8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Цалин, тэтгэврийг нэмээгүй байж татвар нэмдэг төрийн бодлогыг гайхаж байна

2017-12-12 09:00:00

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

- 1990 оны Ардчилсан хувьсгалд  оролцсон анхны төлөөлөгчдөд төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл өргөн барьсан гэлээ. Энэ хуулийнхаа талаар тодруулна уу? 

-Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэгийн тухай хуулийг өргөн барьсан. Ардчилсан хувьсгалыг хүмүүс янз бүрээр дүгнэж ярьдаг. Миний хувьд бол нийгмийн бүхэл бүтэн тогтолцоог өөрчилсөн хувьсгал байсан. Хуучин нэг намын тогтолцоотой байсан нийгэм маань олон намын тогтолцоотой болсон. Мөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Энэ мэт нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирсан хувьсгал байсан. Энэ өөрчлөлтийг анх санаачилж, зүтгэж, тэмцсэн хүмүүс бол нийгмийг өөрчилсөн баатрууд болж түүхэнд үлдсэн. Эдгээр хүмүүс дотор цаг үеийнхээ эрсдэлд өртөж амьдрал, ажил, гэр бүл, амь нас гээд бүх зүйлээрээ давхар хохирсон олон зуун иргэн байгаа. Тиймээс нийгмийн өөрчлөн байгуулалтыг санаачилж анхнаас нь зүтгэсэн тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний хөнгөлөлт дэмжлэгийг төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэ хуулийг санаачилж өргөн барьж байна. Энэ хууль маань хэлэлцүүлэгт ороод батлагдах байх гэж найдаж байна. Ардчилсан хувьсгалыг улс төрийн аль нэгэн нам дангаараа хийчихсэн юм биш. Өнөөдрийн гурван сая иргэний оролцоо бий. Мөн улс төрийн бүх намын оролцоо бий. Тиймээс уг хуулийн төслийг улстөржсөн байдлаар харахгүй байх гэж найдаж байна.

- Тэдгээр иргэдийг яг яаж дэмжинэ гэж хуулийн төсөлд тусгасан юм бэ?

- Хуулийн төсөлд тодорхой тусгагдсан. Хэлэлцүүлэгт орохоор та бүхэнд бичгээр хүргэх байх. Ер нь нийгмийн хамгааллын чиглэлээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд голдуу тусгасан байгаа.

- Нийт хэдэн хүн дэмжлэг авах вэ?

- Судалгаа хийж байна. Тухайн үеийн өөрчлөлтийг эхлүүлж байсан байгууллагуудын тодорхойлолтоор хүмүүсийг сонгоно. Ингэхдээ 1990 оны зургадугаар сараас өмнөх үйл явдалд оролцсон хүмүүсийг хамруулна гэж тооцож байгаа.

Мэргэшсэн, ур чадвар өндөртэй ховор мэргэжлийн хүмүүсээ илүү дэмжих ёстой байтал татвар, гувчуураар дарамтлах нь буруу юм

- Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг та өргөн барих гэж байгаа юм байна. Энэ хуулийн төслийн гол санаа нь юу вэ?

- Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол улсын төсвийн нийт орлоготой тэнцэж байна. 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Зарлага нь 9.6 их наяд ингээд 2.4 их наядын алдагдалтай төсөв баталсан. Мөн эдийн засагт орж байгаа мөнгөний эргэлт маш бага байна. Үүний гол шалтгааныг судлаад үзэхээр арилжааны банктай холбоотой. Арилжааны банкинд мөнгөний хуримтлал их болсон. Энэ нь хадгаламжийн маш өндөр хүүтэй мөнгийг банкууд татаж төвлөрүүлж байна. Гэхдээ хадгаламж эзэмшигч буюу арилжааны банкуудыг буруутгах гэсэнгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгөний урсгал түгжигдэж эдийн засгийн идэвхтэй эргэлтэд орохгүй байна. Энэ нь улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй. Арилжааны банкуудын оны эцсийн ашгийн үр дүнг харахад маш өндөр байгаа юм. Гэтэл аж ахуй нэгжүүдийн зээлийн үр дүн их муу байгаа юм. Өндөр хүүтэй хадгаламж татсан банкууд эргээд гаргахдаа өндөр хүүтэй зээл гаргаж байна. Одоо жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь байна. 40 гаруй хувийн хүүтэй банк ч байна. Дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн хэмжээ 60-80 хувьтай байгаа юм. Тэгэхээр ийм өндөр хүүтэй мөнгө зээлж байгаа аж, ахуй нэгжүүдийн бизнес амжилтад хүрэхгүй. Зээлийн хүүндээ шатаад л таарна. Анх зээл авахдаа барьцаалж байсан байшин барилга, машин техникээ алдаад л дуусч байна. Тэгэхээр төрөөс зохицуулалт хийх шаардлага харагдаж байгаа юм. 28 жил эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар банк, банкны зээлийн хүү, хувь хэмжээг зохицуулна гэж харж байсан. Гэтэл энэ хугацаанд банкны монополь байдал арилахгүй байна. Улам л эрх мэдэл нь бэхжээд яваад байна. Тэгэхээр үүнийг төрөөс зохицуулах шаардлагатай учраас хуулийн төсөл боловсруулж байгаа. Ер нь бол арилжааны банкуудын зээлийн хүүгийн хувь хэмжээг 18 орчим , банк бус байгууллагынхыг 30-35 орчим байхаар тогтоох санал тусгаж байна.

- Нэг сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хүн амын орлогын албан татвар, цалингийн шатлалын хувь хэмжээнээс хамаараад өндөрсөж байгаа нь маргаан дагуулж эхлээд байна. Энэ тал дээр танай бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ?

-Олон улсын валютын сангийн гэрээ хэлэлцээрээр халхавчлаад долоон нэр төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Зарим нь хэрэгжиж эхэлсэн бол зарим нь нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Өнөөдөр мэргэжлийн өндөр ур чадвартай тусгай мэргэжилтэй хүмүүсийн авдаг цалин харьцангуй өндөр. Гэтэл тэр хүмүүс өндөр цалин авсныхаа төлөө шимтгэл их төлөх болж таарч байна. Энэ бол буруу. Мэргэшсэн, ур чадвар өндөртэй ховор мэргэжлийн хүмүүсээ илүү дэмжих ёстой байтал татвар, гувчуураар дарамтлах нь буруу юм.Цалин, тэтгэврийг нэмээгүй байж татвар нэмдэг төрийн бодлогыг гайхаж байна. Эрх бариад 1.6 жил болчихоод нэг ч төгрөгийн цалин, тэтгэвэр нэмсэнгүй. Нийгмийн хамгааллын чиглэлээр бодитой ямар ч алхам хийсэнгүй. Гэтэл татвар нэмэх гээд байж байна. Хувийн хэвшлийнхэнийг дэмжье гэж байгаа бол татвараа  л багасга. Тэгэж байж хувийн хэвшил тэлж, үйлдвэрлэл нь нэмэгдэнэ. Улс орны хөгжилд оруулах хувь нэмэр нь доривтой болно.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дотор хөмөрлөө
Төрийн эрхэнд гарчихаад бна.наад зах чи энэ төрийн эрх мэдэлийг завшигч хуулийн цоорхой ашиглагч гэх мэтээр олон хулгай нар үүрлээд авчээ.одоо тусгай хангалт хангамж эдэлж улсыг харанхуй тогоон
2017/12/12 103.212.116.246
зочин
Цалин тэтгэвэрээ 4жилийн өмнө нэмэхгүй юу хийж байсан юм.ардчилсан хувьсгал гэж ярихаа боль . Хувьсгал гараагүй болоогүй төрийн эрх авах хувилдаан болж хулгай луйвар дээрэм тонуулчид төрийн эрхэнд
2017/12/12 103.212.116.246
АЛУУРЧИН
ЭРДЭНЭБАТ МИ ОВОГТТОЙГОО ХАМТ ХУРЦЫН ЗАРЦУУД
2017/12/12 202.179.27.52
Zochin
Ene S. Erdene gej hun uuruu ih olon jil said hiij baihdaa tsalin tetgever nemeegui baij odoo yu yariad bicheed baina. Uurt chini buh erh medel baisan sh de odoo bitgi ard tumend taalagdah gej bu dongo
2017/12/12 103.26.194.19
Иргэн
Forexstars.mn гэсэн залилангийн компаниас сэрэмжлэгтүн. Та форексийн үйлдлээр мөнгө хожлоо гэхэд эднийх мөнгийг чинь хэзээ ч эргүүлж өгөхгүй шүү.
2017/12/12 202.70.34.70
ИРГЭН
АХМАДУУД БОЛ МОНГОЛ ОРНЫГ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ БОЛОХОД ХҮЧИН ЗҮТГЭСЭН ГАВЬЯАТАЙ УЛСУУД АХМАДЫНХАА ТЭТГЭВРИЙГ ОЛИГТОЙ НЭМЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ИЙМ ХӨНГӨЛӨЛТИЙН ТУХАЙ ЯРИХ НЬ БУРУУ МАН ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭЭГҮЙ ҮНЭН
2017/12/12 202.179.31.87