МАХН-ын II-р Их хурлын чуулган өчигдөр Төрийн ордонд болж намын дүрмийг шинэчлэх, шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцжээ. Ингээд МАХН-ын Их хурлын гишүүдийн 94.4 хувийн саналтайгаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаараа сонгожээ. Харин намын даргад өрсөлдсөн Г.Бямбасүрэн 5.6 хувийн саналыг авсан байна. МАХН-ын Их хурал өнөөдөр үргэлжилж, бага чуулганыхаа гишүүдийг батлах юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын даргаар сонгогдсон даруйдаа "Энэ хэцүү хүнд үед итгэл үзүүлж байгааг надад өгсөн хариуцлага гэж ойлгож байна. Албан тушаалд очиж байна гэж харахаасаа илүү ард түмэндээ шударга ёсыг яаж мэдрүүлэх вэ гэдэг зорилго хамгийн түрүүнд бодогдлоо. МАХН-ын дуу хоолойг төрд хүргэхийг хүсч байна. Хэдийгээр би ганцаараа ч 2020 онд томоороо ялахыг хүсч байгаа юм. Удирдлагууд маань энэ их хурлыг тансаглал гэж хэлж, үл тоож, хүчингүй гэж зарлаж, гүтгэж байгаад харамсч байна. Гэхдээ бид учраа олно гэж найдаж байна. Аливаа тэмцэлд ялалт байхгүй. Бидний зорилго Монголын ард түмний төлөө. Том зорилгыг биелүүлэхгүй бол том итгэл алддаг. Бид том зорилго биш жижиг, тэгсэн хэрнээ жинхэнэ зорилго тавина" гэлээ.
О.Баасанхүүгийн хувьд намын дарга Н.Энхбаярыгаа өнгөрсөн сонгуулиудын үр дүнгээс хамаарч хариуцлага хүлээгээгүй хоёр жилд нэг удаа хуралдах ёстой Их хурлаа хуралдуулаагүй гэх мэт шалтгаанаар буруутгаж байгаа билээ.
Харин эсрэг талд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд болох С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй зарим хүмүүс тус хурлыг дүрмийн бус хэмээн хэлж эсэргүүцэж байгаа юм. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар өчигдөр Их хуралд оролцож О.Баасанхүүг буруутгаж нэлээн эсэргүүцсэн.
Эдгээр хүмүүс О.Баасанхүүг "Намын нэр барьж хууль бус хурал хийлээ. Энэ хурлын талаар намын даргадаа ч мэдэгдээгүй. Албан ёсны тамгагагүй хурлыг зохион байгууллаа" гэх мэтээр шүүмжилж байгаа юм.
Уг хурлыг албан ёсны болсон эсэхээр МАХН-ын удирдлагууд шүүхэд хандаж эцсийн шийдвэр тэндээс гарах нь тодорхой болох биз.
Т.Энхэлээ