8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ОУВС Монголд 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болж,  Төрийн албан хаагчдын 300 мянган төгрөгийг шилжүүлсэн өдөр

2017-12-18 18:40:00

“Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

С.Эрдэнэ: Тогтоосон хэмжээнээс илүү хүүтэй зээл олгосон бол мөнгө хүүлсэн ангилал руу оруулж хариуцлага тооцно

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Арилжааны банкны хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг боловсруулж байна. Тэрбээр жилийн 36 хувийн хүүтэй банкны хүүг 16 хувь хүртэл,  60 гаруй хувийн хүүтэй Банк бус санхүүгийн байгууллагын хүүг 30 хувь болгож бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Ингээд уг хуулийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

Банк өнөөдөр иргэдээ хайрлахгүй бол банкиудыг хайрлах шаардлага байна уу

- Таны санаачилж буй уг хуулийн төсөлд яг ямар зээлүүд хамаарах юм бэ? Тухайлбал, Ипотекийн зээл хамрагдах уу?

- Банкны зээлийн хүүгийн хувь хэмжээг төрөөс зохицуулах зайлшгүй бодит шаардлага бий болсон. Зээлийн хүүгийн хувь хэмжээ зах зээлийн зарчим буюу эрэлт, нийлүүлтээрээ зохицуулагдаад ирэх байх гэж өнөөдрийг хүртэл харсан. 28 жил өнгөрөхөд эрэл, нийлүүлэлтээрээ зохицуулагдсангүй. Харин ч эсрэгээрээ энэ хугацаанд нэг хэсэг нь баяжсан бол зарим нь үгээгүй ядуурлаа. Энэ шударга бус харилцааг төрөөс зохицуулахаас өөр аргагүй юм. Зарим хүмүүс “Банк санхүүгийн салбар нь ганц тогтвортой салбар. Энэ салбараар хамаагүй оролдож болохгүй” гэж ярьж байна. Яг л энэ шалтгаанаар 28 жил боллоо. Энэ салбар маань хөл дээрээ тогтвортой зогсож бэхжиг бусад зүйл нь  эрэлт, нийлүүлэлтээрээ зохицуулагдах байх гэж харж ирлээ. Банкны зээл олголтын процесс, зээлийн хүүгийн хувь хэмжээ нь тодорхой тохирсон түвшиндээ хүрчих болов уу гэж горьдож 28 жил боллоо. Гэтэл өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээрээ бүр даварлаа. Монголд хэмжээлшгүй эрхтэй байгууллага банк санхүүгийн байгууллага болж хувирчихаад байна. Дураараа хүүгээ тогтоодог, нэмэлт хураамжууд авч байдаг. Тэдэнд хэрэглэгчдээ хайрлах сэтгэл огт алга. Учир нь монопол байдлыг бий болгочихож. Гадны банк байхгүй, дотооддоо өрсөлдөөнгүй болохоор ийм давуу эрхтэй болж байна. Үйл ажиллагаа явуулж буй банкууд нь зах зээлээ хуваагаад авчихсан болохоор монополдоод байна. Монопол байдлыг халахгүйгээр эдийн засаг хөгжихгүй. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн асуудал тусдаа хуулиар зохицуулагдах ёстой. 

-  Ипотекийн зээл үүнд хамаарагдахгүй юм байна гэж ойлгож болох уу?

- Тусдаа хуулиар зохицуулагдах ёстой юм. Өнөөдөр ипотекийн зээлийн хувь хэмжээ 8 хувь. Харамсалтай нь өнөөдөр банкиуд зээлийн хүүг нь урьдчилж аваад үндсэн зээлийг нь төлүүлдэггүй. Хүүг нь эхэлж авдаг. Гэтэл иргэд урт хугацаандаа үндсэн зээлээ хурдан төлж дуусгаад зээлээ хаамаар байна. Гэтэл зориуд зээлийг нь бариад түүнээс нь хүү тооцоод аваад байдаг. Энэ бол бас л банкны буруу. Энэ мэт зохицуулах шаардлагатай асуудал бий. Банк өнөөдөр иргэдээ хайрлахгүй бол банкиудыг хайрлах шаардлага байна уу? Адилхан л зохицуулалт хийх ёстой. Монголын төр байдаг бол хамгийн эхэнд иргэдээ бодох хэрэгтэй. Монгол хүн монголынхоо иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй юм бол өөр юуг тавих юм. Энэ үүднээс уг асуудлыг хөндсөн юм.

- Банкиуд зээлийг хүүг урьдчилж авдагийг санаачилж буй хуулиараа зохицуулах уу?

- Ер нь бол зээлийн хүүгийн хувь хэмжээг тогтоож байгаа. Мөн өөрийн тань хэлээд буй асуудлыг зохицуулахыг оролдоно.

- Банкиуд их олон төрлийн хураамжийг иргэдээс авдаг. Энэ асуудлыг уг хуулиар зохицуулах уу?

- Уг асуудлыг тусгасан. Янз бүрийн бичиг баримтыг нотариатаар батлуулах мөн олон төрлийн мөнгийг хувь хэлбэрээр татдаг асуудлыг уг хуулиар зохицуулна. Ер нь бол энэ гадны аль ч  улс оронд байдаггүй асуудал. Би зорилгоо хэлье. Энэ хуулийн гол зорилго нь аль нэг банкны үйл ажиллагааг хязгаарлах биш юм. Монгол хүний эрх ашгийг дээдэлж, хамгаалах зорилгоор л уг хуулийг санаачилж байгаа юм. Уг нь банкиуд харилцагчдаа хүндэлж дээд зэргийн соёлтой үйлчилгээ үзүүлдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр банк харилцагчдаа дээд зэргээр залхааж байна.

- Тэгээд энэ бүх хүнд суртлыг хуулиар зохицуулаад “боль” гээд хориглочихоор шууд зохицуулагдана гэж та үзэж байгаа юу?

- Шууд боль гэхгүй. Хадгаламжийн хүүг нь бууруулаад зээлийн хүүгийн дээд хязгаарыг нь тогтоож өгнө. Тогтоосон хэмжээнээс илүү хүүтэй зээл олгосон бол мөнгө хүүлсэн гэдэг ангилал руу оруулж хариуцлага тооцох гэх мэт ажиллагаа руу явах ёстой. 1954 онд Япон улсад зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тогтоож өгсөн. Түүнээс илүү хүүгээр зээл олговол мөнгө хүүлэлт гэж үздэг болсон. Америкт гэхэд л мужуудад нь зээлийн өөр, өөр хүүгийн хэмжээ мөрдөгддөг жишээний. Ер нь дэлхийн аль ч оронд манайх шиг өндөр хүүтэй зээл олгодог орон байхгүй. Зээлийг хүүг урьдчилж авсан мөн хүнд суртал гаргах зэргийг хуулиар хориглоод өгөх ёстой. Харин харилцааны хувьд банкиуд харилцагчтайгаа аятайхан харьцаад хүнээ татна уу, байна уу тэдний л асуудал шүү дээ.

- Нэгэн иргэн дөрвөн жилийн хугацаатай зээл авчээ. Тэр иргэн хоёр жил зээлээ төлсөн бөгөөд зээлээ хаахад дахин хоёр жил үлдсэн байна. Тэгвэл тэр иргэний үлдсэн хоёр зээлийн хүү энэ хуулинд хамрагдаж буурах уу?

- Хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Үлдсэн хоёр жилийн хүү чинь шинээр батлагдсан хуулийн зээлийн хүүгийн хязгаарт багтаж буух ёстой. 

- Тогтоосон хэмжээнээс илүү зээлийн хүү авбал мөнгө хүүлэлт хийсэн хэмээн хариуцлага тооцно гэлээ. Ер нь гадуур маш өндөр хүүтэйгээр мөнгө хүүлдэг хүмүүс олон. Энэ асуудлыг зохицуулах боломж бий юу?

- Энэ бол иргэний хуулиар зохицуулагдах асуудал. Иргэд хоорондын харилцааны асуудал шүү дээ. Нэг талдаа хэт хариуцлагагүйн асуудал. Нөгөө талдаа бас л эрх зүйн зохицуулалт муу байгаатай холбоотой. Тухайлбал, ломбард, хувиараа мөнгө зээлдэгч нарт бас л эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх шаардлага байна. Тэгэхгүй бол өдрийн зээлээс эхлээд жижиг ломбардууд гэх мэт иргэдийг шулж байгаа маш олон санхүүгийн үйл ажиллагаа явагдаж байна. Тэр бүхний ард тодорхой мөнгөтэй хүмүүс болон банкиуд байгаа юм. Банк санхүүгийн байгууллагуудын охин компанитай байх өөр төрлийн үйлчилгээ эрхэлдэг асуудлыг хуулиар хязгаарлах ёстой. Банкиуд өөрсдөө обьект худалдаж аван охин компани байгуулж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болоод байна. Том хөрөнгөтэй банктай бусад жижиг компаниуд яаж өрсөлдөх юм, ямар ч боломжгүй шүү дээ.

-Эдийн засгийн хямралын үед Монгол банкны хар дансад орж дахин зээл авах эрхгүй болсон олон хүн байна. Тэр хүмүүст дахин боломж олгох бололцоотой гэж та харж байгаа юу?

-Хуулийн зохицуулалтаар нэг удаа боломж олгож болно шүү дээ. Ер нь хар данс гэх зүйлд оруулах нь хууль бус үйлдэл. Зээлээ төлж чадаагүй хүмүүсийг өр зээлтэй гэдэг ангилалд оруулаад дахин зээл өгөх боломжийг нь хааж буй нь хууль бус. Банк өөрөө ийм эрсдэл нөхцлийг бий болгочихоод эргээд харилцагчдаа хүнд байдалд оруулж болохгүй. 

Энэ хууль батлагдах сургаар эсэргүүцэл их гарч ирж байх шиг байна. Таньд ямар нэгэн рекаци ирж байгаа юу?

С.Эрдэнэ ээ гэдэг хүнд ганц өөртөө зориулж энэ хуулийг батлаагүй. Банкны зээлэнд сөхөрч байгаа мянга мянган иргэн, аж ахуй нэгжийн төлөө энэ хуулийг боловсруулж байгаа. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэгийг бодох байх. Уг хуулийг боловсруулах хүрээнд хоёр ч удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дахин нэг удаа өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахыг бодож байгаа. Би бол эхний ээлжинд боломжтой хүүг 18 хувь болгоё гэж тооцож байгаа. Тэгээд түүнээс цааш дахин буурах боломжтой.  

Д.Ганхуяг: Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна

Нэлээд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номундарь "Urelee Bayaraa" фэйсбүүк хаягаар дамжуулан бичлэг хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Сайд, УИХ-ын гишүүн асан, "Бридж" группийн ерөнхийлөгч Д.Ганхуягийн охин Г.Номундарь уг бичлэгээрээ УИХ-ын гишүүд болон Монголын толгой компаниуд болон томоохон бизнесменүүдийн хүүхдүүдийн  хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдээллийг ил болгоод байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хэрэгт нэр холбогдсон зарим залуусын нэр ил болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг өөрийн твиттер хуудаснаа арванхоёрдугаар сарын 11-ний 24.00 цаг орчимд "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" хэмээн жиргэсэн байсан.  Мөн УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг уг асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгөөд байна. Түүний ярилцлагаас ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна.

  1.  Охин маань эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн талаар өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн LIVE-аас мэдлээ.2015 онд болсон хэрэг юм байна.
  2. Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. 
  3. Энийг хоёр жилийн хугацаанд ээж, аавдаа хэлэхгүй нуугаад явж.
  4.   Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад энэ бичлэгийг хийсэн юм билээ.
  5.    Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан.
  6.    Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн.
  7.  Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна
  8. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ.
  9.  Сая тэр бичлэгийг үзсэний дараа бид хуулийн байгууллагад хандсан.
  10. Бас нэг охин хүчиндүүлсэн гээд байгаа нь манай хамаатны хүүхэд.
  11. Одоо янз, янзын утаснаас их залгаж байгаа.Тэр болгоныг авахгүй байгаа.
  12.  Би бол үнэнийг тогтоотол эцсээ хүртэл явна.
  13. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд  болон охин үрийнхээ төлөө анхаарч бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна.
  14. Сайхан ээж аавын буянд би Японд суралцсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг.
  15. Зовлон хүнийг ялгах биш дээ.
  16. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон.
  17. Ийм юм бүү давтагдаасай гэж хэлэмээр байна.
  18. Охиноо нэг удаа оройтоод ороод ирэхээр нь өөрийнх нь ноосон өмдөөр ороолгоод авсан. “Чи ээж аавыгаа ингэж зовоож болохгүй. Дараа ингэвэл өмдний тэлээгээр ороолгоно шүү” гэж хэлсэн. Орчин үеийн хүүхдүүд чинь загнаж зэмлэхээр цагдаа дуудчихаж байна.
  19. Хэрэг үйлдсэн хүмүүс өөрийгөө буруутай гэж хэлэх ховор юм шиг байна шүү.
  20.   Хэний ч хүүхэд ийм хэрэг хийлээ гэхэд өрөвдөж, өөгшүүлж болохгүй.
  21. Би үнэн мөнийг олно л гэж хэлнэ.
  22. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримт байгаа.
  23.   Тэднийг уучлалт гуйгаасай гэж хүсч байна.
  24.   Анх энийг сонсоод үнэхээр шоконд орсон.
  25. . Охины бие тааруу сэтгэл нь их хямарсан тул охиноо л их анхаарал хандууллаа.
  26. Бидний зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй.
  27. Тэсэхээ байгаад ямар нэг зүйлийг хэлье гээд л жиргэсэн. Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа.
  28. Алкоголгүй вино уухыг ээж нь зөвшөөрсөн гэсэн.
  29. Ухаант хүмүүс минь анхаарч холбоогүй, хамааралгүй хүмүүсийг хохироохгүй байхыг олон түмэнд анхааруулж байна.
  30. Миний охиныг, манай гэр бүлийг дэмжиж байгаа та бүхэнл талархаж байгаагаа илэрхийлж байна.

Ингэснээр улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулна. Санхүүжилтийг Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлжээ. Эдгээр хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан  өгөх аж. 

Төрийн албан хаагчдын 300 мянган төгрөгийг шилжүүллээ

 

Энэ оны улсын төсвийг тодотгохдоо нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн, багш нарт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох зардлыг суулгасан. Тэгвэл тус мөнгийг энэ сард багтаан шилжүүлэхээр болжээ. 

Ингэснээр улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулна. Санхүүжилтийг Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлжээ. Эдгээр хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан  өгөх аж. 

Шүүхээс Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй гэв 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс иргэн Г.Номуундарийн бичлэгт дурдсан шүүх хурлын талаар албан ёсны мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг мэдэгдсэн байна. 
Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэсэн байна. 

МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг эрэн сурвалжилж байна

МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг бусдын эд хөрөнгө буюу 33 сая төгрөгийн үнэ бүхий машиныг залилсан гэж үзэж байгаа аж. 

Тиймээс түүнийг хуулийн байгууллагаас эрэн суралжилж таньж мэддэг хүмүүсийг нь холбоо барихыг хүсчээ. П.Ангарагийн хувьд МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар бүртгэлээ 

Өнөөдөр Улсын дээд шүүх МАН-ын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөр болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв. 

Зүүнхараад шүлхийгээр өвчилсөн 1400 үхрийг устгалд оруулжээ 

Сэлэнгэ Мандал сум буюу Зүүнхараагийн төвийн гурван хороонд малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус суманд арваннэгдүгээр сарын 16-аас эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон. Мандал сумаас автомашин, галт тэрэгний орох гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан хэвээр байна.

Тодруулбал, Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлд зорчиж буй галт тэрэг Зүүнхараад зогсохгүй болжээ. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар-Зүүнхараагийн чиглэлд тусгай галт тэрэг зорчуулж байгаа бөгөөд энэ талаар албаны хүн дараах мэдээллийг өглөө. 

Арваннэгдүгээр сарын 16-нд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1400-гаад үхрийг устгалд оруулжээ. Сумын хэмжээнд буюу шүлхий гарсан бүсэд нийт 3200 үхэр байгаа аж. 

ОУВС Монголд 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ  

ОУВС-ын захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээг баталгаажуулан Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.  Монгол Улс уг санхүүжилтыг авснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авч байгаа юм.  Мөн зөвлөлөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тооцоолсон түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх зорилтуудаа биелүүлснийг онцолжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment