8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутолгой, ИНЕГ, Ерөнхийлөгчийн сонгууль болоод АСЕМ-ын зардалд аудит хийнэ

2017-12-12 14:29:00

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийх юм байна. Аудитыг 700 гаруй сая төгрөгөөр хийх аж. 

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд  аудитын шалгалтыг оновчтой болгож багцлах хэрэгтэй гэсэн санал гаргасан нь дэмжлэг авсан юм. 

лэлцүүлгийн шатанд гишүүд “Ирэх онд хийх аудитыг эргэн нягталж, улсын, төрийн чанартай аудит болгон өөрчлөх шаардлагатай. Гол асуудлууд багтаагүй байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ. Тухайлбал, цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлахаар болов. Ажлын хэсэг нь ирэх долоо хоног хүртэл ирэх онд хийгдэх төлөвлөгөөт аудитын жагсаалтыг нарийвчилсны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, энэ асуудлаар шийдвэрээ гаргахаар болов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “ Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох тэр асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой. Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо. Онгоцны тийз яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг, Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай” гэв. 

Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан “Үндэсний аудитын газар Төмөр зам төрийн өмчит компани, Хөгжлийн банк зэрэг томоохон газруудад шалгалт хийгээд олон тэрбумын зөрчил илрүүлсэн. Гэвч хэрэг нь юу болсон нь мэдэгддэггүй. Жишээлбэл, тэр төмөр замтай холбогдох асуудал юу болов. Аудит хийчихээд хаяад байх юм бол санхүүгийн шалгалт хийх шаардлагатай юм уу” гэлээ.  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын өгсөн тайлбараар бол Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагаас арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл ирүүлээгүй, шалгаж байгаа гэнэ.

Т.Энхэлээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Маанаг
Аудитын газар чинь төсөвгүй газар юм уу? Юуны чинь 700 сая төгрөг вэ?
2017/12/13 135.23.229.57