У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдаад хоёр сар өнгөрч байна. Энэ хугацаанд У.Хүрэлсүх Засгаа унагаж өөрөө оронд нь Ерөнхий сайд болсон учраас олны хэл амнаас болгоомжилсон уу ямартай ч албан тушаалаа аваад л халаа, сэлгээний ажил руу ханцуй шамлаж ороогүй. Өөрөө ч “Өвлийн хүйтэнд сандал, ширээ зөөхгүй. Халаа, сэлгээ хийхгүй” гэж мэдэгдсэн.
Тэгвэл тэрбээр хэлсэн, ярьснаасаа буцаж өнгөрсөн долоо хоногоос яам, агентлагийг хөдөлгөөнд оруулж эхлэв. Бүр тодруулбал, яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг “явуулах”-аас халаа, сэлгээний ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нь гадаадад суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж мэдэгдэж байгаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж мэдэгдэж байгаа ч тэднийг ажлаа өгөхийг “шахсан” байх магадлалтай гэсэн мэдээлэл бий. Ж.Болормаагийн хувьд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаад гурван сарын өмнө Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байсан юм.
Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр цаашид ч өөр яамдын төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлж магадгүй аж. Ингэхдээ танил технологи буюу эвтэйхэн зайлуулах аргыг хэрэглэж магадгүй. Удахгүй бусад яамдын төрийн нарийн бичгийн дарга нар албан тушаалаасаа өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл гайхах зүйлгүй, тэд танил технологи хэрэглэж байна.
Төрийн нарийн бичгийн дарга нарын халаа, сэлгээ агентлагууд болон бусад байгууллагаар үргэлжлэх сурагч байна.
Ямартай ч Ерөнхий сайд хэлсэндээ хүрсэнгүй халаа сэлгээ хийж хар өвлийн хүйтнээр сандал, ширээ зөөлгөв.
Үүнээс үзвэл Ерөнхий сайд олны хэл ам сулрахыг л хүлээж байсан бололтой. Олон нийтийн анхаарал баярын уур амьсгалд дарагдсан энэ өдрүүдэд халаа, сэлгээг явуулах нь түүний тактик байж мэдэх юм. Ерөөс ялсан бүлэглэл өөрийн хүнийг эрх мэдэл, албан тушаалд томилдог уламжлагдсан дүрмийг ямар ч шударга сайд зөрчиж чадахгүй нь үнэн бөгөөд танигдсан дүр юм. Үүнийг У.Хүрэлсүх тойрч биш дайрч гарах нь тодорхой байна.
Т.Хулан