8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Энхболдбаатар: Манай улсын хувьд биткойнд тавих ямар ч хяналт, зохицуулалт байхгүй

2017-12-20 09:40:00

Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхболдбаатартай  ярилцлаа. 

-Сүүлийн иргэд цахим мөнгө буюу биткойныг ихээр олборлох болж. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Биткойн гэдэг нь цахим мөнгө. Энэ нь blockchain технологит тулгуурлан олборлодог. Дэлхий дээр одоогийн байдлаар нийтдээ 21 сая гаруй биткойн олборлох боломжтой. Үүнээс одоогийн байдлаар 16 сая гаруй биткойн олборлогдсон гэж үздэг. Бутархай болон бүхэл биткойн хаана хаана арилжаа, гүйлгээнд орж байгаа талаарх мэдээлэл биткойнтой холбоотой комьпютерт бүртгэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл нэг данснаас гарсан нэг биткойны зарлага, нөгөө дансад орсон нэг биткойны орлого орсон энэ үйлдлийг биткойнтой холбоотой бүх компьютерт холбогдож байна. Үүнийг blockchain гэж нэрлэж байгаа юм. Энэ нь цаанаа тусгай алгоритимтай. Энэ алгеритимыг тусгай аргаар бодож байж биткойн олборлоно. Манай улсад сүүлийн жилүүдэд цахим мөнгө буюу биткойн олборлох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

-Нийтдээ 21 сая гаруй биткойн олбордогдох боломжтой. Хэмжээ нь энэ гэж байна. Тэгэхээр дахин биткойн олборлох боломжгүй гэсэн үг үү?

-21 сая биткойн олборлоод хэмжээ нь дуусна. Нэг үгээр хэлбэл олборлох биткойн хэмжээтэй гэсэн үг. Гэхдээ ахиж олборлох боломжгүй. Яагаад гэвэл өгсөн өгөгдөл нь ийм хэмжээтэй. Энэ 21 сая гаруй биткойн нь онлайн зах зээлд арилжигдаж, эргэлдэнэ гэсэн үг. Биткойныг анх Японоос үүсэл, гаралтай гэдэг. Сато хироши гэдэг хүн 2009 онд анх биткойн олборлож гаргасан гэж үздэг.

-Яг өнөөдрийн байдлаар хэчнээн хүн биткойн олборлож байгаа тоо, судалгаа бий юу?  

-Байхгүй. Энэ төрлийн судалгаа мэдээлэл өнөөдөр манай улсад төдийгүй олон улсад хийгдээгүй. Харин зарим нэг улс орны санхүүгийн агентлагт судалж байгаа. 

-Манай улсад биткойны үйл ажиллагаа зохицуулах зохицуулалт бий юу.  Ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

-Манай улс өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр шинээр батлагдсан. Энэ хууль ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд “Цахим мөнгө нь Монгол Усын мөнгөн тэмдэгттэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус гүйлгээг цахим мөнгө гэнэ” гэж заасан байгаа.  

Тиймээс үүнд төр болон манай Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс зохицуулалт хийх ямар ч боломж байхгүй.  Харин Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.

-Олон улсад биткойныг хэрхэн хүлээж авч байна вэ. Янз бүрийн байр сууринаас хүлээж авч байгаа харагддаг?

-Ихэнх улсууд биткойн болон бусад криптовалютыг хэрэглэхийг хууль бус гэж үзэхгүй байгаа ч криптовалютыг валют гэж үзэх тал дээр янз бүрийн байр суурьтай байна. Хөгжиж буй эдийн засагтай улсуудын хувьд цахим мөнгийг хэрэглэх тал дээр бүрэн дэмжсэн эсвэл үгүйсгэсэн байр суурьтай байгаа. Харин барууны ихэнх улсууд болон Азийн орнуудаас Япон, Сингапур улсууд эдийн засгийн инновацийг дэмжих замаар бусад улсаас илүү уян хатан хандаж байна. Жишээ нь Япон улс биткойнд эерэгээр ханддаг. 2014 онд Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагаас өөрийн улсыг биткойны аливаа үйлчилгээг явуулахад хамгийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан. Мөн 2017 онд Япон улсын Засгийн газраас цахим валютыг албан ёсоор төлбөрийн хэрэгсэл гэж үзэхээр болсноо мэдэгдсэн.  Орос улс  2017 оны 9 дүгээр сард ОХУ-ын зохицуулагч байгууллагууд ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Биткойн болон бусад төрлийн криптовалютууд албан ёсоор зохицуулагдаж байгаагаа мэдэгдсэн байна. Сангийн яам болон төв банк криптовалютыг зохицуулах хуулийн төсөл дээр ажил эхэлсэн ба энэхүү хууль нь криптовалют арилжаалах бирж болон олборлогчдийг зохицуулсан байх болно гэж мэдэгджээ.АНУ-ын Эрдэнэсийн сангаас биткойныг хөрвөх чадвартай цахим валют хэмээх ангилалд оруулсан байдаг. Муж болгон биткойны талаар янз бүрийн байр суурьтай бөгөөд цахим валютийг хуульчлах, зохицуулалт хийх, болзошгүй гэмт хэргээс сэргийлэх тал дээр ажилласаар байна. 2017 оны байдлаар АНУ-ын 13 муж блокчейн технологи болон криптовалютийг нарийвчлан судалж, журам боловсруулсан байна. Энэхүү журам нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор криптовалют арилжаалж байгаа платформуудыг зохицуулах юм.  Саяхан 9 дүгээр сард Хятадулс биткойн болон бусад криптовалютын ICO гаргах, худалдах, худалдан авалт хийх, олборлохыг хориглосон шйдвэр гаргасан.

-Нэг биткойны үнэ ханш анх гарч ирж байсан үеэсээ хэд дахин нэмэгдсэн.  Үүнийхээ хэрээр валютын ханшийг зохиомлоор өсгөх сөрөг талтай гэх зүйл яригдаж эхэллээ?

-Өнөөдрийн ханшаар нэг биткойн 15 мянган ам.доллар байна. Гэтэл биткойны ханш унавал хэнд ч хандах боломжгүй болно. Биткойны үнэ ханш маш өссөлттэй байгаа. Энэ хэрээр валютын ханшийг зохиомлоор өсгөх сөрөг талтай байхыг үгүйсгэхгүй.  Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа.  Мөн дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа.  Хэрэв та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment