Н.Амарзаяа: Би сошиалд өртөмтгий гишүүн. Тиймээс би сошиал орчинд зөв бүхний төлөө дуугарахыг энэ номоороо уриалж байгаа юм
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ШУТИС БАТ, Бизнесийн ухааны доктор Н.Мөнхөө, Виннер Консалтинг компанийн захирал Ц.Одонтуяа нарын хамтран бичсэн “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” ном өнөөдөр нээлтээ хийлээ. Орчин үеийн хүмүүсийн цаг тутмын салшгүй хэрэглээ болсон сошиал сүлжээ нь өдөр ирэх бүр хамрах хүрээгээ тэлэн хөгжиж байна. Сошиал орчны хөгжил цаашид ч хурдацтай өсч бизнес, боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргаа зэрэг аль ч салбарын үйл ажиллагааг өндөр үр ашиг, хурд, найдвартай ил тод явуулах боломжийг нээж өгнө гэж судлаачид хэлдэг. Тиймээс ч 80 настай буурлаас найман настай хүүхдийг хамрах болсон сошиал орчныг зөв, зохистойгоор хэрэглэх болон үүнийг ашиглан хэрхэн амжилтад хүрэх талаарх мэдээллийг уг номонд багтаажээ.
Сошиал сүлжээ хүмүүсийн амьдралын чухал хэрэгсэл болохын зэрэгцээгээр сөрөг үр дагаврыг ч дагуулж байгаа гэх шүүмжлэл их болсон. Тиймээс яг энэ үед сошиал сүлжээг зөв зохистойгоор амьдралдаа хэрэгтэйгээр цаашилбал амжилтад хүрэх хэрэгсэл болгон ашиглах шаардлага урган гарч буй. Чухам энэ л хэрэгцээ, шаардлагад үндэслэн тус номыг зохиосон гэж зохиогчид хэлж байна. Тодруулбал, “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” номоос та бүхэн сошиал сүлжээг хэрхэн аюулгүйгээр зөв зохистой хэрэглэх ухааныг олж мэдэх юм..
Бид өнөөдөр facebook, twitter, instagram зэрэг сошиал сүлжээг мэдээ, мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, ажлаа цаг алдалгүй түргэн шуурхай явуулах гэх мэт гэх олон талаар ашигладаг. Гэхдээ гар утаснаасаа сошиал сүлжээнд ороод л амжилтыг бүтээж болно гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгэхээр бид өөрсдийн хэрэгцээг зөв, зохистой болгоод л амжилттай ажиллаж, амьдрах боломжтой гэдгийг уг номоос мэдэж болох нь.
Номын зохиогч, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ үеэр “Өнөөдөр дэлхий нийт нийгмийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээ, мэдээллийг цаг минут алдалгүй хүлээн авч байна. Мөн өөрсдийнхөө амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх санаа, санаачлагуудыг сошиал сүлжээнээс авдаг болжээ. Яг энэ цаг үед сошиал орчинд амжилтыг бүтээх хүн олон болоосой гэж би хүсч байна. Цаашид энэ салбарын стратегийн ач холбогдолыг өндөрт гаргах шаардлага үүсээд байгаа. Тодруулбал, энэ салбарын сайн талыг баримтлан бие, биенээ дэмжиж зөв эерэг хандлагаар хөгжүүлэх хэрэгтэй. Миний ажлын хамгийн үнэнч хамтрагчид бол ангийнхан минь юм. Тийм ч учраас ангийнхаа хоёр найзтай хамтран энэ номоо гаргалаа. Ер нь сошиал орчныг эерэг талаас нь зөв хандлагаар хувь хүмүүсийн хамтын хөгжил цэцэглэлтэд тулгуурлан хөгжүүлэх ёстой гэж би харж байгаа. Тийм ч учраас энэ чиглэлийн ажлыг дэмжиж хамтарч ажиллана. Сошиал орчны талаар судлаад үзье гэхээр бүрэн цогц мэдээллийг агуулсан ном байдаггүй юм байна лээ. Тийм учраас бид сошиал сүлжээ Монголд хөгжлийнхөө аль түвшинд яваа талаар маш том дүгнэлт хийгээд энэ номыг гаргах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр гар утаснаасаа, гэрээсээ интернэт орж байгаа хүмүүс сошиал орчныг яг ямар түвшинд хэрхэн хэрэглэхийг нь сурах бичих түвшинд нь гаргах нь зүйтэй юм гэдэгт номын зохиолчид санал нэгдсэн. Би сошиал орчинд хамгийн өртөмтгий гишүүн. Аливаа нэг асуудалд сөрөг талаасаа яригдаж байсан удаатай. Тэр хүнд үед би “Энэ номоо хурдан гаргах юмсан. Номоо гаргачихаад Монголынхоо нийт иргэдийг уриалан дуудах юмсан” гэж хүсч байлаа. Ингэхдээ сошиал сүлжээг зөв сайхан зүйлийн төлөө, амжилтын төлөө ашиглаачээ гэж уриалахыг хүсч байсан. Энэ өдөр өнөөдөр ирж байгаад маш их баярлаж байна” гэлээ.
Мөн номын зохиогч Н.Мөнхөө “Өнөөдөр монголчуудын 80 хувь нь сошиал сүлжээг ашиглаж байна. Тэгэхээр бид хөгжье гэвэл хувь хүмүүсээсээ эхлээд аж, ахуй нэгжүүд маань хүртэл интернэт сүлжээг ашиглаж сурах зайлшгүй шаардлага урган гарч байна. Энэ ном нь уг хэрэглээг хангахад бага ч болов мэдлэг, мэдээлэл болно” гэлээ.
Номын нээлтийн фото зургуудыг хүргэж байна.
Т.Хулан