8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Наранчимэг: Архи, тамхины онцгой албан татварыг нэмснээр үүнээс үүдэлтэй халдварт бус өвчний тархалт буурна

2017-12-13 09:42:00

Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран  “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан юм.  Монгол улсад ХБӨ–ийг бууруулахад хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх зөвлөмжийн дагуу RTI олон улсын эдийн засагчид энэхүү ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн манай улс  тооцооллын үр дүнгээ танилцуулж буй хоёрдох улс болж байгаа юм. Энэ үеэр ДЭМБ-ын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэгтэй ярилцлаа.

-Монгол улсын халдварт бус өвчний өнөөгийн нөхцөл байдал, ихсээд байгаа шалтгаан юу байна?

-Халдварт бус өвчин монголд төдийгүй дэлхий нийтэд эрс нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд буурах үзэгдэл ажиглагдахгүй байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын санааг зовоож байна. Хамгийн энгийн тоо баримтыг авч үзвэл Монгол улс жилдээ 57.2 тэрбум төгрөгийг (24 сая ам. доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулж байна. Хүн амын 32 хувь нь зонхилон тохиолдож буй дөрвөн халдварт бус өвчний аль нэгнийх нь улмаас хүмүүс цаг бусаар нас барж байна.

Нийт нас барж байгаа хүний 70 орчим хувь нь халдварт бус өвчнөөр амиа алдаж байгаа харамсалтай тоо бий. Насанд хүрсэн хүний 26 хувь  нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг, нэг хүнд жилд 7.8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины зах зээлийн нягтрал хамгийн өндөртэй улсад багтаж байна.

Халдварт бус өвчин ихсээд байгаагийн гол шалтгаан нь архидалт, тамхидалт, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, таргалалт, илүүдэл жин, хэт их давсны хэрэглээ  зэрэг хүний өдөр тутмын буруу дадал нь энэ өвчин нэмэгдэх шалтгаан болж байна.  Чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрууд орж байна.

-Өнөөдрийн /өчигдөр/ хурлаар Манай улс халдарт бус өвчнийг буруулахад оруулах хөрөнгө оруулалтын үр дүн, ач холбогдлыг талаар хэлэлцэж энэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ арга нь халдварт бус өвчнийг буруулахад хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

 -ДЭМБ-аас боловсруулсан үр ашигтай, үр дүнтэй 14 интервенцийг дотоодын ажлын хэсгийн хамтаар сонгон, ирэх 15 жилд шаардлагатай хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг тооцоолон гаргаж танилцууллаа. Дээрх багц интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19,454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10,403 тохиолдлоор бууруулах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн тамхины багц интервенцийн дүнд, тамхинаас үүдэлтэй  нас баралт дөрөв орчим хувиар багасгах болно. Хэрвээ бид 15 жилийн туршид  2.4 триллион төгрөгийг интервенцийн багцад зарцуулбал шууд үр дүнд жилийн хөдөлмөрийн бүтээмжийн өгөөж нь Монгол улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 2015 оны хэмжээний нэг хувьтай тэнцэх юм. 

 ДЭМБ-аас халдварт өвчнийг буруулахад зориулж бууруулсан 85 багц интервенци байдаг. Үүний 10-ийг нь манай улсад хэрэгжлүүлэхээр боллоо. Ингэснээр  үр дүнгээ өгнө гэдгийг эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судлаачид, эрдэмтэд тогтоосон байдаг. Манай улсад хэрэгжүүлэх гэж байгаа энэ 10 интервенцийг гаргахын тулд олон улсын эрүүл мэндийн эдийн засгийн тооцооллыг гаргадаг баг гурван жил ажилласан.

-Халдварт өвчнийг буруулахад нөлөөлөх гол зүйл нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэж мэргэжилтнүүд ярьж байна. Онцгой албан татвар нэмснээр архи, тамхины хэрэглээ буурна гэж үзэж байгаатай холбоотой байх?

-Манай улс ОУВС-аас зээл авахад архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай зээлийн нөхцөлд тусгаж өгсөн байгаа. Үүний дагуу Засгийн газар ирэх 2018 онд 10 хувь, дараа жил нь 15, 20 гэх мэтээр архи, тамхины онцгой албан татварыг нэмж байгаа.  Архи, тамхины онцгой албан татварыг нэмснээр хоёр ашигтай тал харагдаж байна. Улсын төсөвт тодорхой хэмжээний хуримтлал болж орж ирнэ. Мөн татвар нэмэгдвэл архи тамхины хэрэглээ буураад ирнэ. Хэрэглээ буурна гэдэг нь түүнээс үүдэлтэй эрсдэлүүд багасдаг. Өөрөө л хэлбэл архи, тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчний тархалт багасна гэсэн үг.  

- Монгол улсын халдварт бус өвчнийг буруулахад оруулахад хөрөнгө оруулалт, болон түүний үр ашиг, ач холбогдлыг хэлэлцэж, танилцууллаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

- Энэ нь ирэх 2018 оноос хэрэгжиж эхэлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл