8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ЗГ С.Баярыг элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэр гаргаж,  5 настай охиныг хүчирхийлсэн этгээд ял авсан өдөр

2017-12-14 18:40:00

“Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Б.Ариунболд: 7 хоногийн дараа нүүрс тээвэрлэлт хэвэндээ орно

БНХАУ-д экспортолж буй нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилж урт дараалал үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэрийг гаргаад байна. Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар УУХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсэг үүссэн урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийн чиглэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү түр хугацаагаар тээвэрлэлтийг зогсоожээ. Уг асуудалтай холбогдуулан Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх  захирал Б.Ариунболдоос тодруулга авлаа.


- "Тавантолгой"-н нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэрийг Уул уурхайн сайд Д.Сумъябазар гаргаад байна. Ямар хүчин зүйлээс болж уг шийдвэрийг гаргав? 

- Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замд бөглөрөл үүсээд 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Өвлийн ид хүйтэн болж байгаа учраас олон машиныг гадаа удаан хугацаагаар зогсооход хэцүү болоод байна. Хилийн боомтын нэвтрүүлэх чадвар хуучин хэвээр л байгаа. Өдөрт 500-600 машин гарч байна. Дугаарлалт огт буухгүй байна гэсэн үг. Энэ урт дугаарлалтыг бууруулахаар авсан арга хэмжээ нь энэ юм. Тэнд зогсож буй олон жолоочийн эрх ашгийг бодолцох хэрэгтэй. Ингээд эхний ээлжинд ачилтуудаа багасгах шийдвэрийг гаргасан. Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тус ажлын хэсэгт Авто тээврийн удирдах газар, Гаалийн Ерөнхий газар, Сангийн яамнаас мэргэжилтнүүд ороод ажиллаж байгаа.

- Зогсоох шийдвэр хэр удаан үргэлжлэх вэ?

- Ганц модны боомтод үүссэн урт цувааг багастал түр хугацаагаар зогсоож байгаа юм. Эхний ээлжинд Тавантолгойн ордод олборлолт хийж буй Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс компаниуд ачилтаа түр зогсоосон. Энэ цувааны татан авалт дуустал 5-7 хоног болох байх. Хилээр гарч байгаа машинуудад квот өгөх маягаар ачилт хийж урт дугаарлалтгүй байлгах хэрэгтэй. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хэдий богино хугацаанд татан авалт дуусна дараагийн ажил эхэлнэ.

- Ачилт зогссоноор компаниудад алдагдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Уг нь нүүрсээ хилээр гаргаж л байвал ашигтай.Гэхдээ нүүрсээ ачсан байлаа гээд ялгаагүй 7 хоног дугаарлаад л орно. Тэгэхээр дугаарлалгүйгээр 7 хоногийн дараа нэг мөр нүүрсээ ачаад хилээр гаргасан нь ялгаагүй юм. Хамгийн гол нь ачилт хийж буй тээврийн компанидаа үр ашиг нь өндөр байгаа. Энэ талаас нь хараасай гэж хүсч байна. Он гараад Хятадын хил боомтын асуудал хэвийн болбол буцаад хэвэндээ орчихно. Монголын талаас уг асуудлыг яаж цэгцтэй болгох вэ гэдэг ажлыг хийж байна. 

- Хятадын талаас нүүрс тээвэрлүүлэх боомтын тоогоо нэмж өмнөх шигээ болгоно гэж та үзэж байна уу?

- Он гараад хэвийн болно гэж бодож байна. Төрийн зохих түвшиндээ шийдэхээр ярьж байгаа. Сая Гадаад хэргийн сайд Хятадад айлчлаад Ерөнхий сайдын айлчлалын товыг тодорхой болгоод ирсэн шүү дээ. 

- Нүүрсний тээвэрлэлтийг богины хэлбэрт оруулсан. Үүнтэй холбоотойгоор хууль бус асуудлууд үүссэн гэсэн. Тухайлбал, лац зарахаас эхлээд дугаарлалт дайрсан гэх мэт асуудлууд гарсан гэсэн. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Тэнд маш олон машин цугласан учраас цагдаагийнхан ажилласан ч зохицуулахад хүндрэлтэй байгаа. Саяхан Цагдаагийн Ерөнхий газрын тусгай албаныхан очиж лац ломбо зарах, шороон замаар хулгайн тээвэр хийж байгаа гэх мэт асуудлуудыг зохицуулахаар  ажиллаж байна. 

- Тав хоногийн дараа нүүрсний татан авалт дууссаны дараа квотоо шинэчлэх юм байна. Тийм ү?

- Квотоо шинэчлэхгүй. Хилээр гарах нь гурван уурхайн хуучин квотоороо явна. Хуучин квотоороо 45 байх юм.

- Эрдэнэс Тавантолгой компани төлөвлөгөөгөө бууруулж ажилласан гэсэн. Одоогийн байдлаар хэдэн тонн нүүрс гаргаад байна вэ?

- 11 сая тонн нүүрс гаргахаас 8.7 саяыг гаргаад байна. Хамгийн гол нь хилийн нэвтрэлттэй холбоотойгоор нүүрс тээвэрлэх. Биднээс үл хамаарч байгаа. Түүнээс биш бэлдээд гаргачихсан томоохон хэмжээний овоолго байж байна.

- Уртын тээвэрлэлтийг зогсоогоод богины тээвэрлэлт хийхээр Цагаан хадан дээр бас нэг овоолго үүсэх үү?

- Мэдээж тэгнэ. Компаниас нүүрс ачаад Цагаан хадан дээр буулгана. Хил рүү гардаг ам нарийхан хэвээр учраас хуучин тоогоор л гарна. Компаниуд нүүрсээ ойртуулж тавих зорилготой байгаа юм байна лээ. Хэзээ нэгэн цагт хил нээгдэнэ. Тэр үед нь нүүрсээ ахиухан гаргах менежмент хийж байгаа байх. 

- Саяхан машин мах хилээр Хятад руу гаргасан мэдээлэл гарсан. Үүнээс болж нүүрс хилээр гаргах асуудалд хүндрэл үүссэн гэдэг. Энэ үнэн үү?

- Худал мэдээлэл.

Л.Болд: Б.Хурц болон энэ том бүлэглэлийн асуудал явж явж Эрдэнэтийн хувьчлалаас эхлэлтэй

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлаар маргааш нээлттэй сонсгол хийхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр бид Ардчилсан хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн хуулиа мөрдөж монгол хүний ардчилсан үнэт зүйлийг дагаж яваа. Гэтэл өнөөдөр монголын ард түмэн баялагынхаа эзэн нь байх уу үгүй юу гэсэн асуудал бидний өмнө тулгарч байна. Сүүлийн жилүүдэд Б.Хурц хууль эрх зүйн дээд байгууллагыг толгойлж ажиллаж байсан энэ хугацаанд хуулийн байгууллагуудын үйл явц гажуудсан. Энэ гажуудлаас үүдэн нийгэмд иргэдээ барьцаалсан, боймилсон зүйл их болж байна. Нийгэмд хүний эрх зөрчигдөж байна.

Үүний цаана маш том зорилго, маш том бүлэглэлийн эрх ашиг, ирээдүйг харсан том зүйл байгаа. Энэ бүлэглэл Б.Хурц гэдэг хүний томилгоотой холбоотой юм. Тиймээс бид өнөөдөр энэ хүний томилгооны асуудлыг нийгэмд гараад байна. Энэ хууль бус үйл явдлуудыг уудалж  ярих ёстой. Ярих болсон.

Тэгэхгүй бол монголын ард түмний хувь заяа маш бүрхэг болж ирж байна. Үндсэн хууль руу дайралт хийж хумих, ерөнхийлөгчийн эрхийг халах, ард түмэн баялагынхаа эзэн байх ёстой тэр  боломжийг хаахыг оролдож байна. Үүний цаана хууль эрх зүйн тогтолцоо 1990 оноос өмнөх шиг хууль хүчний байгууллага нийгмээ барьсан,  хүний эрхийг боймилсон ийм асуудал руу эргээд орж байна. Энэ бол маш том зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, өөрт ашигтай ирээдүйг харсан бүлэглэлийн томоохон ажил гэдэг нь илэрхий болж байна. Монголын иргэн бүр, магадгүй бизнесмен, зарим нэг улс төрч, албан тушаалтан үүний золиосонд явж байна. Маргааш ирээдүй хойч үе болсон үр хүүхүүдүүд минь энэ золиосонд явна. Ийм том хувь заяаны өмнө бид ирээд байна. Энэ бол тоглоом биш. Үүний цаана юу ч болж болно, хэнийг ч хэлмэгдүүлж болно, хэнийг ч цаазаар авч болно. Энэ бол ард түмний тэмцэл. Бид эрх чөлөөтэй тусгаар тогтносон монгол улсдаа амьдрахгүй юм бол бидэнд энэ амь нас хэрэггүй. Үүний төлөө тэмцэх ёстой. Б.Хурц болон энэ том бүлэглэлийн асуудал нэг хүний асуудал биш. Бид энэ том бүлэглэлийн эсрэг сөрж зогссон тэмцэх болно. Үгээ хэлэх болно, Үнэнийг хэлэх болно. Үүний үр дүнд ард түмэн үндсэн хуулиа хамгаалж чадна. Мөн ард түмэн өөрсдийн баялагаа олж авах, эзэн нь байх болно.

Явж явж энэ бүгд Эрдэнэтийн хувьчлалаас эхлэлтэй. Эрдэнэтийн хувьчлалд зориулж хийгдсэн зүйл. Эрдэнэт бол өнөөдөр монгол улс. Эрдэнэт монголын ард түмнйи олон жил тэжээж ирсэн. Цаашид ч тэжээнэ. Үүний цаана Оюутолгой бусад стратегигийн ордууд монголын ард түмний тэжээх болно. Монголын ард түмнийг дэлхийн тэргүүлэх ард түмэн болгоно. Үүнийг энэ том бүлэглэл хүсэхгүй байна. Тэд ард түмэнд энэ бүхнийг өгөхгүй нь тулд байж болох бүх зүйлийг хийж байна. Үндсэн хуулийг уландаа гишгэж, УИХ-ыг тоглоомон хүүхэлдэй болгож байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын томилгооны асуудлаар “Б.Хурцын томилгооны асуудал бол ганц хүний асуудал биш. Байнгын хорооноос Байнгын хороо луу шилжүүлээд өргөдлийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бол Б.Хурцын асуудлаар шаардлагатай бол нээлттэй сонсгол хийж болно. Гэхдээ 900 хүний саналыг авч байж хийнэ гэсэн Өргөлийн байнгын хорооны журмын дагуу хийж болно. Энэ тийм ч амар биш. Маргаашийн хэлэлцүүлэг, сонсгол нээлттэй болно. Энэ хэлэлцүүлэгт томилгооны сонсгол хийх хүссэн 22 гишүүн сууна. Мөн УИХ-ын бүх гишүүдийг урьсан байгаа" гэсэн юм. 

С.Эрдэнэ: Зарим гишүүд лоббид автсан юм шиг байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Уг хуулийн төслийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Банкиуд баяжаад мөнгө нь зузаараад байдаг. Бизнес эрхлэгчид нь ядуураад байна. Зээл авахдаа барьцаалсан байшин барилга, машин тоног төхөөрөмжөө алдаад дуусч байгаа. Ийм нөхцөл байдалд төрөөс зохицуулалт хийх шаардлага бий болсон. Гэтэл зарим гишүүд лоббинд автсан юм уу яасан юм эсрэг юм яриад байна. Банк санхүүгийн тогтвортой байдал яриад байгаа гишүүд зах зээлийн бизнесийн зарчмын тогтвортой байдлыг бас ярих ёстой. Бизнесийн аюулгүй байдлыг хангах, орчныг сайжруулах талаар төр юу хийж байгаа юм. Төр засгаас юу ч хийхгүй байгаа. Татвар л нэмж байна” гэлээ.

Тэрбээр мөн 2018 оноос долоон төрлийн татвар нэмэгдэх гэж байна. Татварын нэмэгдэл нь аж, ахуй нэгжүүдэд ачаа болно гэж хэлээд цаашид татварыг хөнгөлөх, эдийн засгийн тодорхой урамшуулал дэмжлэгийг нэмэх ёстой. Гэтэл өнөөдрийн Засгийн газар банктайгаа нийлээд иргэдээ дарамталж байна гэсэн юм.

Мөн "Банкны зээлийн хүүгийн дарамтад орж байна шүү дээ. Тиймээс уг хуулийн төслийг хоёр жилийн хугацаанд судалгаа хийж байгаад өргөн барьсан. Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол Улсын төсвийн нийт орлогыг давсан байна. Банкууд хадгаламжийн маш өндөр хүүтэй мөнгийг татаж төвлөрүүлж байна. Арилжааны банкуудыг буруутгаж харж болохгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгөний урсгал түгжигдэж, эдийн засгийн идэвхитэй эргэлтэд орохгүй байна. Энэ нь улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй. Арилжааны банкуудын оны эцсийн ашгийн үр дүнг харахад маш өндөр байгаа юм. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн зээлийн үр дүн их муу байна. Өндөр хүүтэй хадгаламж татсан банкууд эргээд гаргахдаа өндөр хүүтэй зээл гаргаж байна. Одоо жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь байна. 40 гаруй хувийн хүүтэй банк ч байна. банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ 18 хувь байна гээд заагаад өгчихвөл түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт болногэсэн үг. Манай улсаас бусад улс оронд ийм төрлийн хуулийн зохицуулалт бий гэж хэлсэн шүү дээ. Зарим улс оронд зээлийн хүүгийн дээд хэмжээ нь 20 хувь байна гээд заагаад өгчихсөн бол түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үздэг. Уг хуульд зээлийн хүүгийн дээд хэмжээ үндсэндээ 18 хувь, ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хэмжээ 30-35 хувь байхаар тогтоож өгөх санал тусгасан" гэлээ.

Авлига авсан хэрэгт буруутгагдсан Д.Батбаярыг суллажээ

Өнгөрсөн сарын дундуур Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийж, тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг саатуулсан байдаг. Түүний өрөөнөөс 20 сая төгрөг хураан авсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн билээ.Мөн үүнтэй холбоотойгоор тус газрын хэд хэдэн хүнийг шалгасан гэх мэдээлэл бий. Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэрэгт буруутгасан байна. Харин цагдан хорих 461-р ангид хоригдож байсан түүнийг өчигдөр суллажээ.

Бүлэглэн дээрэм үйлддэг таксины жолоочдыг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас бүлэглэж бусдыг дээрэмдэж, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан таксины жолооч нарыг илрүүлж саатуулжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.Жолооч нар баяр ёслолыг далимдуулан шөнийн цэнгээний газраар үйлчлүүлээд гарч ирсэн биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйчүүдийг их найрсгаар угтаж аваад гэрт нь хүргэж өгөх замдаа өөр газарт аваачиж эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар бие махбодид нь халдаж хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байна. 

Тиймээс шинэ жилийн баяраа тэмдэглэсэн иргэд маань найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийг сонгож үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол хүүхдүүд цээж тооллын ДАШТ-ээс 20 алтан цом хүртжээ

Малайзын Куала Лампур хотод болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн амжилттай боллоо.
Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 75 орны 8500 гаруй хүүхдүүд оролцжээ. Тэмцээнд Монголоос “ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх Соробан сампингийн сургалтын төвийн 5-14 насны шилдэг хүүхдүүд оролцжээ. Сампинчин хүүхдүүд Гранд чемпион 1, чемпион 2, алтан цом 20, мөнгөн цом 33, хүрэл цом 20 хүүхэд хүртсэн байна.

Маргааш Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн асуудлаар чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд "Маргааш 15 цагийн Засгийн газрын мэдээллийн цагийн үеэр Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн асуудлаар чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ" гэлээ. 

Таван настай охиныг хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

Өнгөрсөн аравдугаар сард 5 настай охиноо хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна. Тус шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).  Энэ дагуу Э.Ванданваанчигт 18 жилийн хорих ял оноосон байна. 

Засгийн газрын хуралдаанаар С.Баярыг элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэр гаргажээ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны долдугаар сарын 22-нд гаргаж байсан юм. Тэгвэл өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар уг хүсэлтийг хүлээн авч С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ.  Одоо асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр УИХ-аас шийдвэрлэвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж эгүүлэн татах хуулийн заалттай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Энэ новшийг өөрийн хүсэлтээр чөлөөлөөд байхдаа яадгийм. Аль дээр л хусаад хаячих ёстой байсан шүү дээ т. Эрх барьж буй энэ хэдэн халтар гөлөгнүүд алив ажил албыг бантагнуулж орхих юмаа
2017/12/14 66.181.160.51