Өнөөдөр Төрийн ордонд БНСУ-ын элчин сайдаар томилогдохоор зэхэж буй Б.Хурцын асуудлаар хоёр газар хуралдлаа. Тодруулбал, Б.Хурцыг тус албан тушаалд томилогдохыг эсэргүүцэж, УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ үйл явдалтай давхцаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Б.Хурцын томилгоотой холбоотой асуудлыг УИХ хаалттай хэлэлцэж, гишүүдийн 90 гаруй хувийн саналаар БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн байна.