Сүүлийн үед олон нийтийн анхааралд харамсалтайгаар амиа алдсан Биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг ороод байгаа. Тэгвэл уг хэрэгтэй холдбогдуулан талийгаачийн амьд ахуйдаа хамгаалж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон Бумбын нуруунд зургаан ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг талаар өнөөдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тост, Тосон бумбын нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз нь бүгд БНХАУ-ын иргэдийн эзэмшилд байдаг аж. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүд тэр дундаа Д.Чойжилсүрэн гишүүний эзэмшдэг лиценз байдаг хэмээн мэдээлж байгаа. “Эрс шинэчлэл” хөдөлгөөний мэдээлж буйгаар Тост, Тосон бумбын нуруу орчимд олон лиценз байдаг ч ойрын 10 км-ийн зайд БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компани байдаг аж. Эдгээр Хятад эзэдтэй хайгуулын талбайд талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Иймээс ирвэс хамгаалагч, биологич залуу яагаад амиа алдав гэдгийг хуулийнхан шалгахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах саналыг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн хэлж байгаа юм.
Хятадын эзэмшил бүхий доорх зургаан компани эзэмшиж байна
1. Элбэг орд – Ли Чин Нинг
2. Фокс Майнинг – Тан И Хан
3. Мөнхийн нохон далай – Тан И Хан
4. Намуун тод – Тан И Хан
5. Намуун тод – Тан И Хан
6. Эн Си Ар Ай – Ван Чан
Энэ талаар "эрс шинэчлэл" хөдөлгөөний зохицуулагч Д.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
- Тост, Тосон бумбын нуруу орчимд хичнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Эдгээрээс яагаад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудыг онцолж байна вэ?
-Ирвэс хагаалах сангийн биологич залуу харамсалтайгаар амиа алдсан. Энэ залуу юуны төлөө амиа алдсан бэ. Тост, тосон бумбын төрийн тусгай хамгаалалтад авхуулах зорилготой байсан. Тэр орчмын эко байдлыг хамгаалах авах зорилготой байсан. Олон жил энэ талаар зүтгэлтэй ажиллаж байгаад нь бид нар баяртай байсан. Түүнийг амиа алдсанд бид бүхэн маш их харамсалтай байна. Хэвлэл мэдээллийн зорилгоор олон түмний дунд Тост, Тосон бумын нурууны эргэн тойронд 21,16 компани лиценз эзэмшдэг гэсэн хоёр өөр тоо яваад байна. Энэ бол магадгүй олон нийтийг сарниулахад чиглэлийн мэдээ яваад байх шиг санагдаж байгаа. Тийм учраас бид анхаарлыг зөв тал руу хандуулах чиглэлээр өнөөдөр мэдээлэл өгч байна. Нурууны эргэн тойрон 10 км орчимд зөвхөн Хятадын эзэмшлийн зургаан компани байгаа. Юуны дээр үндэслэж 16,21 гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна.
-Хятадын зургаан компани хууль зөрчсөн ямар үйлдэл байгаа вэ?
-Хууль зөрчсөн зүйл байгаа гэж бид нар яриагүй. Яг Тост, тосон бумын нурууны орчим түүний эргэн тойронд эко системд нь хамаарагдах талбай дээр Хятадын зургаан компани байна. Тэгэхгүй бол 3-4 УИХ-ын гишүүн тэнд талбайтай байна. Улстөрийн зорилгоор яваад байна.
-Яагаад зөвхөн Хятад эзэнтэй компанийг шалгуулах талаар яриад байгаа юм бэ.Та Д.Чойжилсүрэн гишүүнийг өмгөөлөөд байгаа юм биш үү?
-"Эрс шинэчлэл" хөдөлгөөн Д.Чойжилсүрэн мэтийн амьтдыг өмөөрөхгүй. Хэзээ ч тийм юм гаргаж байгаагүй. Д.Чойжилсүрэн бидний хувьд хэн ч биш, хамгаалах ч шаардлага байхгүй. Гэхдээ тэр хүн бол Монголын иргэн. Бодит байдал дээр Хятадын зургаан компани лиценз эзэмшиж байна гэж хэлж байна. Харин Хятад хүнийг үзэн ядаад байгаа юм байхгүй.