8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн хууль:МАН 76 тойрогт дахин хуваарилалт хийнэ

2017-12-13 15:22:00

Өмнөх парламентын үед Ардчилсан нам эрх барьж байхдаа 2016 оны УИХ-ын сонгууль болохоос яг нэг сарын өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчилж холимог тогтолцоог халахаас гадна мандатын тоог хөдөлгөж хууль зөрчиж байв. Үр дүнд нь 76 жижиг тойргоос парламентын өнөөдрийн  гишүүд сонгогдсон.  Тэгвэл энэ удаагийн парламентад эрх барьж буй МАН сонгууль болохоос хоёр жилийн өмнө буюу одооноос эхлэн Сонгуулийн хуулиар оролдож эхлэх нь. Тодруулбал, Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөхөөр УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулаад ажиллаж эхэлснийг тус намын бүлгээс мэдэгдсэн. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулаад байна. 

Тус ажлын хэсэг Сонгуулийн хуульд доорх хоёр том өөрчлөлтийг хийх аж. 

- Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зохицуулж буй нэгдсэн нэг хуулийг салгаж өөр, өөрийнх нь онцлогт тохирсон бие даасан хуультай болгох юм байна. 

УИХ-ын сонгуулийн 76 тойрогт дахин хуваарилалт хийж, зарим аймгийн мандатыг хуучин жишгээр нь сэргээж магадгүй аж. Тодруулбал, цөөн, олон мандаттай байна хэмээн шүүмжлэгдэж ирсэн тойргуудын мандатын тоог тэнцүүлж сонгогчийн эрх ашгийг хангах гэнэ. 

Өнгөрсөн парламентын үед эрх барьж байсан нам нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа тойргийн мандатыг буруу хувиарласан гэх шүүмжлэлийг МАН-ын зүгээс хэлдэг. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувиарлалтыг тооцохгүйгээр зарим газарт нь цөөн мандат заримд нь олон мандат хувиарласан гэж буй. Өнгөрсөн сонгуулиар  76 мандатын 48 нь орон нутагт, 28 нь нийслэлд ногдуулсан. Энэ өөрчлөлтийг хийхдээ Сүхбаатар, Булган аймгийн мандатыг нэгээр цөөлсөн бол  Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг мандаттай болгосон. Мөн Багахангай дүүргийн хоёр мандатын нэгийг Хан-Уул, нөгөөг нь Сүхбаатар дүүрэгт шилжүүлсэн бол Налайх дүүргийн нэг мандатыг Чингэлтэй дүүрэгт, мөн Багануур дүүргийн нэг мандатыг Сүхбаатар дүүрэгт өгч байв.  Дээрх өөрчлөлтийн дүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд зургаан мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дөрвөн мандаттай болсон.

80 мянган хүн амтай Увсад нэг мандат нэмж, гурван мандат ногдуулсан бол 4000 хүнээр цөөн Дорнод аймаг хоёр мандаттай. Гэтэл Дорнод аймгаас хүн ам багатай Хэнтий аймагт гурван мандат хуваарилсан.

Энэ нь бүхэн учир дутагдалтай тул засч залруулах шаардлагатай гэж эрх баригч МАН-аас үзэж буй. Харин МАН Сонгуулийн хуульд чухам ямар өөрчлөлтийг хийж тэр нь хэрхэн иргэд болон мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авах нь анхаарал татаж байна. Мөн тус нам сонгуулийн тогтолцоог жижиг 76 хэвээр үлдээх үү эсвэл холимог болгох уу гэдгийг ярьж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Учир нь сонгуулийг холимог бус өнгөрсөн сонгуулийнх шиг жижиг 76 аар явуулбал МАН-д ашиггүй байх магадлалтай гэж эрх баригчид үзэж буй бололтой. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл