8o
Улаанбаатар хот
mobile menu

2020 онд иргэн бүрийн амьдарч буй орчин, нөхцөлийг тодруулах зорилготой орон сууцны тооллого явуулна

2017-12-08 12:26:17

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.12.08) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хүн амын бүртгэлийг цахимжуулах болон орон сууцны тооллого явуулах шаардлагын талаар тус тус тодруулсан юм. Хүн ам, орон сууцны улсын тооллого нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсарын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Иргэдийн цахим бүртгэлд суурилсан тооллогыг хийж, цахим бүртгэлд хамрагдаагүй иргэдийг бүртгэлжлүүлэх хяналтын тооллогыг давхар явуулсан гэлээ. 2020 онд хийгдэх тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Нийгмийн даатгалын сан, Халамжийн сан, Эрүүл мэндийн сан, Боловсролын сан, Ажил эрхлэлтийн сан гэх зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой бүх санг нэгтгэх, хоорондын мэдээллийн зөрүүл арилгаж төрийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх анхан шатны ажлууд хийгдэж байгаа аж. Холбогдох ажлын төсвийн талаар мөн танилцуулсан. Орон сууцны тооллогын тухайд 1969 оноос хойш Монгол Улсад барилгын фондын бүртгэл хийгдээгүй, иймд Барилга хот байгуулалтын яамтай хамтран 2019 онд барилга орон сууцны тооллогыг явуулах аж.

Харин 2020 онд иргэн бүрийн амьдарч буй орчин, нөхцөлийг тодруулах зорилготой орон сууцны тооллого явуулах юм байна. Үүний үр дүнд иргэн бүрийн амьдарч буй сууцны чанарыг тодорхойлох, холбогдох стандартуудыг тогтоох, энэ чиглэлд төрийн бодлогыг тодорхойлоход суурь мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, Ерөнхий сайд ахлан ажиллах “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Зөв зөв, тэгээд олон байртай хүмүүст татвар ноогдуул.
2017/12/08 202.131.233.251