Өнөөдөр, маргааш Төрийн ордонд хуралдахаар зарлагдаад буй МАХН-ын Их хурал хэрүүл, шуугиантай эхэллээ. Тодруулбал, тус намын гишүүн, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ намын Их хуралдаа оролцох гэсэн ч “Төрийн ордны хамгаалагчид оруулахгүй байна” хэмээн бухимдаж өөрийн цахим хаягаар шууд бичлэг хийв.
Тэрбээр “Манай нам УИХ-д бүлэгтэй байхдаа Төрийн ордонд намынхаа гишүүдийг оруулж хуралдуулах боломжгүй байсан.Гэтэл өнөөдөр зохион байгуулалттайгаар автобус, автобусаар нь хүмүүсийг авчирч хуралдаж байна. Өглөөний 07.00 цагаас эхлэн автобусаар хүмүүсийг зөөгөөд байна. Мөн зарим хүмүүс намын Их хуралдаа орох гэтэл урилгагүй гэдэг шалтгаанаар оруулахгүй байна. Намынхаа удирдах зөвлөл болон даргадаа мэдэгдээгүй өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна.Тэгсэн мөртлөө МАХН-ын тамга, логог урдаа бариад намынхаа эсрэг мөнгөөр Их хурлыг зохион байгуулж байна. Би ч гэсэн хуралдаа ормоор байна. О.Баасанхүү өнөөдөр хэн нэгний гар хөл болж болно. Гэхдээ жирийн гишүүд дэмжигчидыг битгий ашигла. Манай нам онц Их хурлаас хойш Их хурлаа хуралдуулж чадаагүй нь үнэн. Гэхдээ хуралдуулах боломж байгаагүй юм.Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь ямар нэгэн шалтгаанаар ойр, ойрхон солигдож байсан. Намын дарга нь шоронд байсан мөн гадаадад эмчлүүлж байсан шалтгаанууд бий. Өчигдөр болсон Бага чуулганаар манай намын Их хурал хоёрдугаар сарын 9, 10-ны өдөр зохион байгуулагдахаар болсон. Намайг МАХН-ын гишүүн гэдгийг түмэн олон мэднэ. Гэтэл би хуралдаа сууж дуу хоолойгоо хүргэх боломжгүй байна” гэлээ
Тус нам нь Н.Энхбаярынх ба О.Баасанхүүгийнх гэж хоёр хуваагдаад байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд намын дарга Н.Энхбаярыгаа өнгөрсөн хэд, хэдэн удаагийн сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээгээгүй. Мөн намын Их хурлаа хоёр жилд хуралдуулах ёстой ч сүүлийн найман жил хийгээгүй. Намын жирийн гишүүд дэмжигчдээ намаасаа хөөснөөс гадна УИХ дахь ганцхан гишүүнээ намын гишүүнчлэлээс хасна гэсэн гэх мэт зүйлийг ярьж буй. Тиймээс өнөөдөр намын Их хурлыг хуралдуулж бага хурлын гишүүдийг шинэчлэхээс гадна намын дарга Н.Энхбаярт хариуцлага тооцох асуудлыг ярьж түүнийг солино гэж буй. Гэтэл Н.Энхбаярын хүмүүс нь өнөөдрийн хурлыг дүрмийн бус хэмээн эсэргүүцээд байна. Мөн О.Баасанхүү гишүүн нь өнөөдрийн хуралдааныг намын тамгаар биш нийслэлийн намын тамгаар зохион байгуулж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Ямартай ч намын одоогийн дарга Н.Энхбаяр нь болон удирдах зөвлөлийн бусад гишүүд нь өнөөдрийн хуралдаанд орох нь бүү хэл эсэргүүцэж байгаа аж. Харин О.Баасанхүү нь удирдлагуудгүйгээр Их хурлаа хуралдуулж эрх мэдлийг авахаар шийдсэн бололтой. О.Баасанхүүгийн зохион байгуулж буй өнөөдрийн хуралдаан нь хүчин төгөлдөж болж шийдвэрээ хэрэгжүүлж чадах эсэх нь удахгүй тодорхой болох биз. Тус асуудал хэрхэн шийдэгдэх нь Н.Энхбаяр болон О.Баасанхүүгээс шалтгаална. Энэ бол намын Их хурал нэрийн дор болж буй Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын эрх мэдлийн төлөөх тулаан болж байна хэмээн олон нийт харж байна.