8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг

2017-12-13 14:45:00

 Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулсан дээд хэмжээний уулзалт болсон байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: НҮБ-ын төрөлжсөн байгууллага манайд халдварт бус өвчний талаар судалгаа хийж, өнөөдөр тус тайлангаа хэлэлцүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ халдварт өвчний талаар ярьсан. Халдварт бус өвчин хүн амын нас баралтын томоохон хүчин зүйл болж байна гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Нийт нас баралтын 70 гаруй хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй юм. Халдварт бус өвчнөөр өвдөх шалтгаанд буруу хооллолт, гаж зуршил, архи тамхины өргөн хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнээс гадна монголын нөхцөлд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой стресс бухимдал, агаарын бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тиймээс бид элэгний вирус, сүрьеэ зэрэг өвчнүүдэд нэлээд анхаарал хандуулж байсан бол үүний зэрэгцээ халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт, хүн амын нас богиносох зэрэг чиглэлээр нэгдсэн судалгаатай боллоо. Монгол улс жилдээ халдварт бус өвчинд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг. Өнөөдрийн судалгаанаас харахад энэ төсвийг илүү нэмэгдүүлэх шаардлага гарч байна” гэсэн юм.

НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг нь халдварт бус өвчин, түүнээс шалтгаантай эндэгдэл, нас баралт. Монгол улсын нийт нас баралтын 77 хувийг Халдварт бус өвчнөөс шалтгаантай өвчлөлтүүд эзэлж байна. Тиймээс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2015-2016 онд томоохон хэмжээний судалгаа үнэлгээ хийгдсэн. Өнөөдөр тус судалгааны үр дүн үнэлгээг танилцууллаа. Энэ үнэлгээгээр анхааруулах дөрвөн төрлийн өвчин байна гэж үзсэн. Нэгдүгээрт, зүрх судасны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчин. Хоёрдугаарт нь чихрийн шижин өвчин дангаараа нэлээд том асуудал гуравдугаарт амьсгалын замын өвчлөл, дөрөвдүгээрт хорт хавдар гэсэн өвчин гол хүчин зүйл болсныг сая хэллээ. Энэ асуудлуудад анхаарал хандуулахын тулд энэ чиглэлээр явуулж байгаа эрүүл мэндийн үйл ажиллагааны интервенцийн үр өгөөж эрүүл мэндийн хор шалтгаанаас болж гарах зардлыг дор хайж 3-20 дахин хэмнэх тооцоо гарсан. Иймд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг бодитой зүйлд зарцуулах боломж том дэмжлэг болж байна” гэв.

Тооцооллоос үзэхэд, Монгол улс жилдээ 57,2 тэрбум төгрөгийн (24 сая ам доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулдаг. Хүн амын 32% нь зонхилон тохиолдож буй дөрвөн халдварт бус өвчний улмаас бусаар нас барж байна. Нийт насанд хүрсэн хүний 26% нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48 % нь тамхи татдаг байна. Нэг хүнд жилд 7,8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины хэрэглээ хамгийн өндөртэй улсуудын тоонд багтаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл