

 САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ЭНЭ БОЛ АНХААРУУЛГЫН ХЭМЖЭЭ 

- Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Ингэхдээ холбогдох сайд нараас нь саналыг нь авч хэлэлцүүлнэ. Манай арилжааны банкиудад данстай гадаадын иргэдийн дансны хуулга болон Монголын аж, ахуй нэгжүүдэд хувь эзэмшдэг гадаадын иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулан авч байхыг Европын холбооноос хүсч байгааӨөрөөр хэлбэл, татварын хувьд ил тод биш, мэдээлэл авахад төвөгтэй байдалтай байна гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ил, тод байдлыг хангаж олон улсын байгууллагуудаас тавигддаг стандартад нийцэж ажиллах шаардлагуудыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тавьж эхэлсэн юм байна лээ. Бид үүнтэй холбоотойгоор холбогдох нэмэлт судалгаануудыг хийгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Манай орон гадны оронд данс эзэмшдэг иргэдийнхээ мэдээллийг авахыг шаарддаг. Үүний нэгэн адил Европын холбоо өөрсдийн иргэдийн данстай холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авахыг хүсч байгаа. Бид үүнтэй нийцэж ажиллах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Манай улс холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай. Татварын байгууллагаар дамжиж мэдээлэл авах бол татварын мэдээллийн системийг сайжруулж бусад орнуудтай харилцдаг тогтолцоог бий болгох ёстой. Европын холбооныхон энэ өөрчлөлтийг 2019 онд хийх боломжтой гэж мэдэгдсэн. Манай татварын хуулиар банкны мэдээллийн хуулийг ил тод гаргаад байдаггүй. Тэгэхээр бид энэ асуудлаар Монгол банктай зөвлөлдөж байгаад татварын хуулиндаа өөрчлөлт оруулна. Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр зарлаагүй. Харин татварын мэдээллийн хувьд ил тод биш байна гэдэг асуудлаар л манай улсад хандаж байгаа юм. Түүнээс биш оффшор бүсээр зарлаагүй. Цаашид бид гадаад харилцааны яамаараа дамжуулаад Европын холбооныхонтой холбогдож энэ асуудлаар хэлэлцэнэ. Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байгаа. Ойрын хугацаанд хэлэлцүүлгийг нь хийнэ. Мэдээж, энэ бол таатай зүйл биш. Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ.Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСАГЧ З.НАРАНТУЯА: НАЙДВАРГҮЙ ОРОН ГЭЖ ҮЗЭЭД ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛСАН 

-Европын холбоо бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй. Оффшорын асуудалд холбогдсон учраас найдваргүй, харилцахад эрсдэлтэй орон гэж үзээд хар жагсаалтад оруулсан гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Ингэснээр Европын холбооны улс орнууд Монгол Улстай харилцахдаа болгоомжлоорой гэсэн дохиог өгч байна. Тэгэхээр улсын эдийн засгийн бодлогоо төвлөрүүлж, уялдуулж чадахгүй байгааг илтгэсэн мессеж ирлээ гэж харж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХЭД ТӨВӨГТЭЙ БОЛНО

- Манай улс оффшор бүсэд багтах улс орнууд гэсэн хуулийн хоригууд гаргаад байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд багтах улс орнуудыг зарлах гэж байгаа байхгүй юу. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр оффшор бүсэд байгаа мөнгө хууль бус мөнгө шүү гэдгийг дэлхий нийтэд болон өөрсдийнхөө бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчдад зарлах гээд байна. Өөрөөр хэлбэл, тэнд мөнгөө байршуулж болохгүй гэж хэлж байна. Гэтэл бусад улс орнууд манай улсыг хар жагсаалтад оруулаад яриад эхлэхээр бизнесийн цэвэр мөнгө орж ирэхэд хүндрэлтэй болж байна. Бидний зовлон Оюутолгой байж л байна ш дээ.Тийм луйварын хөрөнгө оруулалтууд л орж ирнэЖинхэнэ харилцуур ашигтай бизнес хийе, манайд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгө оруулалт орж ирэхэд төвөгтэй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл