8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарч, Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн өдөр

2017-12-15 18:40:00

Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Та энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд  хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх  тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

"Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл"

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл болон С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж ял авсан Ц.Амгаланбаатарын Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарын ар гэрийн төлөөлөл оролцож байна. Мөн УИХ-ын зарим гишүүд оролцож байна. 

 С. Зоригийн хэрэгтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Ц.Амгаланбаатарын Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарын гэр бүлийн төлөөлөл үг хэллээ.  С. Зоригийн амь насаа алдсан 1998 оны аравдугаар сарын 02-ны  өдөр одоогийн яллагдагч гурав юу хийж байсан бэ? Гэж ар гэрийнхнээс асуулаа. 

Ар гэрийнхэн уг асуултанд хариулт өглөө.
1.Ц.Амгаланбаатар 16 нас хүрээгүй. Эрдэнэтэд морь унаад л давхиж явдаг хүүхэд байсан. Хот орж огт үзээгүй. 
2. Т.Содномдаржаа аав ээжтэйгээ хар тарлан үнээ маллаж байсан учир цаг наргүй ажил ихтэй байсан. Хот орж ирж ч үзээгүй.
3. Т.Чимгээ 28 настай. 3 хүүхэдтэй байсан. Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажиллаж байгаад Дорноговьд эмээгээ асрахаар очсон байсан. 3 хүүхэд нь Дорноговийн сургуульд сурч байсан ангийн журналыг нь баримт болгон өгсөн. Өмгөөлөгчид маань хэргийн талаар юм ярьж болохгүй гэж Тагнуулын байгууллага гарын үсэг зуруулсан гээд бидэнд юу ч хэлдэггүй хэмээн хэллээ.

Үүний дараа  Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл  " 2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж авчирсан. Тэргэнцэрт суулгасан, кофейгоор дайлсан, тариа хийсэн ч гэж ярьдаг. Тэрийг нь би ямар нүдээрээ үзсэн биш. Гэхдээ байж болзошгүй. Д.Энхбат агсныг хоёр, гурван улсын хил дамнуулж хулгайлсан нь үнэн. Үе үеийн шоронд байсан хүмүүс бүгд үүнийг мэднэ. Тийм учраас Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм. Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл. Хорих хөнөөх, хүний амь насыг үрэх, хулгайлах, шийтгэх, яллах эрхийг Б.Хурцад хэн өгснийг өөрөө тайлбарлаж байж дараагийн албандаа томилогдох ёстой. Алуурчинг өмөөрч хаалттай хурал хийж байгаа УИХ-ын гишүүдийн нэрийг ч нээлттэй зарлах хэрэгтэй" гэлээ. 

Ц.Нямдорж: Ийм томилгоо хийсэндээ та нар удахгүй ичих болно

Б.Хурцыг БНСУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар  томилохыг УИХ хаалттай хэлэлцэж, гишүүдийн 90 гаруй хувийн саналаар БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Ихэнхи гишүүд дэмжсэн ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Батнасан нар Б.Хурцыг элчин сайдаар томилох асууудлыг хүч түрэн шийдсэн гэж үзэж буйгаа илэрхийллээ. Б.Хурцыг БНСУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар  томилсонтой холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц. Нямдоржоос тодрууллаа. 

ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж "Би энэ томилгоог эрс эсэргүүцэж байгаа. Миний байр суурь тодорхой байгаа. Б.Хурцтай холбоотой яригдаад байгаа бүх зүйлүүд бүгд хуулийн байгууллагаар шалгагдана. Би УИХ-ын чуулганы хуралдаанд "Ийм томилгоо хийсэнийхээ төлөөр та нар  ичих болно" гэж хэлчихээд гараад ирсэн.Энийг хүлцэнгүй Их хурлын дарга М.Энхболдоос очиж асуу" хэмээн хэллээ. 

Ц.ДАВААСҮРЭН:  ХҮЧ ТҮРЭЭД Л АСУУДЛЫГ ШИЙДЧИХЛЭЭ

2017-12-15 13:00

Б.Хурцыг БНСУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар  томилсонтой холбогдуулан  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нээлттэй хэлэлцүүлгийг хийсэний дараа энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Батнасан бид нар танилцуулсан. Хүч түрээд л асуудлыг шийдчихлээ. С.Зоригийн хэргийг асуудлыг эхлээд тодорхой болгох ёстой. Зарим гишүүдтэй холбоотой ч асуудал хөндөгдсөн. Эхлээд Тусгай хяналтын дэд хороогоор ярих ёстой.  Өнөөдрөөс эхлээд бие биенээ гүтгэсэн гэсэн юм л яригдаж эхэлнэ" хэмээн хэллээ. 

Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдар тусчээ

Монголын их яруу найрагч, Хөдөлмөрийн баатар  Бавуугийн Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдартай гэсэн онош гарчээ. Эдүгээ 73 настай эрхэм Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 сая гаруй төгрөг хэрэгтэй болсон аж. Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна.

Энэ талаар сэтгүүлч Болдко цахим хуудастаа, “Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад шинжилгээ өгч явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу. “73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа ууландаа л нэг очоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм” гээд санаа алдаж сууна. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. “Хадгалсан юм байх биш. 1 сарын 10 нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе” гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна. Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив” хэмээн бичжээ.

 ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

Өнөөдөр Төрийн ордонд  БНСУ-ын элчин сайдаар томилогдохоор зэхэж буй Б.Хурцын асуудлаар хоёр газар хуралдлаа. Тодруулбал, Б.Хурцыг  тус албан тушаалд томилогдохыг эсэргүүцэж, УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ үйл явдалтай давхцаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох  эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Б.Хурцын томилгоотой холбоотой асуудлыг УИХ хаалттай хэлэлцэж, гишүүдийн 90 гаруй хувийн саналаар БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн байна. 

Бичлэг: "Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан"

Долоо хоногийн өмнө  Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан хар тамхи, хүчингийн хэргийн талаар нэлээд ноцтой мэдээлэл дэлгэжээ. Тэрбээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан байна. Түүний хэлсэн мэдээллээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголыг баячуудын хүүхдүүд хэрхэн архидаж, шоуддаг, хар тамхи хэрэглэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй ярьжээ. Хоёр жилийн өмнө энэ охин 16 насныхаа төрсөн өдрөө “Blue Sky”-д  тэмдэглэсний дараа кино үзэх гэж байгаад болиод Удирдлагын академийн ойролцоох М гэх найз охиныхоо гэрт баяраа үргэлжлүүлэхээр очжээ. Ингэхдээ ээжийнхээ зөвшөөрлөөр архи согтууруулах ундааг авч оржээ. Хамт явсан найз нөхөд нь түүний ууж байсан архинд хар тамхи, мансууруулах бодис  хийж мансууруулж байгаад хүчиндсэн гэнэ. Мөн үүнээс гадна  2015 онд түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ч ярилаа. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон байна.

"Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж нойрны эм уусан. Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой" хэмээн тус охин ярьсан байна. 

Сураггүй алга болсон малчин гурав хоногийн дараа олджээ

Булган аймгийн Рашаант сумын “Хөгнө хан” багийн Их Аргал гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 40 км-т Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант багийн харьяат иргэн 21 настай, эрэгтэй Д энэ сарын 10-ны өдөр мотоциклтой адуу тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 20.25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Алга болсон иргэн Д өчигдөр 11.30 цагт Рашаант сумын төвд эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Малчид болон хөдөө орон нутаг руу явах иргэд цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээг сайтар сонсч, эрсдэлтэй нөхцөлд замд гарахгүй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.  

Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа

Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent”-д амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн бичжээ.

Ховд голын мөсний зузаан 29 см байна

Ховд аймгийн нийт нутгаар энэ өвөл хүйтний эрч сул байгаа учир нуур, томоохон голуудын мөс гүн хөдөөгүй байгаа учир аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.

Энэ  оны 12‑р сарын 11‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 29 см, Долоон нуурын голын мөсний зузаан 30 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 25 см, Булган, Чоно‑Харайх, Төгрөг зэрэг голууд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.

Цаашид гол мөрний мөс зузаарах боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжих болоогүй байгаа тул мөсөн дээгүүр явган явахгүйбайх, тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zorig
Hurts ene ajlaas uuruu tatgalzah heregtei gar hul urttai aligarhiyd solongost bgaa mongolchuudad mungu ugch jagsaal hiilgeed buun mongolchuud bid buun nudnii bulai bolno biz dee.
2017/12/16 202.9.44.65
Зочин
Чи чадна.Улам их өндөрт дүүлэн том жмжилтанд хүрнэ
2017/12/16 182.160.36.80
Зочин
Шижирбаатарт баяр хүргэе.Шантралгүй улам дээшээ эрч хүчтэй яваарай
2017/12/16 182.160.36.80
зочин
Хурцыг тушаал сайн гүйцэтгэдэг монгол улсын мэрэгжлийн тагнуулч гэж ойлгосон.Харин 20 жил хуулийн байгууллагыг удирдчаад шүүх ялзарсан гээд байгаа Нямдорж ажлаа хийж чадсан болов уу
2017/12/16 122.201.31.176
zochin
hurts hurts arai ch de. no.toi hvn mash olon yum bn huurhiis. deer n alban tushaaliig ailgah chigleleer ashiglaj boldog yumu. hench yuch gj chdahgui. enhbold ch uuriin tolgoigui yum shg bn
2017/12/16 150.129.141.73
Сониуч
26 хүн чинь яахлаараа 76 хүний 90 хувь болдог юм бэ? Ийм ирцтэй асуудал шийддэг УИХ гэж хаана байдаг юм бол?
2017/12/16 135.23.229.57
Олдох
Энэ их баян л хүн юм байна лээ яах гэж элчин сайд болох гэж ЗҮТГЭЭД бгааг НЬ ОЙЛГОХГҮЙ ЮМ ЭЛЧИН САЙД ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВДАГ ЮМ БЭ ГЭВЧ???????₮₮₮₮$$
2017/12/16 103.229.121.177